#BOOKTELLER: Г.Аюурзанын ”Илбэ зэрэглээ” романаас онцлох эшлэлүүд

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

Зохиолч, яруу найрагч Г.Аюурзана 1970 онд Баянхонгор аймгийн төвд төрсөн. 1988-1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж төгссөн. 2007 онд АНУ-ын Айовагийн их сургуулийн Олон улсын уран зохиолын хөтөлбөрт хамрагджээ. 

“Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “сэтгэл рүү шагайгч Түүнд” зэрэг яруу найргийн номууд, "Бясалгал" шилмэл шүлгийн түүвэр, “Дурлалгүй ертөнцийн блюз”, “Амь тавьж буй шувууны далавч”, "Дурлал зохион бүтээгч" богино хэлбэрийн хүүрнэл зохиолуудын эмхэтгэл, “Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, "Шүгдэн", "Цагаан Хар Улаан", "Судасны чимээ", "Сахиуст Хангайн нууц" романууд хэвлүүлсэн.

Анх 2008 онд хэвэлэгдсэн "Гурамсан цадиг” ном нь “Илбэ зэрэглээ”, “Арван зүүдний өр”, “Цуурайнаас төрөгсөд” хэмээх цуврал гурван романы нэгтгэсэн хувилбар юм. “Илбэ зэрэглээ” метароманаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

  • Бүдэгхэн саарал манан дотор л чухам үй түмэн хурц тод өнгө уусан сүлэлдсэн байдгийг бид тэр бүрий  олж хардаггүй шүү дээ. “Уусан сүлэлдсэн” гэдэг ч оновчгүй үг байна. Бүдэгхэн саарал манангийн бүр гүнд нь нэвтрэх юм бол, аливаа өнгө хэзээ ч өөр бусад өнгөтэй холилддоггүйг бид ухаарах болно. Өнгө бүр өөр өөрийнхөөрөө, тодоос тод зааг үүсгэн тус тусдаа оршиж байгааг бид цочирдон харах болно.
  • Хэлэх нэг хэрэг; үг гэдэг хийсвэр хоосон зүйл. Амьдрал бол тэс ондоон.
  • Ер нь энэ амьдралд зарим зүйл ор тас мартагддаг, зарим нь харин огт мартагддаггүй шүү дээ.
  • Амьдралд санамсаргүй, тохиолдлын юм гэж нэг ч байдаггүй. Бүх зүйл маш тодорхой Зүй тогтлын эргүүлгэн дотор л болж өнгөрдөг. Харин тэрхүү Зүй тогтол маань өөрийн гэсэн оюун ухаантай. Тиймдээ ч аль болохуйц эмх замбараагүй байдал үүсгэн харагдуулахыг хичээгээд байх мэт... Зөвхөн ийм л шалтгаанаар бид Зүй тогтлыг олж хардаггүй.
  • Тэр сайн зохиолч биш, бүр ерөөсөө зохиолч биш ч байг, хамаагүй. Энэ хачин амьдралд давчдахын цагт ямар нэгэн юм, ямар нэгэн зохиолч бичихээс ямар ч гарц үгүйг гэнэтхэн ухаарчээ. Ер нь тэр нэг явдлаас хойш амьдрал ямагт бүгчим, давчуу санагдах болсон юм. Хүн хүний мөн чанар онд ондоон л доо. Заримынх нь оршихуй ердөө л мөнгө олоход, заримынх нь ууж согтуурахад байдагчлан, хэн нэгний оршин яваагийн утга учир юуг ч юм бэ бичиж суухад байж яагаад болохгүй билээ?
  • Бүсгүйн хувьд тэдгээр лонх, дарс, гарын үсэг, он сар өдрүүд зүрх сэтгэлийнх нь үнэ цэнтэй тэнцэж байжээ. Энэ бүхэн хайр дурлалын, Бурхан минь, хамгийн эрхэм нандин зүйлийнх нь тэмдэг байжээ!
  • Бид хайрлан дурлахгүйгээр байж чадахааргүй бүтээгдсэн юм. Гэхдээ бид бүхний байсхийгээд л тун таагүй орчихдог тэр зовлон, хувь тавилангийн хорон санаа ердөө л мөнөөх дурлал хайраас үүдсэн байдаг. Үүнийг бид бүх юм өнгөрсөн хойно л ухаардаг. Ухаарсны ач тус гэж үгүй болсон хойно л!
  • Гаднаас нь харахад ихэмсэг, ганган, сээхэлзүүр тэр бүсгүй  үнэндээ бол хувь заяа муутай, азгүй дурлалд шаналсан, өнчин, ядуу жаал охин байж.
  • Улаан нялзрай амьтанд тохирох нэр гэж бараг л байдаггүй шүү дээ. Хүмүүс хүүхэддээ ямар нэгэн нэр оноож өгөөд л санаа амардаг. Өөр арга ч үгүй. Эцсийн эцэст нэр гэдэг бол юу ч биш. Нэр бол хүн биш, хүний жинхэнэ уг чанар биш. Нэр бол зүгээр л үг. Зарим үг богинохон, зарим нь урт бичигддэг.
  • Заримдаа тэр өөрийнхөө бодлыг хөндлөнгөөс харах шиг  болдог. Бодол нь цаасан дээр бичигдчихсэн харагддаг. Заримдаа бодлоо өөртөө дуудан хэлж өгч ойлгуулдаг. Бусад хүмүүс ч тэгдэг л байх.

  • Зөвхөн эмэгтэй хүмүүс л ойлголцдог, нэг тийм өвөрмөц хэл байдаг шүү дээ.
  • Ер нь их мөнгө хүнийг бодот амьдралаас тасалчихдаг. Яг л сохор зоосгүй, хоосон байхтай адил...
  • Өнөөдөр энэ хазгай харь аялга ч, хортой луйварчин сэтгэлгээ ч аль хэдийнээ нийтийг хамарчихсан, би л ганцаараа үүнийг мэдэхгүй яваа юм биш байгаа?
  • Ерөөсөө гэрлэлт, гэр бүл гэж юу юм бэ? Хууль ёсны гэр бүл... Тэдний гэрлэлтийг хуулиар баталгаажуулсан гэрчилгээн дээр ур муутай, халтуурдаж сийлсэн нь хараажаар илт тамганы дардас бий. Нөгөө иргэний хууль нь явж явж тэр болхи модон тамганы дардас л юм.
  • Нэгэн цагт тэдэнгүйгээр амьдралаа төсөөлөхөд хэцүү байсан найз нөхөд уулзахгүй удах тусам холдон хөндийрсөөр, сүүлдээ уулзаж ярилцахад танихгүй хүмүүстэй үг хэлээ ололцохоос ч түвэгтэй болчихсон байдаг.
  • Түүнд өөрийгөө таньж ойлгохгүй яваа нь сохор харанхуй санагдаж, бүхий л насан туршдаа өөрийнхөө амьдралаар амьдраагүй мэт санагдана.
  • Насан туршдаа ганцхан удаа л нүүр нүүрээ харалцдаг, ахиж хэзээ ч тааралддаггүй учрал амьдралд хичнээн тохиолддог бол оо?
  • Хүсэл гэдэг чухал юм биш, гол юм биш. Ерөөсөө хүснэ гэдэг бол юу ч биш. Нүгэлт муу хүсэл ариун сайнаасаа хавьгүй олон, нүглийг хүсэхэд сайхан ч юм шиг байдаг. Гагцхүү нүглийг хүсч байгаагаа буруу гэдгийг ухамсарлах л хэрэгтэй. Хүслүүдийнхээ аль зөвийг нь ил гаргах л чухал, гол.
  • Даанч хүн ганцаараа байж чадахгүй. “Хүн бол нийгмийн амьдрал” гэдэг бил үү? Өө, нөгөө хайгаад явсан үг маань энэ байна шүү дээ: Нийгэм! Тэгээд л... бусадтайгаа... хамтдаа... Бусадтай хамтдаа алхах гэснээс л хамаг гай үүсдэг. Ганцаараа бол... “Хэнд хамаатай юм бэ?” гэж их гоё үг шүү. Зөв үг. Гэтэл миний бүх амьдрал бусдаас л хамаарсаар иржээ. Надаас бараг л хамаараагүй... Ер нь миний амьдралыг ингэхэд юу далдаас хөтөлж, ганцхан голдрилоор урсгасан юм бэ?

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top