Хуан Гуайдо: Мадуро намайг баривчлахаас айж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 10

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Венесуэлд хандан Үндэсний ассамблейн дэд спикерийг суллахыг шаардав. Тэрбээр Венесуэлийн засаг захиргаанд хандан “Төрийн эргэлт хийхээр оролдсон гэж буруутгагдан баривчлагдсан Эдгар Самбраног сулла. Түүнийг үндэслэлгүйгээр баривчилсан. Энэ бол Мадурогийн дэглэмийн дарангуйллын нэгэн тусгал, хууль бус үйлдэл” гэжээ.

Венесуэлд өнгөрсөн сарын сүүлчээр төрийн эргэлт хийх оролдлого гарч, эмх замбараагүй байдал үүссэн билээ. Үүний дараа сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо Николас Мадурог суудлаас нь унагах оролдлого бүтэлгүйтсэн талаар ярьсан юм. Тэрбээр мөн “Би өдийг хүртэл эрх чөлөөтэй байгаа нь Николас Мадурогийн Засгийн газар намайг баривчилснаас үүдэх үр дагавраас айж байгаатай холбоотой” гэсэн байна.

Венесуэлийн Тагнуулын газрын аюулаас хамгаалах хүчнийхэн түүний хүрээллийн хүмүүсийн нэг болох Үндэсний ассамблейн тэргүүн дэд дарга Эдгар Самбраног баривчилсан талаар Хуан Гуайдо “Николас Мадурогийн Засгийн газар Үндэсний ассамблейн тэргүүн дэд даргыг хулгайлчихлаа. Тэд Венесуэлийн бүх ард түмнийг төлөөлдөг ассамблейг тараахаар оролдож байна. Гэхдээ тэд хүссэндээ хүрч чадахгүй” гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top