Ким Жон Уны хайртай 3 эмэгтэй

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 06

Хойд Солонгос улсад “Тэргүүн хатагтай” гэсэн ойлголт байхгүй он удаан жил явж ирсэн билээ. Харин өнгөрсөн сард Вьетнамын нийслэл Ханойд болсон АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтаар түүхийн нэгэн шинэ хуудас сөхөгдлөө. Залуу удирдагч Ким Жон Ун үзэсгэлэнт гэргийгээ дагуулан очсон юм. Гэргийгээсээ гадна өөрийн “хайртай” өөр хоёр бүсгүйтэй хамт айлчилсан.

БНАСАУ-д байгуулагдсанаас нь хойш “эцгийн эрхт ёс” үйлчилж, эмэгтэй хүн төрийн хэмжээний уулзалтад гарч ирдэггүй байлаа. Жишээ нь, Ким Жон Уны эцэг Ким Чен Ир албан ёсоор хоёр ч удаа гэрлэсэн, хэд хэдэн амрагтай байсан ч олон нийтийн өмнө тэднийгээ гаргаж ирж байсан удаагүй. Тэгвэл хүү нь энэ уламжлалыг өөрчлөхөөр шийджээ.

Ким Жон Ун Ханойд гэргий, охин дүү, дуртай дуучин гэсэн 3 эмэгтэйтэй сүр бараатай очсон. Энэ үйл явдал дэлхийн анхаарлыг татаж, тэдний хэн болох, залуу Кимийн амьдралд ямар нөлөөтэй, яагаад тэд чухал уулзалтад ирсэн гэдгийг олж мэдэхийг хүссэн юм.

Тэргүүн хатагтай Ли Соль Чжу нөхрийнхөө дэргэд байх нь тэднийг орчин үеийн залуу хос болгон харагдуулдаг. Өөрөөр хэлбэл Барууны орнуудад харгис дарангуйлагч гэж дүрслэгддэг Кимийн имижийг засах үүрэгтэй. Ким эхнэрээ сугадан алхаж, заримдаа гарыг нь атгаж байгаа нь Хойд байтугай Өмнөд Солонгост ч тэр бүр харагддаггүй зүйл. Чухал уузалт хэлэлцээр дээр Ли нөхрийнхөө ар талд зогсож байгаа харагддаг.

Ли Соль Чжу гадны хүмүүсийн дэргэд биеэ барьдаггүй, хуучивтар стильтэй ч хувцасны сонголт сайтай нь ажиглагдсан. Тэр Америк, Европын брэндийн цайвар өнгийн хувцас, Chanel-ийн цүнхэнд дуртай.

Түүний ачаар л Ким Жон Ун эмэгтэйчүүдийн хувцсанд тавьж байсан хоригоо цуцалсан гэж шинжээчид үздэг. Хэдэн жилийн өмнө эмэгтэйчүүд өмсөхөөс эмээдэг байсан өндөр өсгийт, өмд одоо хэвийн үзэгдэл болжээ.

Ким Жон Уны хайртай 2 дахь бүсгүй бол түүний дүү охин Ким Е Чжон. Ким Е Чжон Лиг жинхэнэ хатагтай болоход их тус болсон бөгөөд одоо ч олон юм зааж сургадаг. Кимийн дүү бол “Солонгосын ээж” гэсэн бэлгэ тэмдгийг илэрхийлдэг. Маш тууштай, ажил хэрэгч эмэгтэй. Их сургууль төгсөөд л улс орныг удирдах ажилд ханцуй шамлан орсон. Сүүлийн 4 жил Үзэл суртлын хэсгийн даргын алба хашиж байна.

Ким Е Чжон ахыгаа галт тэргээр аялахад нь ч дагаж явдаг. Гэхдээ ил гарахыг хүсдэггүй. Албан бичиг, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахад нь үзэг авч өгч, хуудас эргүүлээд зогсож байгаа нь л телевизийн дуранд өртдөг юм.

Германы “Süddeutsche Zeitung” түүнийг “Кимийн олон улсын арга хэмжээ болон телевизийн камерийн өмнө тав тухтай байх явдлыг тэр хариуцдаг. Ким Е Чжон бол Залуу удирдагчийн хэлэх үг, хийх үйлдлийг зохицуулдаг” гэж тодорхойлжээ.

2014 онд Ким Жон Ун өвчтэй байхад Ким Е Чжон ахынхаа үүргийг бүтэн сар гүйцэтгэсэн. Хойд Солонгосоос хэдэн жилийн өмнө оргосон дүрвэгч Тэ Юнхо түүнийг улс орны бүх том арга хэмжээг зохион байгуулдаг гэж хэлж байлаа.

Ханойд очсон 3 дахь эмэгтэй бол алдартай дуучин Хен Сон Воль. Түүний үүрэг Хойд Солонгосын орчин үеийн эмэгтэйчүүдийн үзэсгэлэн гоог харуулах байлаа. Волийг Кимийн нууц амраг, буудуулсан гэсэн цуурхал Барууны орнуудад гарч байсан ч 2018 оны Пёнчаны олимпийн үеэр Хен Сон Воль дахин гарч ирсэн билээ.

“Хойд Солонгос дэлхий дахинд эерэг сэтгэгдэл төрүүлэх гэж хичээж байна. Эрчүүд давамгайлсан цэргийн гүрэн гэдэг ойлголт хуучирсан гэдгийг харуулах  гэсэн оролдлого” “Süddeutsche Zeitung”

Ийнхүү Ханойд болсон дээд хэмжээний уулзалтад Залуу Ким эелдэг зөөлөн ааш, хурц ухаан, үзэсгэлэн гоог тус тусдаа яруу тодоор илтгэн харуулсан хайртай 3 эмэгтэйгээ дагуулан ирлээ. Энэхүү 3 хайрын бурхан нь Хойд Солонгосын удирдагчийг энх тайванч, эрүүл саруул сэтгэдэг болгоно гэж найдах л үлдлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
... (37.231.175.70) 2019 оны 03 сарын 06

Гайхалтай

0  |  0
Top