Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо өчигдөр төрийн албан хаагчдад хандан ажил хаялт зарлахыг уриалав. Түүнийг ийнхүү Ерөнхийлөгч Николас Мадурог түлхэн унагахад чиглэсэн тэмцлээ эрчимжүүлж байна гэж ажиглагчид дүгнэж буй. Тэдний дүгнэж буйгаар Гуайдо өмнө нь цэргүүдийг өөрийн талд оруулахаар мэрийсэн бол одоо төрийн албан хаагчдыг “урвуулахаар” оролдож байна.
ХУАН ГУАЙДО ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ “УРВУУЛЖ” ЧАДАХ УУ?
Гэхдээ төрийн албан хаагчдын дэмжлэгийг авахад амаргүй аж. Цэргүүд ч мөн Мадурогийн талд үлдэхээр болсон. Төрийн албан хаагчид Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан хийвэл мэдээж ажилгүй болно.
Гуайдо тэдний дэмжлэлийг авч чадвал түүний хувьд маш том ялалт байх юм. Гэхдээ шинжээчдийн дүгнэж байгаагаар Венесуэл дэх зөрчилдөөнд АНУ-ын оролцоо байж магадгүй гэнэ. “Майк Помпео Венесуэлийн зэвсэгт хүчин америк цэргүүдийн эсрэг тэмцэж чадахгүй гэж бодож, хэт тоомжиргүй хандаж байна” гэж “RT” агентлагийн тоймч өгүүлсэн байв.
Шинжээчид түүнчлэн Венесуэлийн зөрчилдөөнд хөрш орнууд болох Колумба, Бразил оролцож магадгүй байгааг дурджээ. Колумбад иргэний дайн дөнгөж дуусч байгаа. “Гэхдээ зэвсэг барин тэмцсэн венесуэлчүүд нөхцөл байдалд Колумба улс оролцоод эхэлвэл гараа хумхиад суух гэж үү” хэмээн “Латин Америк” сэтгүүлийн шинжээч нар бичсэн байлаа.
МАДУРОГИЙН ЭСРЭГ ТЭМЦЭЛ ХҮНИЙ АМЬ АВЧ ОДОВ
Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо Ерөнхийлөгч Николас Мадурогийн эсрэг тэмцэл сүүлчийн шатанд шилжсэнийг зарласан. Тэрбээр венесуэлчүүдийг гудамжинд гарч жагсахыг уриалснаар Каракас хотод жагсагчид зэвсэгт хүчнийхэнтэй мөргөлджээ. Энэ үеэр 70 гаруй хүн бэртэж гэмтэн, уржигдар нэгэн эмэгтэй амиа алдсан байна.
Гэвч Хуан Гуайдо “Мягмар гарагт явуулсан ажиллагаа амжилтад хүрэхэд хангалттай тооны цэрэг бидэнтэй нэгдээгүй. Гэхдээ бид Мадурог албан тушаалаасаа огцрох хүртэл тэмцлээ үргэлжлүүлэх болно” гэжээ. Тэрбээр өөрийг нь дэмжих цэргийн албан хаагчдын тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа аж.
КУБА: БИД ВЕНЕСУЭЛ ДЭХ ЦЭРГИЙН АЖИЛЛАГААНД ОРОЛЦДОГГҮЙ
Куба улс Венесуэлийн үйл явдалд оролцож байна гэсний хариуд тус улс мэдэгдэл хийв. Кубын Гадаад хэргийн яамны АНУ-ын департамент хариуцсан захирал Карлос Фернандес де Коссио “Венесуэлийн аюулгүй байдлын хүрээнд өрнүүлж буй цэргийн ажиллагаанд бид оролцдоггүй. Гэхдээ хоёр улс энэ салбарт хамтран ажиллах бүрэн эрхтэй” гэлээ.
Венесуэл дэх Кубын 20 мянга орчим иргэний дийлэнх нь эмч, эмнэлгийнхэн аж. “Куба иргэд зэвсэгт хүчин болон аюулгүй байдлын хүчний байгууллагуудтай холбоогүй. Венесуэлд аюулгүй байдлыг хангах цэргийн болон бусад ажиллагаанд Куба улс оролцдоггүй” гэж Карлос Фернандес де Коссио онцолжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уржигдар Кубад хандан Венесуэлийн Үндсэн хуулийн тогтолцоог нураахад чиглэсэн үйлдлээ зогсоохгүй бол хамгийн өндөр түвшний хориг арга хэмжээ авна гэдгээ сануулжээ.
ВЕНЕСУЭЛИЙН БАЙДАЛ АНУ, ОХУ-ЫН ХАРИЛЦААНД НӨЛӨӨЛЖ БАЙНА
Венесуэл дэх хурцадмал байдал АНУ, ОХУ-гийн харилцаанд нөлөөлж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео үзжээ.
Тэрбээр АНУ-ын эрх баригчид Венесуэлийн хямралыг цэргийн хүчээр шийдвэрлэж чадна гэсэн байна. Харин ОХУ болон Кубын эрх баригчид Мадурог дэмжих замаар Венесуэлийг тогтворгүй болгож байна гэжээ.
Хуан Гуайдо өнгөрсөн нэгдүгээр сард өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлахад АНУ тэргүүтэй 50 гаруй улс түүнийг хүлээн зөвшөөрсөн. Харин жинхэнэ Ерөнхийлөгч Николас Мадурог ОХУ, Иран, Беларусь, Болив, БНХАУ, Куба, Сальвадор, Турк болон Сири улс дэмжиж буй.
КАНАД УЛС МАДУРОГ ОГЦРОХЫГ УРИАЛАВ
Канадын Засгийн газар Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог өөрийн хүсэлтээр огцрохыг уриаллаа. Энэ талаар тус улсын Гадаад харилцааны сайд Кристина Фриланд мэдэгдээд “Мадурогийн хууль бус дэглэм болон түүний талынханд хандаж хэлэхэд, явах цаг болсон. Венесуэлд ардчилал эргэж ирэхэд бүү саад бол. Үндсэн хууль хэв журмандаа орж, шударга, эрх чөлөөт сонгууль явуулахыг зөвшөөр” гэв. Түүний дүгнэж байгаагаар цэргийнхэн ямар үйлдэл хийхээс Венесуэлийн хувь заяа хамаарах аж.
МАЙК ПОМПЕО: НИКОЛАС МАДУРОД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭ ЗОГСОО
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Венесуэлийн сөрөг хүчнийхний засгийн эрхийг авах оролдлогод Вашингтон дэмжлэг үзүүлж байна гэв. “Энэ бол улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон явдал мөн” гэж Лавров мэдэгджээ. Энэ талаар тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой утсаар ярихдаа ч хэлсэн байна. Венесуэлийн ард түмэн л өөрсдийнхөө хувь заяаг шийдэх эрхтэй гэж ОХУ үзэж байгаа бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Венесуэлийн тогтворгүй байдалд оросуудыг буруутгаад “Николас Мадурод тусламж үзүүлэхээ зогсоо” гэжээ. Мадурогийн талд байгаа зэвсэгт хүчний удирдагч нар Хуан Гуайдог төрийн эргэлт хийхийг санаархсан гэж буруутгаж байна. Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог эх орноосоо зугтах гэж байсан гэж үзэж буй. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр Майк Помпеогийн хэлсэн зүйлийг “Зүгээр л сонсогдсон яриа” гэж тодорхойлжээ. Майк Помпео “Мадурогийн онгоц нисэх онгоцны буудал дээр байсан. Түүнийг эх орноосоо явах гэж байхад оросууд ятгаж болиулсан” гэсэн юм. Харин Николас Мадуро АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргад хандан худлаа ярихаа болихыг хүссэн билээ.
Ийнхүү Венесуэлийн нөхцөл байдалд АНУ, ОХУ, Куба зэрэг орон татагдан орж, хэд хэдэн улсын хоорондын харилцаанд хагарал үүсээд байна.
Сэтгэгдэл ( 0 )