Египет улс нэг зууны тэртээ анх илрүүлсэн залуу фараон Тутанхамуны алтан бүрмэл модон авсыг сэргээн засварлах ажлыг албан ёсоор эхлүүлжээ. Египетийн эд өлгийн зүйлсийн яам ирэх жил Гиза пирамидын дэргэд нээгдэх Египетийн Их музейд Тутанхамун фараоны бунхнаас олдсон эд өлгийн зүйлсийг дэлгэн харуулна гэж мэдээлжээ.
Эртний Египетийн 18 дахь үеийн хаан болох Тутанхамуны бунхныг Британийн археологич Ховард Картер 1922 онд Луксор дахь Хаадын хөндийд анх нээж байжээ. Бунханд нийт таван мянга орчим эд өлгийн зүйлс олдсон байна.
Залуу фараоны авсыг өмнөд Египетээс Египетийн Их музей рүү гурван хоногийн өмнө зөөвөрлөн авчирч, нээснээс хойш анх удаа ийнхүү сэргээн засварлаж байна. Сэргээн засварлах ажил найман сар үргэлжлэх гэнэ. Энэ оны нэгдүгээр сард Тутанхамун хааны бунхныг сэргээн засварлаж дууссан байна. Энэ ажил арван жил үргэлжилжээ.
Тутанхамун есөн насандаа фараонд өргөмжлөгдөж байсан бөгөөд 18 дахь үеийн сүүлчийн хаадын нэг юм. Тэрээр М.Э.Ө. 1333-1323 онд Египетийг захирч байжээ.
Сэтгэгдэл ( 0 )