Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн тавдугаар конгресс долоодугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү конгресст Ази, Номхон далайн бүсийн 34, бусад тивийн ес, нийт 43 орны 700 орчим зочид төлөөлөгч оролцсон бөгөөд “Хэнийг ч орхигдуулахгүй байх” уриатай үр дүнгийн хурлыг өчигдөр олон нийтэд танилцуулсан юм. Тус хэвлэлийн хуралд ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Конгресст бэлтгэх техникийн ажлын хэсгийн ахлагч Г.Өнөрбаяр, Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Ганчимэг нарын албаныхан оролцов. Мөн энэхүү хуралд Ази-Номхон далайн бүс нутгийн хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх сүлжээний тэргүүн Гулам Наби Низамани, “ЛеонардЧешир” сангийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс дэх Суурин төлөөлөгчийн газрын бүсийн хөгжлийн хөтөлбөрийн асуудал эрхэлсэн зөвлөх Барха Хэнри нарын Олон улсын зохион байгуулах хорооны гишүүд оролцсон юм.
Гулам Наби Низамани: Монгол Улсын Засгийн газар амжилттай зохион байгуулж чадах болов уу гэсэн айдастай байсан
Зочид Монгол Улс конгрессийн зохион байгуулалтад сайн жишиг тогтоож чадсныг онцлон тэмдэглэж байсан бөгөөд энэ тухай Ази, Номхон далайн бүс нутгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх сүлжээний дарга Гулам Наби Низамани “Монгол Улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн конгрессыг анх удаа зохион байгууллаа. Энэ утгаараа би Монгол Улсын Засгийн газар энэ конгрессыг амжилттай зохион байгуулж чадах болов уу гэсэн айдастай байснаа нуухгүй ээ. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар, ХНХЯ маш амжилттай зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ асуудалд ач холбогдол өгч, тулгарсан бэрхшээлийг хамтдаа шийдэж чаддаг гэдгээ харууллаа. Конгрессыг Монголд зохион байгуулснаар танай улсын иргэдийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх ойлголт нь сайжирна гэдэгт итгэлтэй байна. Энэ л конгрессын маш том үр дүн юм. Мөн дэлхийн бусад улс орон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хөгжүүлэхийн тулд юу хийж байна гэдгийг ойлгож, харилцан суралцсан сайхан боломж байлаа” хэмээсэн юм.
Конгресст оролцсон нийт зочид төлөөлөгчдийн 40 гаруй хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлжээ. Мөн энэ үеэр 250 сайн дурын ажилтан, орчуулагч ажиллаж дотоод, гадаадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалж байсан бол сонсголын бэрхшээлтэй хүмүүст дохионы хэлний 32 хэлмэрч конгрессын үйл ажиллагааг бүхэлд нь англи, монголоор хүргэж байсан нь “Хэнийг ч орхигдуулахгүй байх” уриатай энэхүү арга хэмжээний онцлох үзүүлэлт байж чадсаныг ч мөн тэд онцлон тэмдэглэж байлаа.
“Леонард Чешир” сангийн зөвлөх Барха Хэнри: Бид бүхний нүдийг нээсэн түүхэн арга хэмжээ боллоо
Монгол Улсын Засгийн газар энэхүү конгрессыг зохион байгуулсанд маш их баярлалаа. Энэ нь бид бүхний нүдийг нээсэн маш сайхан, түүхэн арга хэмжээ боллоо гэж үзэж байна. Туршлага солилцох хэлэлцүүлэг зохион байгуулж маш сайхан боломжуудыг олголоо.
Энэхүү конгрессыг зохион байгуулснаар Монгол Улсын Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажил тодорхой харагдлаа. Бүх төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг энэхүү конгресст төлөөллөөр оролцуулсныг харахад маш таатай байлаа. Тэр дундаа нэг зүйлийг тодотгон хэлмээр байна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өөрсдийг нь хамруулахгүйгээр тогтвортой хөгжлийн зорилт, аливаа нэг албан бичиг баримтыг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байдаг. Тэдний оролцоог хангана гэдэг бол маш чухал асуудал юм.
Би хэлэлцүүлгүүдээс зарим нэг зүйлийг онцолмоор байна. Хэнийг ч орхигдуулалгүйгээр хөгжихөд хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага хамгийн үр дүнтэй стратеги юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгарч буй бүх төрлийн ялгаварлан гадуурхал бүхий хууль тогтоомж, мэдээлэл болон орчны хүртээмжгүй байдал, олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх, эрүүл мэндийн үйлчилгээ болон туслах хэрэгслийн хүртээмж, бие даан амьдрах нөхцөлийг сайжруулах нь бидний нэн тэргүүний зорилт байх ёстой. Түүнчлэн нийгмийн хамгаалал, боловсрол, хөдөлмөр эрхлэлт зэрэг гол асуудлууд, бусад суурь үйлчилгээ тухайлбал, эрүүл мэнд, асран хамгаалах, эрүүл ахуй, ус, эрчим хүчний хангалтыг зэргийг сайжруулах нь бүс нутгийн хэмжээнд анхаарах асуудал. Мөн тэгш хамруулан хөгжүүлэх хандлагыг нэвтрүүлж хөрөнгө оруулалтыг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй гэхгүйгээр дэлхийд насжилтын асуудал эрчимжиж буй энэ цаг үед ахмад настнуудад ч мөн адил чиглүүлэн хүртээмжтэй болгох хэрэгтэй байна. Бүсийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгамдаж буй асуудлаар төр болон бусад оролцогч талууд тогтмол хамтран хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрч байхыг ч онцлон хэлмээр байна.
Тус конгресст оролцогчид гурван үндсэн сэдвээр асуудлаа хэлэлцсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эдийн засгийн асуудал, эдгээр иргэдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх сайн туршлагыг түгээх, нийгмийн оролцоог сайжруулах зэрэг үндсэн асуудлуудыг хэлэлцсэн тус конгресст нийтдээ 85 илтгэл хэлэлцэгджээ.
Тус хурлын үеэр “Улаанбаатарын тунхаглал” хэмээх баримт бичгийг баталж гаргасан бөгөөд энэ тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарын бичгийн дарга С.Тунгалагтамираас зарим зүйлсийг тодрууллаа.
-“Улаанбаатарын тунхаглал”-д ямар асуудлуудыг тусгаж өгсөн бэ?
-Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан олон асуудлыг үүнд тусгаж өгсөн байгаа. Тухайлбал бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг бууруулах, дэд бүтцийн хүртээмжийг шийдвэрлэх, мөн нийгмийн хамгаалал, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, тэгш хамруулан хөгжүүлэх, бүсийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгарч байгаа бүх төрлийн асуудлыг барим бичигтээ тусгаж өгсөн. Тэдгээр хүмүүс бусад хүмүүсийн адилаар эрхээ хангуулах, нийгмийн харилцаанд орж, оролцоог бий болгох боломжтой гэдгийн мөн энэхүү баримт бичигтээ тусгасан байгаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд аль салбарт түлхүү хөдөлмөр эрхэлж байна вэ?
-Манай улсад нийтдээ 105.7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Хөдөлмөрийн эрхлэх насанд хүрсэн 70 мянга орчим иргэн байдгаас 20 гаруй хувь нь хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа бий. Тэд ихэвчлэн жижиг дунд бизнес эрхэлж, өөрсдийн ажлын байрыг бий болгосон байдаг.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай сургуульд явуулж, тусгай боловсрол эзэмшүүлэх нь хэр зөв үзэгдэл вэ?
-Боловсролын яам дээр хүүхдүүдийг бүх төрлийн боловсролын үйлчилгээнд тэгш хамруулахыг баримталж ажиллаж байгаа. Сургууль цэцэрлэгийн орчны хүртээмж, дэд бүтцийг сайжруулах, багшлах боловсон хүчин зэргийг сайжруулах ажил хийгдэж байгаа. МУБИС дээр тусгай хэрэгцээт боловсролын тэнхим байгуулагдсан. Төгсөгчид 2022 онд сургуулиа дүүргэнэ. Мөн Боловсролын яам дээр энэ чиглэлийн үйл ажиллагаанууд хийгдэж байгаа. Сэргээн засварлах үйлчилгээ үзүүлэх мэргэжилтнүүд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд бэлтгэгдэж байгаа.
-Албан байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах тухай Хөдөлмөрийн хуульд заасан байдаг. Үүний хэрэгжилт хэр явж байна вэ?
-Хөдөлмөрийн хуулийн 111-р зүйлд 25 болон түүнээс дээш ажилтантай аж ахуй нэгж байгууллагууд нийт ажилчдынхаа дөрөв болон түүнээс дээш хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулна гэсэн заалт бий. Хэрэв хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байрандаа авч ажиллуулахгүй бол тухайн байгууллага өөрийнхөө дундаж цалингийн хэмжээгээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлбөр төлөх тогтоол батлагдсан байдаг. Харамсалтай нь үүний хэрэгжилт төдийлөн хангалттай биш байна. Бид үүнийг сайжруулахын тулд Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Аж үйлдвэрийн тэнхим зэрэг байгууллагуудтай хамтарч ажиллахаар төлөвлөөд байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд албан байгууллагуудад ажиллахад дэд бүтцийн асуудал чухал байдаг байх. Энэ тал дээр юу хэлэх вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан 00 гэдэг ч юм уу, тиймэрхүү байдлаар ялгаварлах ёсгүй байдаг. Дэд бүтэц бүх хүнд хүртээмжтэй байх нь хамгийн чухал. Тэгэхээр бүх хүнд зориулсан ариун цэврийн байгууламж, орц гарцтай байх ёстой. Эдгээрийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулж хий гэдэг албан шаардлага байдаггүй. -Монгол улсад хүртээмжтэй орчин бий болгох асуудал учир дутагдалтай байгаа нь үнэн. Манай улсад явган хүний зам, барилга байшинтай холбоотой стандартууд байдаг . Энэхүү стандарт нь олон улсын түвшинд хүрсэн, маш нарийвчлалтай байдаг ч хэрэгжилтийн хувьд ахиц дэвшил хараахан гарахгүй байгаа. Үүн дээр бид Барилга хот байгуулалтын яам, МХЕГ болон холбогдох бусад байгууллагуудтай хамтарч ажиллах ажлын эхлэлийг тавиад байна. Барилга, дэд бүтэц, нийтийн тээвэр, бусад хууль, хүртээмжийн асуудал дээр бүрэн хуульчилж өгөхөөр ажиллаж байна.
-Хуульчилсан ч хэрэгжилт байхгүй байгаа тохиолдолд яах вэ?
-Хууль батлагдаад сайжрах юм бол бид хэрэгжилт дээрээ талууд хамтраад ажиллахад үр дүн харьцангуй сайн үр дүн гарах байх гэж бид найдаж байгаа.
-Хамт олонд түшиглэн хөгжүүлэх сайн туршлагыг түгээх асуудал дээр манайд хэрэгжүүлэх боломжтой ямар жишээнүүд байсан бэ?
-Индонез улсын жишээ маш сайн жишээ байлаа. Тэд өөртөө туслах бүлэг байгуулаад бие биедээ туслан хөдөлмөр эрхлэх, өрхийн үйлдвэрлэл, газар тариалан эрхлэх зэрэг ажлуудыг хийсэн нь өндөр үр дүнтэй байсан. Энэ нь манай улсад хийж болох хамгийн боломжит ойрын жишээ.
-Эдгээр улсуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хандах хандлага нь хэр байдаг бол. Манайд одооноос л сайжирч байх шиг байна?
-Ерөнхийдөө дэлхий нийт болон бүсийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өмнө нь ойлгодог байсан ойлголт нь халамж хүртэгч, эрүүл мэндийн үйлчилгээ аваад гэртээ байж байдаг нэгэн мэтээр хардаг байсан бол сүүлийн үед хүний эрхэд суурилсан загвар руу шилжээд хүмүүсийн ойлголт хандлага дээшлэх процесс эхлээд байна. Тэгэхээр бид ч мөн энэ жишгийг дагаад энэхүү зарчим хандлагад нийцэхийн тулд олон нийтэд чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )