АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Жо Байден 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан намын сунгаанд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн билээ. Тэрбээр энэ талаараа мэдэгдэх үеэрээ АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Доналд Трампын бодлогыг хатуу шүүмжилсэн юм.
Обамагийн талын хүн болох 76 настай Жо Байден нь Делавэр муж улсын сенатчаар 36 жил ажилласан, 2009-2017 онд АНУ-ын Дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байв. Жо Байден 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгох Ардчилсан намын сунгаанд оролцохоор нэрээ дэвшүүлсэн 20 дахь хүн болсон байна. Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдохоор нэр дэвшихийн төлөө түүнтэй хамт Берни Сандерс, Элизабет Уоррен, Камала Харрис зэрэг улстөрчид өрсөлдөх нь тодорхой болоод байгаа аж.
Тэр юу ярив?
Бүгд найрамдах намынхан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн үеийн хуулийг эргүүлэн авчрахыг хүсч байна гэж АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан үзэж байна. Тэрбээр Өмнөд Каролина мужид иргэдтэй уулзахдаа Доналд Трампын бодлогыг шүүмжлээд “Тэр улиран сонгогдвол АНУ-ын онцлог шинж чанарыг үндсээр нь өөрчлөх болно. Үүнийг зүгээр хараад сууж чадахгүй” гэжээ. Трамп өнгөт арьстнуудын санал өгөх үйл явцыг төвөгтэй болгож байна гэж Жо Байден буруутгажээ. Шинжээч нар үүнийг Байдены сонгуулийн өмнөх кампанит ажлын гол сэдвүүдийн нэг байх болно гэв. Тэрбээр Барак Обамад саналаа өгсөн хүмүүсийн дэмжлэгийг авахыг хүсч байгаа аж. Үүнээс гадна экс Дэд ерөнхийлөгч Ардчилсан намын сунгаан дотроо бүтэлгүйтэхгүйн тулд бусад нэр дэвшигчээс ялгарах ёстой.
Доналд Трамп тэргүүтэй бүгд найрамдахчууд сонгогчдыг тусгай гэрчилгээтэй болгох, мөн эрт санал авахыг хязгаарлахыг хүсч байгаа аж. Харин Жо Байден энэ талаар “Доналд Трампын засаг захиргааны үед АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл ноёрхож байсан үеийн хууль эргэн ирж байна. Ялангуяа иргэдийн санал өгөх эрхийн хүрээнд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах гэж байна” хэмээжээ.
Байдены энэхүү мэдэгдлийг шинжээч нар “Өмнөд Каролинад 1.3 сая гаруй африк гаралтай америкчууд амьдарч байна. Тэдний дийлэнх нь уламжлал ёсоор ардчилагчдын төлөө саналаа өгдөг. Иймээс Өмнөд Каролина бол Жо Байдены хувьд сайн дэмжлэг авахад маш чухал газар” гэж дүгнэж байна. Иймээс Байден Бүгд найрамдах намынхныг, Доналд Трампыг шүүмжилж, өнгөт арьст иргэдийг өмөөрч, итгэлийг нь өөртөө татах тактик ашиглаж байгаа аж.
Жим Кроугийн хууль
Жо Байден “Жим Кроугийн хууль бидний амьдралд мэдэгдэлгүйгээр орж ирж байна. Хүн бүрт сонгох тэгш эрх байсан бол юу болох байсныг мэдэж байна уу? Бүгд найрамдахчууд хожигдох байсан” гэж “Fox News”-д ярьжээ. Жим Кроугийн хууль гэдэг нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн тухай хуулийн албан бус нэршил нь. Иргэний дайны дараа Америкт өнгөт арьстнуудыг боолчлолоос чөлөөлж, Холбооны засгийн газар өнгөт арьстнуудын эрхийг хамгаалах арга хэмжээ авсан байдаг. Харин өмнөд мужууд өнгөт арьстнуудын эрхийг хязгаарласан орон нутгийн хууль гаргасан аж. Уг хуулийг хошин шогийн баатрын нэрээр Жим Кроугийн хууль гэж нэрлэж байв. Хууль АНУ-ын хэд хэдэн мужид 1890-1964 онд үйлчилж байжээ.
АНУ-ын Ардчилсан нам сонгогчдыг гэрчилгээжүүлэх нь өнгөт арьстнуудыг болон үндэстний бусад цөөнхийг ялгаварлан гадуурхах үзэл гэж Жо Байден үзэж байна. Тэрбээр өмнө нь Доналд Трампын “2016 оны сонгуульд сая сая хүн хууль бусаар санал өгсөн” гэх мэдэгдлийг “туйлын худал зүйл” гэж байсан юм. Дэд ерөнхийлөгч асан мөн “Бүгд найрамдахчууд ажилчин анги саналаа өгөөсэй гэж хүсэхгүй байна. Ялангуяа өнгөт арьстнууд саналаа өгөөсэй гэж хүсэхгүй байна” гэжээ.
“Жо Байден энэ мэдэгдлээрээ 2008, 2012 онд Барак Обамаг сонгуульд ялахад нь нөлөөлсөн Ардчилсан намын санааг сэргээж байна” гэж АНУ, Канадын их хүрээлэнгийн шинжээч эрдэмтэн Владимир Васильев “RT” агентлагт ярьжээ. Түүнчлэн АНУ-ын Дэд ерөнхийлөгч асанд африк гаралтай америкчуудын төлөөлөл болсон сенаторууд болох Кори Букер, Камала Харрис зэрэг өрсөлдөгч байна. Иймээс Байден өнгөт арьстнуудын тогтвортой хамгаалагч гэж өөрийгөө харуулах нь чухал байгаа аж. Тэрбээр иргэдийн саналыг Букер, Харрисын талд биш, өөртөө татах ёстой. Байдены хүсэл бол сонгогчдод Жим Кроугийн хуулийг сануулж, АНУ дахь арьс өнгөөр ялгаварлах асуудал шийдвэрлэгдэх болоогүй байгаа гэдгийг харуулах. Шинжээчдийн дүгнэж буйгаар энэ сэдэв бол түүний кампанит ажлын цөм нь. Тэр өнгөт арьстнуудын анхаарлыг татаж, Бүгд найрамдах намынхан болон Доналд Трампын төлөө санал өгүүлэхгүй байхыг хүсч байна.
Обамагийн сүүдэр
Африк гаралтай америкчуудын дунд дэмжлэг авахын тулд Байден Обамагийн үед Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан улс төрийн өнгөрсөн үеийг идэвхтэйгээр дурсдаг болжээ. Тэрбээр Өмнөд Каролина мужид хэлсэн үгэндээ эдийн засаг, эрүүл мэндийн салбарт өмнөх удирдлагынхаа гаргасан амжилтыг ихэд ярьжээ. Мөн улс төрийн зүтгэлтэн Обамагаар, Ардчилсан намаараа бахархаж байгаагаа нэмж хэлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама ч “Жогийн зөвлөгөө надад Ерөнхийлөгч болоход их тусалсан. Амжилтад хүрэх замд түүнээс илүү түншийг төсөөлөхөд бэрх байдаг. Гэхдээ хамгийн чухал зүйл нь түүний карьер дуусаагүй байна” гэж хэлжээ.
АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Жо Байден Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчдийн сунгаанд гурав дахь удаагаа өрсөлдөх гэж байна. Тэрбээр Ардчилсан намаас нэр дэвших боломжтой хүний нэгээр нэрлэгдэж буй сенатор Берни Сандерсаас олон дэмжигчтэй байгаа аж. Байден одоо сонгуулийн сурталчилгаанд шаардлагатай олон сая долларыг ойрын хугацаанд цуглуулах ёстой.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Жо Байденыг маш доогуур IQ-тай нэгэн гэж тодорхойлжээ. Ямартай ч Ардчилсан нам 2020 онд Ерөнхийлөгчийн сонгуульд сойх нэр дэвшигчээ ирэх жилийн долдугаар сард хурлаараа тодруулна. Жо Байден өмнө нь 1984, 1988, 2008 онуудад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдсөн ч бүгдэд нь нам доторх сунгаандаа ялагдаж байсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хамгийн их хурдтай, найдвартай, хувь хүн, худалдаачдад жилд 2% -ийн зээл олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359