Одод, популистуудаас бүрдсэн парламент байж болохгүй

2019 оны 06 сарын 07

-Дэлхий дахинд пропорциональ,  мажоритар гэсэн сонгуулийн ердөө хоёрхон зарчим бий-

Сонгууль болгоны өмнө буюу санал хураах өдрөөс зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуулиа өөрчилж сонгуульддаг тогтсон хэв шинж бий. Тиймээс эрх баригчид, эрх мэдэл бүхий бүлэглэл өөртөө тохируулан хууль баталдаг гэх хардлага дагуулсаар удлаа. Энэ нь хэдийгээр үнэний хувьтай ч ардчилал дэндүү нялх байгаа Монгол Улсад явагдах ёстой процесс л явж байна гэж ойлгож болохоор. Хүн төрөлхтөн ардчилсан гэх нийгмээс өөр илүү сайхан нийгмийг нээж чадаагүй учраас өнөө ч үүнээсээ салж чадаагүй байна. Үүнээс улбаалан бодоход эртний түүхтэй өвгөн ардчилал 30 шахам жилийн намтартай манай ардчилал хоёрыг харьцуулахад “дэндүү нялх” гэхээс өөр аргагүй. Тийм дээ ч бид сонгуулийн гайгүй сайн тогтолцоог суурьшуулах гээд Сонгуулийн тухай хуульдаа байнга гар хүрдэг хэмээн цагаатган бодохоос өөр аргагүй.

Өнгөрөгч хугацаанд пропорциналь, мажоритар гэсэн хоёр системийг ээлжлэн хэрэглэхдээ Сонгуулийн тухай хуульд бага сага эрх зүйн зохицуулалтыг дагалтаар нэмж хасч ирсэн л түүх бий. Тодотгож хэлбэл зүйл заалт өөрчлөх төдий хэлбэрээр явж ирсэн. Том агуулгаар нь авч үзвэл үүнээс өөрөөр хийсэн зүйл алга. Агуулгын хувьд өөрчлөх ч боломжгүй явж ирсэн гэхэд болно. Ийн хууль өөрчлөх болгонд яригддаг зүйл нь Монгол Улс гэсэн ганцхан тойрогтой байя. Энэ тойрогт намууд 76 нэр дэвшигчээ өрсөлдүүлээд хамгийн өндөр санал авсан 76 нэр дэвшигчээ парламентийн гишүүн болгоно хэмээсэн ч туршигдаж байсан удаагүй. Энэ хувилбар нь хэдийгээр тойрог өмчлөх, мөнгө төгрөг тараах боломжгүй ч манай хөрсөнд бас л бууж өгөхгүй байна.

Тухайлбал, улс төрийн тэтгэвэрт гарсан ч олны танил болчихсон, бараг л түмний зүүдэнд нь ордог болчихсон нөхөд, популист улстөрчид, урлаг соёл, спортын алдартнуудаас парламент бүрдэх болж байна. Монгол даяарын танилуудад саналаа өгнө үү гэхээс шинээр улс төрд хөл тавьж буй хэнбугай ч цаашаа гэсэн үг. Тэдгээр ахмад гишүүдийн хувьд УИХ-д 5-6 удаа сонгогдон ажилласан, нэг салбарын сайдаар олонтаа томилогдон ажилласан гээд танил байхаас өөр аргагүй. Хашир “бурхинууд” энэхүү танилынхаа хүрээг ч хумихгүй, өргөтгөн тэлэх арга хэмжээг үе үе авчих юм. Тухайлбал, С.Зоригийн хэрэгт холбогдон ял эдэлж байгаа нөхдийг “хэлмэгдсэн, эрүүдэн шүүсэн уучлалт гуйж байна” гэх зэрэг нь Монголын нийгмийг хамарсан том асуудал учраас хүн бүхэн л сэртхийн хүлээн авч байна. Энэ мэтчилэн өөрсдийнхөө танилын хүрээг баталгаажуулсан нөхдийг  л сонгож таарна.

Нөгөө талаас популистууд хаанаас мундах билээ. Өнөөх л Ж.Батзандан, О.Баасанхүү, С.Ганбаатар нарт өндөр магадлал бий. Яагаад гэхээр эд нар эртнээс гудамж талбайд жагсан үймээн дэгдээж, улмаар өдгөө ч парламент үймүүлж байгаа учраас олны нүдэнд орж чихэнд хүрчихсэн хүмүүс. Гэхдээ судлаачид ажиглагчдын үзэж байгаагаар бол улстөрчдөөс цөөн тооны “өвгөн” танилууд болон популистууд гээд парламентийн 50 хувийг бүрдүүлж чадвал их юм гэжээ. Харин урлаг соёл, спортын алдартнууд бол олноор түрэн гарч ирэх магадлалтай аж. Монгол Улсын төдийгүй дэлхийд эрэмбэтай тамирчин Н.Түвшинбаяраас эхлээд Д.Дагвадорж тэргүүтэй сумочдын буухиа үргэлжилнэ. Нөгөө талаас урлаг соёлын оддыг тоолж барахгүй. Ард түмний дунд Хасар дүрээрээ мөнхөрсөн төдийгүй олон дэлгэцийн бүтээлээр монголчуудын танил болсон УГЖ Б.Жаргалсайхан тэргүүтэй драммын жүжигчид бүлгийн хэмжээнд баг бүрдүүлж болох юм. Үүнээс илүүтэй хошин шогийн жүжигчид чамгүй олноор орж ирэх боломж бүрдэнэ. Тухайлбал, “Шинэ үе” продакшний жүжигчин Д.Ариунболд, “Х ТҮЦ” продакшний жүжигчин Л.Баттулга гээд ороод ирэхийг үгүйсгэхгүй.  Тэгэхээр манай С.Ганбаатар, Ж.Батзандан нарын попууд гавьяат жүжигчдийн дунд жүжиглэж сууна гээд бод доо. Өдгөө парламентад сууж буй дуучин С.Жавхлан, Дархан аварга А.Сүхбат нар улиран сонгогдох хэмжээний танил юм. Энэ бол төсөөлөл хэдий ч өнөөдөр манай зах зайдуу сонгогчдын хэмжээ ийм л байгаа. 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх Ажлын хэсэг “Монгол Улс нэг тойрог” хэмээх хувилбарыг дагалдах бусад хувилбаруудын хамт Намынхаа бүлэгт өгсөн. Бүлгийн гишүүдийн хувьд эсрэг тэсрэг байр суурьтай байна. Мэдээжийн хэрэг нэртэй зүстэй ахмадууд нь таатай хүлээн авч, нэрд гараагүй залуучууд дургүй байгаа болов уу. 

МАН-ын бүлэгт олонд бүү хэл тойрогтоо ч сайн танигдаагүй залуучууд олон бий. Тодотгож хэлбэл өнгөрөгч 2016 оны сонгуулиар сонгогчдын туйлширсан савлагаанд гарч ирсэн нөхөд олон байдаг. Монгол Улс нэг тойрог болоод явахад МАН-ын залуу боловсон хүчин гэгдэх залуусыг алс баруун, зүүн хязгаарт хэн таних вэ гээд олон асуудал тулгарна. Тэгэхээр “Монгол Улс нэг тойрог” гээд эхний 76 нэр дэвшигчийг барина гэвэл яах аргагүй оддын болон популистуудын парламент бүрдэнэ гэсэн үг. Урьд өмнөх статистик баримтаар бол УИХ-ын ээлжит сонгуулиар 600-800 нэр дэвшигч л өрсөлдөж ирсэн байдаг. Улс төрийн намууд тус бүр 76 нэр дэвшигчээ илгээнэ гэвэл учраа алдаж таарна. Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй 30 гаруй нам бүгдээрээ 76 нэр дэвшигч илгээнэ гэвэл ойролцоогоор 2000 гаруй нэр дэвшигч өрсөлдөнө гэсэн үг. Гэхдээ ийм боломжгүй, тийм хүний нөөц байхгүй. Ямартай ч улс төрийн ууган хүчин МАН, удаах хүчин АН-ын хувьд бол 76 нэр дэвшигчээ илгээнэ. Энэ хоёр намд 76 нэр дэвшигч гаргах хүний нөөц, боловсон хүчин хангалттай бий. Харин МАХН 76 нэр дэвшигч илгээх гэж зүдрэх ч нөөцөө шавхаад болгосон дүр эсгэнэ. Бусад жижиг намуудын хувьд бол 76 нэр дэвшигч илгээх боломжгүй. Жишээ нь, БНН-аас Б.Жаргалсайхан гээд бараг дуусчих байх. Ингэхээр урьд өмнө статистик баримжаатай тоо гарах байх. Үүнээс харахад Монгол Улсыг нэг тойрог болгох хувилбар нь тийм ч таатай зүйл биш гэдгийг эндээс харж болно.

Дэлхий дахинд пропорциональ,  мажоритар гэсэн сонгуулийн ердөө хоёрхон зарчим бий. Тухайлбал, нэг нь пропорциональ буюу нэр дэвшигчийг дэвшүүлсэн намын төлөө саналаа өгөх, нөгөө нь мажоритар буюу нэр дэвшигчийг сонгодог зарчим. Энэ хоёр зарчмаа дан дангаар нь эсвэл хольж солиод өөр өөрийнхөө улс орны онцлогт тохирсон системээр л явж ирсэн түүхтэй. Манай улсын хувьд бүх хувилбарыг туршиж үзсэн ч бас болж өгөхгүй ахиад л өөр хувилбар санал болгоод сууж байгаа нь энэ.

Хэрвээ пропорциналь тогтолцоо болж байсан бол түүнийгээ засч сайжруулаад цааш явж болох байсан ч манай нөхцөлд бас л тохирохгүй байна.  Энэ тогтолцоонд томсгосон тойрогт намын жагсаалтаар сонгогчдын огт хүсээгүй, сонгохгүй байх нэр дэвшигч орж ирдэг нь бас л манай нөхцөлд тохирохгүй байгааг хэлж буй. Гэтэл мажоритар тогтолцоонд жижиглэн хуваасан ч мөнгөтэй нөхөд тус тойргийг худалдаад авчихдаг гээд манай хөрсөнд тохирсон сайн тогтолцоог одоо болтол олоогүй явна. Гэхдээ одод, популистууд, тэтгэврийн өвгөдөөс бүрдсэн Хууль тогтоох дээд байгууллага байж болохгүй.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
su ah(202.179.25.131) 2019 оны 06 сарын 07

Yamar ch sistemeer songolt hiihdee zuvhun eh oronch humuusiig l songo MAHAH d tiim humuus baihgui gehed bolno. Harin Oyunerdeniig songoj bolno. Busad ni bol Mongoliin daisnuud.

su ah(202.179.25.131) 2019 оны 06 сарын 07

Yamar ch sistemeer songolt hiihdee zuvhun eh oronch humuusiig l songo MAHAH d tiim humuus baihgui gehed bolno. Harin Oyunerdeniig songoj bolno. Busad ni bol Mongoliin daisnuud.

su ah(202.179.25.131) 2019 оны 06 сарын 07

Yamar ch sistemeer songolt hiihdee zuvhun eh oronch humuusiig l songo MAHAH d tiim humuus baihgui gehed bolno. Harin Oyunerdeniig songoj bolno. Busad ni bol Mongoliin daisnuud.

su ah(202.179.25.131) 2019 оны 06 сарын 07

Yamar ch sistemeer songolt hiihdee zuvhun eh oronch humuusiig l songo MAHAH d tiim humuus baihgui gehed bolno. Harin Oyunerdeniig songoj bolno. Busad ni bol Mongoliin daisnuud.

Unshigch(202.126.89.10) 2019 оны 06 сарын 07

Buhchuudiig bas nemj oruulaarai.

Unshigch(202.126.89.10) 2019 оны 06 сарын 07

Buhchuudiig bas nemj oruulaarai.

Unshigch(202.126.89.10) 2019 оны 06 сарын 07

Buhchuudiig bas nemj oruulaarai.

Top