Эмээ бид хоёр эртлэн босч хаврын ууган өдрийн тэргүүн тэнгэр шинжихээс бүх зүйл эхэлнэ. Эмээ маань тэнгэрийн араншинг бол бараг л уншина. Хүлээн авагчаар зарласан цаг агаарын мэдээтэй эмээгийн хэлсэн олонтаа мөргөж байхыг би мэднэ.
Ингээд хаврын тэргүүн сарын Шинийн нэгнийн наран ханын толгой уруудаж, хоймор авдар дээр байх бурхан тахилын тэргүүнд гэрэлтэх мөчид сумын төвөөс ижий аав, ахан дүүсээ ирэхийг тэсч ядан хүлээнэ. Талын намхан дөрөлж уруудан давхих машин тэрэг, талын цагаан цасан дунд хорхой шиг жирийх мотоциклтонг гойд анхаарах нь 17 настай хүүгийн аав ээж, ахан дүүсээ хүсэн хүлээсэн сэтгэлийн догдлол. Хүлээсэн хүмүүстэйгээ учран золгочихоод үе тэнгийнхэнтэйгээ морины хурд хуваан айл хотлоор зочлох хүсэл ч бас давхар адгуулна. Энэ бүх догдлолыг огшоон аав ээж, ахан дүүс маань ирж, эмээ бид хоёрын муу дөрвөн ханатыг өргөх шахам баяр хөөр дүүрч ахуй цагт дараагийн залуухан шинэлээчид морины хурдыг шавхан ирэх нь миний хань хамсаатнууд гарцаагүй мөн.
Бууцны хөлд уяатай байх шинэлээчдийн морьдын бөөр түхэлзэн самсаа нь сарталзаж, цан хүүрэг татна. Миний шивхрүүлж орхисон гадсан сартай хонгор морь идэр багахан эзэн шигээ догдолж байх шиг санагдах нь жаргалтай. Учир нь миний хонгор морь, хар морь хоёр үе тэнгийн залуустай хүлгийн хурдаар давхихад хоцроо нь үгүйд л хамаг учир байсан байхыг үгүйсгэхгүй.
Аян замын их ажлаа зайчлан сард хоёр, гурван удаа аяны дөрөө мултлаад буцах ээжийн ах нар бол би тийм ч сонин биш хүн. Удаан суувал зэмлүүлж ч мэднэ. Харин тухайн цагт тэр бүрий ирээд байдаггүй нагац эгч бол гойд сонин хүн. Гар зөрүүлэн үнсэхийн засварт л өндөр болж л гэнэ, өөр болж л гэнэ, найз охин хүртэл сураглаад авна. Ер нь ч аманцар хүн сэн эгч минь. Бага ах морь сонирхоно, манай адуунд тавиул хэд нь байх учраас тэднийгээ суран, зуны наадам, хурдан морь ярих зэргээр хэдэн адууг нь хоргоож байгаа дүүгээ ихэд томд бодно. Энэ нь намайг 17-той биш 27-той мэт санагдуулах үе ч байна. Шинийн баярын ид дунд ээж миний хувцас хунарт анхаарал хандуулах нь золгох гэж ирсэн юм уу, намайг тордох гэж ирсэн үү гэдгийг үл ялгахад хүргэнэ. Дээлийн шилбэ хазгай байна гээд ханзлан оёхоос хамаг зүйл эхэлнэ. Аавын хувьд адуу мал хаагуур бэлчээрлэж байгаа, цаг уур орчны байдал гээд 17-той хүүгээ их л том болчихсон мэт хөөрөг гарган тамхилах нь гойд сайхан бөгөөд бишүүрхмээр. Болж өгвөл зандарчих гээд байдаг Нагац ах маань ч энэ өдөр туйлын амгалан, надад хандан Ц.Лайханжавын адуунаас хэдэн адуу дөхүүлж адуундаа нийлүүлэхийг үүрэгдэж байгаа нь намайг тоож байгаагийн шинж л дээ. Ерөөсөө монгол түмний уламжлалт баярын гол онцлог гэдэг энэ байх. Эмээ маань аав, ээж, ахан дүүс, бэр хүргэн, ач зээ нартаа гээд бэлдсэн бэлгээ сольж өгөөд хөөрч үймрэхийн завсарт будилж өгнө. Тэр нь тамтаггүй. Ингэхдээ нэг гэрийн хүмүүс болохоор надаас тусламж хүсч, намайг мэдэхгүйд тэрүүхэндээ бөгтөгнөн бухимдавч түүнийгээ хүний, өөрийн шинэчлээчдээс нуух гэж оролдоно.
Ийн эмээгийн бөгтөгнөх нь надад бол өдөр тутмын дасчихсан зүйл, харин идэрхэн шинэлээчид маань өндөлзөж яарна. Гагцхүү намайг аваад мордох хүсэл байгаагаас тэдний хувьд манай баяр хөөр, бэлэг сэлт, идээ будаа бол огтхон ч сонирхолгүй. Өвдөгийн бууцанд айлсах нэрт уяач Жамбалын Банди гуайн хүү Б.Ням-Осор ч энэ адгасан хоёрын сэтгэл санааг хөвсөлзүүлэн орж гарна. Манай хоёр Ж.Банди гуайнд нэг орж, манайд нэг орж гарч байгаад сүүлдээ арга нь барагдав бололтой, бууцны хөлд барилдаж, Цагаан сарын гоёлоо ханз татчих нь надад бас хугацаа хожих том боломжийг нээж өгнө. Миний хувьд бие маань гэрт байвч сэтгэл санаа хэдэн саахалтын дайдад. Гадаа хөгжилдөх тэдний дуунд өндөлзөх авч аав, нагац ах хоёроос жаахан эмээсхийнэ. Яагаад гэхээр гэрт үргэлжлэн буй шинэлгээний ёслол хараахан өндөрлөж өгөхгүй зовооно.
Миний арван долоон насны Цагаан сар ийм л гэрэл гэгээт хүмүүсийн дунд болж байж. Одоо ч аав, ээж ахан дүүсээрээ тэнгэр болсон нэгнээ дурсан сайн сайхны билэгдэл болгодог ч ээжийн маань аньсага чийгтэж суудгийг би мэднэ,ээ. Зулай зулайгаа гишгиж төрсөн хоёр дүүгээ, аачлалын дээд ээжийгээ тэнгэрийн харъяанд өгчихсөн ээжид маань өмрөх үе олон байдгийг бид тэр бүрий анзаардаггүй биз дээ. Өвдөгийн бууцны хөглөрсөн их бууц талын морин зэрэглээнд тэмээ шиг тэмээ шиг харагдах бутат талд болсон тэр жилийн Цагаан сар санаанаас гарах биш.
Миний арван хэдтэй бага насны Цагаан сарын баяр ийнхүү аав ээж ахан дүүс ирснээр эхэлж, тэдний шилийг даран ирсэн шинэлээчийг дагаад талын цас манарган одно. Өвдөгийн бууцнаас дөрөө авсан үе тэнгийн залуус морины хурд шалган давхисаар Улаан хүрээ улмаар Булангийн хойд энгэрийн бууцны айлуудаар золгуут хийж морины амьсгал дарна. Арван долоохон настай бидэнд бууз жигнэж, архи сөгнөж гээд ахмадуудад үзүүлдэг хүндэтгэлийг яг адилхан өгнө. Бидэнд үе тэнгийн охид гол төлөв үйлчилнэ. Охидын гар нь үл мэдэгхэн чичигнэж аягатай цай хундагатай архи бидэртүүлэн өөдөөс барина. Тэгэхээр нь өөдөөс нь нэг сүрхий харахаар харцаа дээлийн хормойд унагаад хацраа ягааруулах нь бас л жаргалтай. Цагаан сарын баярын бас л нэгэн утга учир энэ. Дарвисан бидний хэдэн залуус айлд хүндүүлээд байх хүмүүс биш, тэгэсхийгээд мордох гэж яарна. Бид ч бас ичнэ, эмээнэ, нутгийн ах эгч нараас айдаг байжээ. Тиймээс айлын хоймор эзлээд сууна гэж үгүй, тэгэсхийгээд мордоод давхих нь гойд жаргалтай. Бид гэдэг нь өдгөө Аймгийн Алдарт уяач бүсийн болон бусад олон наадамд торгон жолоо өргүүлэх болсон Хасбатын Уртанасан, биднийгээ цэл залуухан орхиод явсан Эрдэнэбаатарын Батболд хоёулаа миний ангийн хүүхдүүд. Мөн дөрөө харшуулж байгаа нөхдөөс аймаг сумандаа тэргүүлэх цөөн уяач, малчдын нэг болсон Бандийн Ням-Осор тэргүүтэй бид гурваас нэг ах арван наймтууд бас ханьсна. Айлаас айлд, бууцнаас бууцны замд давхин явах зуурт ам хуурай явна гэж үгүй. Х.Уртнасан, Э.Батболд хоёрын хувьд хамтрагчдаа шоолж нэр хоч өгөхөөс эхлээд морин дэл дээр ч амар заяа үзүүлэхгүй. Бие биенээ “Талын унаганууд” гээд нэрлэчихнэ. Дуулсан ч сайхан дуулна, өнөөдрийн ам баригчдаас хавьгүй дээр. Шүлэг уншсан ч улсын уран жиргээчдийн чансаа дутаж мэдэхээр авхаалжтай залуус. Адуунд эртэйг нь яана. Э.Батболдын хувьд сайхан барилдана, сумын цолтнууд болж өгвөл дөлсхийж ам авдаг хүүхдүүдийн нэг. Даанч өдгөө тэнгэрт гарчихсан байна даа. Ийм л гэрэлт насны гэрэлтэй хэрнээ хорвоогийн жамын сүүдэрт бас гунигтайхан ч гэгээтэйхэн дурсамжийг хэлхэж сууна.
Одоо бол хүчит мотортой тэрэг хөлөглөж, үнэ хаялцам хөөрөг зөрүүлж, учир утгыг нь мэдэхгүй чимэг зураг шиг дээл хөдөрсөн нэг тийм сэтгэл нь дундарчихсан нялхасын бэлээ гайхуулах баяр болчихсон ч юм шиг учраас миний дурсамж зарим нэгэнд үнэгүй байж мэднэ. Утга учрын чанад оршиж байгаа нэгэнд бол үнэ цэнэтэй цаг хугацааны алс руу ярган мэнд мэдэж байгаа хэрэг шүү.
Сэтгэгдэл ( 0 )