Буриадад “Сураггүй алга болсон хүмүүсийг хайх төв” байгуулагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

ОХУ-ын Буриадад “Сураггүй алга болсон хүмүүсийг хайх төв” байгуулагдлаа. “Энэхүү төвийг байгуулах санаачилгыг ОХУ-ын Дотоод Хэргийн Яамны Улаан-Үд дэх олон нийтийн зөвлөлийн гишүүн Вероника Ерофеева гаргажээ” гэж Буриадын ДХЯ-наас мэдээллээ.

Сураггүй алга болсон иргэдийг эрэн сурвалжлах, хайх ажлыг гүйцэтгэх сайн дурын хөдөлгөөн байгуулах ажил Буриадад 2017 оны 11 дүгээр сараас эхэлсэн. Жил хагасын үр дүнтэй ажлын дүнд тус хөдөлгөөн ийнхүү төв болон өргөжиж байна. “Сураггүй алга болсон хүмүүсийг хайх төв” нь Буриадын Цагдаагийн газар, Онцгой байдлын газартай нягт хамтран ажиллах болно. Төвд гишүүд, сайн дурынханд эрэн хайх, аврах ажиллагааны сургалт явуулна.

2018 оны хавар Буриадад Дамир Сагдеевийн нэрэмжит сураггүй алга болсон хүмүүсийг эрэн хайх отряд байгуулагдаж байлаа. Хоёр настай Сагдеев хүү Сэлэнгэ мөрөнд живсэн бөгөөд таван зуун хүн эрэн хайх ажиллагаанд оролцож, компани, аж ахуйн нэгжүүд сайн дурынханд хоол хүнс, дулаан хувцас хандивлаж байлаа. Хэдийгээр хүүг аварч чадаагүй, цогцсыг нь тав хоногийн дараа олсон ч энэ ажиллагаа буриадчуудыг нэгтгэж чадсан юм. Маш олон хүн сураггүй алга болсон хүмүүсийг хайх ажилд цалин хөлсгүй ажиллахад бэлэн байгааг харуулсан билээ. Хүүгийн эцэг эх нь эрэн хайх отрядыг Дамир Сагдеевийн нэрэмжит болгохыг зөвшөөрсөн.

2019 оны эхнээс 700 гаруй хүн сураггүй алга болсон мэдээлэл Буриадын Цагдаагийн газарт ирсэн нь хоногт найман хүн алга болж байна гэсэн үг юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zo(202.9.43.103) 2019 оны 05 сарын 17

Hujaa martai holbootoi

0  |  0
Top