Португал: Түймэр унтраахаар 1700 гал сөнөөгч ажиллаж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 22

Португалд гарсан ойн түймрийг унтраахаар 1700 гал сөнөөгчид, 400 орчим машин, техник дайчлагдан ажиллаж байна.

Ойн түймэр Лисбон хотоос 200 км зайд Каштелу Бранку хот орчмын шигүү ойн бүсэд гарчээ. Түймрийн улмаас найман гал сөнөөгч, 12 энгийн иргэн түлэгдэж, бэртсэн байна. Зөвхөн Вила ди Рей сууринд гэхэд түймрийг унтраахаар 800 гал сөнөөгч, 245 машин техник, 12 онгоц, нисдэг тэрэг дайчлагдан ажиллажээ.

Цагдаагийнхны мэдээлснээр, гал тавьсан байж болзошгүй 55 настай нэгэн этгээдийг Каштелу Бранку хотноо баривчилсан бөгөөд хэргийг шалгаж байгаа гэнэ.

Тус улсын арми гал сөнөөгчдөд зам гаргаж өгөх үүднээс 20 цэрэг, цэргийн машин, техник түймэр асаж буй газар руу явуулсан байна.

Хуурай салхитай, халуун цаг агаарын улмаас Португалын таван мужид ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна. Эдгээр бүс нутагт галд амархан шатдаг эвкалипт модыг ихээр тарьдаг бөгөөд энэ нь нутгийн иргэдийн орлогын гол эх үүсвэр юм.

Европын Ойн түймрийн мэдээллийн системийн мэдээллээс үзвэл, Европ даяар энэ оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд нийт 250 мянга гаруй га газар түймэрт өртжээ. 2018 онд 181 мянган га газар ой, хээрийн түймэрт өртсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top