Өмнөд Америкийн Боливи улсад нэгэн туранхай гэмт хэрэгтэн хорих камерын торны завсраар оргосон явдал гарсан байна. Жин хасахын бас нэгэн ач тус энэ буюу.
Боливийн халаасны хулгайч Коко хочит Хорхе Мантилья олон жил Ла-Пас хотын иргэдэд гай тарьсан этгээд. Халаасны хулгайнаас гадна орон гэрийн хулгайд ч мэргэшсэн тул эд мөрийн баримт үлдээх нь үгүй. Гэвч нэг удаа тэр камертай айл ухаад баригдсан юм. Цагдаа нар камерын бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьснаар Коко баригдаж, Цагдаагийн газарт байцаагдахаар болжээ. Алдарт хулгайчийг барьсан цагдаа нар сэтгэл нь амран, түүнийг камерт хориод гараад явсан байна.
Харин Хорхе энэ үед цаг алдсангүй. Хүнгүй болонгуут камерын торны завсраар юу ч болоогүй мэт гараад явчихсан юм. Туранхай “гуалиг” бие нь ч тус болсон нь мэдээж. Эсвэл тэр хэзээ нэгэн цагт баригдахаа мэдээд оргох төлөвлөгөө боловсруулж, жингээ хасаж байсан байж болох.
Кокогийн оргож байгаа бичлэг цахим сүлжээгээр тарж, цагдаа нар дарга нартаа бангадуулсан байна. Хоёр хоногийн дараа цагдаа нар түүнийг дахин баривчилсан. Харин энэ удаад өөр камерт хорьсон нь мэдээж.
Сэтгэгдэл ( 0 )