АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар энэ сарын 10-11-нд Вашингтонд уулзаж байна. Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын Ханойд хийсэн дээд хэмжээний уулзалтаас сар гаруйн дараа болж буй энэ уулзалт олон улсын анхаарлын төвд байна. Трамп, Ким нар Ханойд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар зөвшилцөлд хүрч чадаагүй билээ. Харин БНСУ, АНУ-ын удирдагч нарын уулзалт хэрхэн өрнөх бол?
Тэд чухам юу хэлэлцэх вэ?
“АНУ, Өмнөд Солонгосын удирдагч нар Вашингтон, Сөүлийн хоорондын холбоог бэхжүүлэх, Солонгосын хойгт энх тайвныг тогтоон барих байр суурийг зохицуулах талаар дэлгэрэнгүй яриа хэлэлцээ хийх болно” гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн албанаас мэдээлжээ.
Түүнчлэн Цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс “Хоёр удирдагч эхний ээлжинд БНАСАУ-ын пуужингийн болон цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлаар ярилцана” гэсэн байна.
БНАСАУ яагаад хэлэлцэх асуудлын гол нь вэ?
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын Сингапурын уулзалтаас ялгаатай нь Ханойн уулзалтаар эцсийн тунхаг бичиг гаргаж чадаагүй юм. Хамт барих үдийн зоог ч цуцлагдсан. Дээд хэмжээний уулзалт амжилтгүй болсон шалтгаануудын нэг нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох ажиллагаа зогсонги байдалд орсон явдал байв. Үүний зэрэгцээ Доналд Трамп өөрөө болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ч уг үйл явцыг хурдасгахыг хүсч буй.
2020 онд дахин сонгогдохоор төлөвлөж буй Ерөнхийлөгч Трамп нь Пхеньянтай харилцан ашигтай харьцсан тохиолдолд сонгогчдын дэмжлэгийг авах боломжтой болно. Харин хоёр Солонгосын хамтын ажиллагааг удаашруулж байгаа гэж рейтинг нь буурч байгаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ, БНАСАУ-ын хүйтэн харилцаа дулаарахыг хүлээж буй.
АНУ, Өмнөд Солонгосын удирдагч нарын уулзалтын талаар Өмнөд Солонгосын “KBS” телевиз мэдээлэхдээ “Пхеньян цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор хамгийн багадаа 104 объектыг, тэдэн дундаас 40-ийг нь Вашингтон, Сөүлийн шаардлагаар хаах ёстой” гэжээ. Түүнчлэн Өмнөд Солонгосын тагнуулын мэдээгээр Пхеньян пуужингийн Сохэ полигоноо сэргээн засварлаж дууссан гэсэн байна.
Уулзалтаас юу хүлээж байна вэ?
Вашингтонд төвтэй Шинэ Америкийн аюулгүй байдлын төв (CNAS)-ийн шинжээч Дуйон Кимийн үзэж буйгаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хоёр Солонгосын эдийн засгийн төслүүд болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны ирээдүйн төлөө БНАСАУ-д тавьсан хоригийг цуцлах сонирхолтой байгаа аж.
“NK News”-д АНУ-ын Төрийн департаментын ажилтан асан Минтаро Оба ярихдаа “Энэ уулзалт нь Ханойд болсон уулзалтаас хойш зөвлөхүүдээсээ өөр хэн нэгний үгийг сонсох анхны бодит боломж” гэжээ.
Тэгвэл “The New York Times” сонин Солонгосын хойг дахь аюулгүй байдал, энх тайвны асуудал эрхэлсэн Сөүлийн тусгай төлөөлөгч Ли До Хуны хэлсэн “Хойд Солонгосын эсрэг хоригийг бүрэн цөмийн зэвсэггүй болсны дараа л цуцална гэдэг Вашингтоны хатуу байр сууринаас ялгаатай нь БНСУ Солонгосын хойгт үе шаттайгаар хэрэгжих цогц шийдлийг хүсч байна” гэсэн үгийг онцолжээ.
Харин “South China Morning Post” сонин Мүн Жэ Ин Трампт 2016 оны хоёрдугаар сард хаагдсан Кэсоны аж үйлдвэрийн цогцолборыг хоригоос гаргахыг санал болгож магадгүй гэж онцлон тэмдэглэжээ.
Хоёр Солонгосын удирдагч дахин уулзаж магадгүй
Өмнөд Солонгосын эрх баригчид БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар дахин уулзалдах боломжийн талаар судалж байгаа аж. Хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг энэ сарын сүүлчээр зохион байгуулах боломжийг хэлэлцэж байгаа талаар “The Chosun Ilbo” сонин БНСУ-ын Ерөнхийлөгчийн албаны эх сурвалжаас үндэслэн мэдээлжээ.
Мүн Жэ Ин, Ким Жон Ун нарын анхны дээд хэмжээний уулзалтын нэг жилийн ой энэ сарын 27-нд тохиох юм. Энэ өдөр хоёр удирдагч дахин уулзаж, хэлэлцээнийхээ үр дүнг нэгтгэн дүгнэвэл бэлгэдэлтэй үйл явдал болно гэж БНСУ-ын эрх баригчид үзжээ.
Түүнчлэн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-ын Төрийн тэргүүн Доналд Трампт хоёр Солонгосын хилийн бүсэд орших Панмүнжом сууринд тавдугаар сард Ким Жон Унтай дахин уулзахыг санал болгож магадгүй талаар “The Chosun Ilbo” сонин мэдээлсэн байна. Мүн Жэ Ин АНУ-д хийх хоёр өдрийн айлчлалынхаа үеэр БНАСАУ-ын цөмийн асуудлыг шийдэх шинэ стратегийг Трампт санал болгох төлөвтэй байгаа аж.
Тэгвэл энэ хооронд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун урьд өмнө байгаагүйгээр их идэвхтэй ажиллаж байгаа гэнэ. Үүнийг ажиглагчид Ардын дээд хурлын депутатуудын анхдугаар чуулган болж буйтай холбожээ. Чуулганы үеэр Ким Жон Уны бүрэн эрхийг батлах санал хураалт явагдах аж. Түүнчлэн БНАСАУ-ын удирдлагуудын дунд томоохон халаа сэлгээ хийж магадгүй гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )