Венесуэлд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд төрийн эргэлт хийх оролдлого гарч, эмх замбараагүй байдал үүссэний улмаас таван хүн амиа алдсан билээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор 233 хүнийг баривчилсан талаар өчигдөр Венесуэлийн Ерөнхий прокурор Тарек Уилльям Сааб мэдээлэв. Тэрбээр төрийн эргэлт хийхийг завдсан хэрэгт сөрөг хүчний удирдагчид болох Хуан Гуайдо, Леополдо Лопез нарыг буруутгаад “Тэд урвагч цэргүүдийн дэмжлэгтэйгээр төрийн эргэлт хийхийг завдсан” гэлээ.
Венесуэлийн Прокурорын ерөнхий газар 18 баривчлах зөвшөөрөл олгосны зарим нь зэвсэгт хүчнийхэнд хамааралтай байжээ. Сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо Ерөнхийлөгч Николас Мадурог унагахын тулд цэргийнхнийг өөрийн талдаа оруулахыг зорьж буй. Тэрбээр “Зэвсэгт хүчнийхэн болон төрийн албан хаагчид миний талд ороход бэлэн байгаа” гэжээ.
Николас Мадурогийн дүгнэж буйгаар төрийн эргэлт хийх оролдлогын ард АНУ байгаа гэх. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрсөн долоо хоногт Мадурог эх орноосоо зугтах гэж байна гэж мэдэгдсэн билээ. Тэрбээр “Мадуро Куба руу нисэх гэж байсан. Нисэх буудалд түүний онгоц бэлэн байсан боловч оросууд түүнийг ятгаж зогсоосон” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )