Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар орон нутагт танилцуулах, тулгамдаж буй асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор бүсчилсэн уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл 700 шахам хүнийг хамруулсан уулзалт өнөөдөр Хэнтий аймгийн төв Чингис хотод болж байна.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Улсын Их Хурлын гишүүн Л.Сорнзонболд, Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь болон ХХААХҮЯ, ЖДҮГ, Мал эмнэлгийн ерөнхий газрын холбогдох албаны удирдлагууд оролцож, салбарын бодлого, хэрэгжилт, тулгамдсан асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Тодруулбал, мал аж ахуй, газар тариалан, мал эмнэлэг, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт төрөөс хэрэгжүүлж буй бодлого, чиглэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга хийж, орон нутгийн үйлдвэрлэгчидтэй санал солилцон ажиллаж байна.

Уулзалтын гол зорилго нь орон нутагт тулгамдаж буй асуудлын гарц, шийдлийг бодлогын түвшинд тодорхойлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэж буй юм.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уулзалтыг нээж хэлсэн үгэндээ: “-Хөдөө аж ахуйн бодлого кабинет дотор биш, орон нутагт, амьдрал дээр хэрэгжих ёстой. Бүс бүрийн онцлог, үйлдвэрлэгчдийн бодит хэрэгцээнд тулгуурласан хэлэлцүүлэг өрнүүлэх нь энэ уулзалтын гол зорилго” хэмээн онцоллоо.

ХХААХҮЯ-наас бүсчлэлийн тогтолцоонд үндэслэн Хэнтий, Дундговь, Өвөрхангай, Ховд, Булган, Дархан-Уул аймгуудад хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалтыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top