Нууцыг хадгалах, хамгаалах нь албан тушаалтан бүрийн хуулиар хүлээсэн үүрэг гэлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

Төрийн нууцын тухай Монгол Улсын хууль 1995 онд батлагдсан бөгөөд анх удаа төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулж, төрийн нууцыг хамгаалах тогтолцоо, эрх зүйн үндсийг тавьсан.

Энэхүү хуулийг 22 жилийн хугацаанд дагаж мөрдсөн бөгөөд энэ хугацаанд манай орны гадаад, дотоод нөхцөл байдал, эрх зүйн хүрээнд ихээхэн өөрчлөлтүүд гарлаа. Хуулиар нэмж зохиуцуулах шаардлагатай шинэ харилцаа, ойлголтууд ч гарч ирсэн, боловсронгуй болгох, нэмж тодорхойлох асуудлууд ч хуримтлагдсан.

Иймд Монгол Улсын төрийн нууцын хадгалалт, хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдлаас үндэслэн үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхийн тулд төрийн нууцын тухай хууль тогтоомжийг шинэчилж, төрийн нууцад хамаарах мэдээллийг цогцоор нь хамгаалж зохицуулах Төрийн болон албаны нууцын тухай хуулийг төслийг шинээр боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлснээр Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдаж, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байна.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус хуульд нийцүүлэн “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам”, “Төрийн болон албаны нууцын хамгаалалтад хяналт шалгалт хийх журам” зэрэг холбогдох харилцааг зохицуулсан таван журмыг Засгийн газар баталсанаар төрийн болон албаны нууцын эрх зүйн орчин бүрдсэн.

Төрийн болон албаны нууцын тухай хууль нь агуулга, хэлбэрийн хувьд өмнөх хуулиасаа өргөжсөн юм. Энэ хууль болоод түүнийг даган гарсан журмуудаар маш олон төрлийн харилцааг шинээр зохицуулсан. Тухайлбал, өмнөх хуулиар албаны нууцыг тухайн салбар, байгууллагад нь хариуцуулдаг, үүнтэй холбоотойгоор албаны нууцад хамаарах мэдээллийг хуульд нийцүүлэн тогтоох, түүнийг хамгаалах асуудал тодорхойгүй байсан бол шинээр батлагдсан хуулиар төрийн болон албаны нууц хариуцсан байгууллага, албан тушаалтан нь тэдгээрийн аль алиныг нь хамгаалах үүрэг хүлээх болсон.

Мөн төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг илүү тодорхой болгохыг зорьсон. Өөрөөр хэлбэл, хуульд заасан төрийн нууцад хамаарах мэдээллийн хүрээнд салбар, байгууллага бүрийн үйл ажиллагаанд хамаарах мэдээллийн жагсаалтыг Засгийн газраас тогтоож өгсөн. Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг эрх бүхий байгууллагаас санал авсны үндсэн дээр зайлшгүй батлаж байх зохицуулалтыг бий болсон.

Түүнчлэн төрийн болон албаны нууц хариуцсан албан тушаалтан, иргэний нийтлэг үүрэг, хариуцлагыг тодорхой болгосон. Монгол Улсын иргэн тодорхой нөхцөл, шалгуурыг хангасан тохиолдолд төрийн болон албаны нууцтай танилцах боломжийг нээж өгсөн. Төрийн болон албаны нууцын зэрэглэл, хугацаа шинэчлэгдэж, нууцад хамаарах мэдээллийг ил болгох зохицуулалтыг тодорхой болгосон. Зохих нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд нууцад хамаарах мэдээллийг гадаад улс, олон улсын байгууллагад шилжүүлэн өгч болох тухай зохицуулалтыг шинээр бий болгосон зэрэг олон өөрчлөлтийг дурьдаж болно.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу нууц хариуцсан байгууллага, албан тушаалтны нууц хамгаалах үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх бүрэн эрхийг тагнуулын байгууллага хэрэгжүүлдэг.

Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажпын хүрээнд нууц төвлөрсөн төрийн 70 орчим байгууллагад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр тагнуулын байгууллагаас зөвлөмж хүргуүлэн улсын хэмжээнд сургалт мэдээлэл зохион байгуулж, хууль тогтоомжийг сурталчлах нэгдсэн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэлтэй танилцсан албан тушаалтан, иргэний нийтлэг нэг дутагдал нь төрийн болон албаны нууцыг хамгаалах үйл хэрэг нь зөвхөн тагнуулын байгууллагын үүрэг гэж үзэж, өөрт хамааралгүй мэт ханддаг. Гэтэл эрхэлж буй ажил үүрэгтэй холбогдуулан олж мэдсэн нууцыг хадгалах, хамгаалах үүрэг нь тухайн байгууллагын удирдлага, албан тушаалтан бүрийн хуулиар хүлээсэн үүрэг юм. Иймд байгууллагын удирдлага, эрх бүхий албан тушаалтан бүр төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг, хариуцлагыг ухамсарлаж, хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг байх нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд шууд хамааралтайг зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Тагнуулын байгууллагын зүгээс шинээр батлагдсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нь байгууллага, албан тушаалтанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах ажпыг цаашид үргэлжлүүлэн ажиллана гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hulan(66.181.161.114) 2021 оны 01 сарын 22

Mash ih zviliig oilgulsn sain esse bailaa

0  |  0
Top