Египет улс Тутанхамуны цээж баримлын талаар Интерполд ханджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 09

Египетийн эрх баригчид Олон улсын цагдаагийн агентлаг буюу Интерполд хандан өнгөрсөн долоо хоногт Лондон хотноо дуудлага худалдаагаар зургаан сая ам.доллароор зарагдсан эртний Египетийн фараон Тутанхамуны чулуун цээж баримлын хаана буй, хэн эзэмшиж байсныг тогтоох тал дээр туслалцаа хүсжээ.

Christie's дуудлага худалдааны агентлаг эртний үнэт баримлын дуудлага худалдааг энэ сарын 4-ний өдөр зохион байгуулсан билээ. Египетийн эрх баригчид гаднын археологичдын илрүүлж, тус улсын хилээр хууль бусаар гаргасан эртний археологийн олдвор, соёлын дурсгалт өвийг буцаан өгөх шаардлага тавиад байгаа юм.

Францын мэдээллийн AFP агентлагийн мэдээлснээр, Египетийн прокурорын газар тус улсын эртний эдлэлийг буцаан авах үндэсний хорооны шаардлагын дагуу Интерполд хандан хууль ёсны эзэмшигчийг нь нотолсон баримт бичиггүй эртний соёлын өвийг шалгах тухай шийдвэр гаргах хүсэлт тавьжээ.

Нарны бурхан Амоны газар дээрх дүр хэмээн өргөмжлөгдөн, тахигдаж байсан залуу фараон Тутанхамуны цээж баримал хувийн цуглуулгад байж байгаад 1985 онд анх удаа дуудлага худалдаанд орж байжээ. Энэ баримал Европт хэрхэн орж ирсэн нь өнөөг хүртэл тогтоогдоогүй. Christie's агентлагийн мэдэгдэж буйгаар, тус баримал 1960-аад оны үер Вильхельм фон Турн гэгч Германы язгууртны цуглуулгад байсан гэнэ.

Тутанхамун фараон М.Э.Ө. 1332-1323 онуудад Египетийг захирч байсан. Түүний бунхан Английн археологич Ховард Картер, Херберт Карнавон нар 1922 онд нээтэл хүний гар хүрч, тоногдолгүй хадгалагдаж байжээ. Тутанхамуны бунхны нээлт ХХ зууны археологийн хамгийн том нээлтэд тооцогддог бөгөөд эртний Египетийг сонирхох дэлхий нийтийн сонирхлыг эрс нэмэгдүүлсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top