Ажаа гэгээнтэн энэ сарын 14-нд Халимагийн Элиста хотын нисэх буудалд газардлаа. Гэгээнтэнийг онгоцноос буухад Халимагийн шашны тэргүүн болон Аялал, жуулчлалын сайд, Оросын ШУА-ийн төлөөлөгчид амьд цэцэг, хадан барин угтлаа.
Нисэх буудалд болсон хэвлэлийн бага хурал дээр Ажаа Ринбүчи “Би 2015 онд олон улсын хуралд оролцохоор Халимагт ирж байсан. Энэ удаад би Халимагийн эрдэмтэдтэй уулзаж, ном уншина. Лагань хот, Цагааннуур тосгонд очиж үзнэ” гэж мэдэгдсэн байна. Мөн орос хэлэнд орчуулагдан, олны хүртээл болсон намтар “Жизнь Арджа-ринпоче и секрет золотой урны" номоо танилцуулах юм.
Ажаа гэгээнтэн одоо АНУ-д амьдарч, Блумингтон дахь Түвд, Монголын буддын соёлын төвийг удирдан ажиллуулж байгаа билээ. Гэгээнтэний айлчлал энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )