Наадмын дараа намар гэж. Нээрээ л наадмын маргааш налайгаад л, навчис сэрчигнээд, тал цэлийгээд л...Өвсний толгойд шүүдрийн ус хурж, бороо шаагих нь намрын өглөөг улам бүр чимэх шиг. Намрын навчис сэрчигнэх нь хааяадаа гуниг төрүүлдэг ч заримд нь бодрол, ухаарлыг төрүүлдэг улирал. Хүүхэд багачуудын хувьд сургууль руугаа яардаг, хүн зоны ажил алба жигдэрдэг улирал.
Намар болохоор бага балчир насны минь сайхан дурсамжууд сэтгэлд буудаг юм. Нэгдүгээр ангид ороход аавын минь хотоос авчирч өгч байсан хөөрхөн хар цүнх, шинэхэн цаасны үнэр шингэсэн дэвтрүүд, ном, өнгө өнгийн харандаа, ягаан черниль, бас үзэг. Жил жилийн намарт аав минь тэр л “заншлаараа” дэвтэр, номыг минь бэлдэж өгдөгсөн. Би ч урмыг тань хугалаагүй. Таныхаа авч өгсөн тэр хөөрхөн цүнхийг үүрээд гарсан тэр өдрөөсөө эхлэн эрдэм номд шамдан суралцсаар ирсэн.
Гэвч он цаг улиран одсоор олон намар өнгөрчээ. Таны минь үсэнд насны хяруу унаж эхэлжээ. Тэнэгхэн охин нь үүнийг намар болохоор л ажиглах юм даа. Эргээд санахад охин нь дэндүү дураараа, дэндүү эрх танхи байжээ. Жил жилийн намарт хүссэн бүхнээ авдаг байж. Та минь өөртөө шинэ гутал, шинэ цүнх авах мөнгөө надад л зориулдаг байж. Үүнийхээ төлөө та надаас хэзээ ч хариу нэхээгүй. Наймдугаар сарын 31-ний орой миний шинэ формыг индүүдээд зогсох мөртөө өөрөө олон жил өмссөн эмчийн цагаан халаадаа индүүддэг байж. Гэхдээ тэр халааданд таны минь үнэр нэвт шингэсэн байдаг юм. Би үнэрлэх хэчнээн дуртай гээч...Гэхдээ энэ жил би есдүгээр сарын 1-нд тандаа шинэ халаад авч өгөхийг хүсэж байна. Цоо шинэ, цав цагаан, яг л таны минь сэтгэл шиг цагаахан тэр халаадыг өмсөөд намайг хөтлөөд сургууль руу явахдаа тодруулдаг байсан тэр л сайхан инээмсэглэлээрээ өөрийгөө чимээд ажлаа эхлээрэй, аав аа.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"
Сэтгэгдэл ( 1 )
гоё сайхан