ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.05.11. Энэ жилийн 131 дахь өдөр ба он дуустал 234 хоног үлдлээ. онгол эх оронд маань нар 05 цаг 17 минутад мандлаа, 20 цаг  20 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 26 хэм, шөнөдөө 10 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн арьсны хорт хавдартай тэмцэх өдөр, Коучингийн олон улсын долоо хоног. Энэ өдөр Индонезид Үндэсний зэвсэгт хүчний өдөр бол Энэтхэгт Үндэсний технологийн өдөр, Вьетнамд Хүний эрхийн өдөр, Аргентинд Жүжигчдийн баярыг тэмдэглэж байна.

Өнөөдөр Америкийн жүжигчин Фрэнсис Фишер, Мексикийн жүжигчин Мария Сорте, Зөвлөлт, Украины хөгжмийн зохиолч, продюсер Константин Меладзе, Германы “Rammstein” хамтлагийн бөмбөрчин Кристоф Шнайдер, Америкийн кино найруулагч, продюсер Марк Невелдайн, Францын жүжигчин Бенуа Мажимел, Летиция Каста, Испанийн хөлбөмбөгч Андрес Иньеста зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1932 оны энэ өдөр Монголын төв, Баруун хэсгийг хамарсан хувьсгалын эсэргүү бослого дэгджээ. Зэвсэглэсэн 13 отрядын 3000 орчим шар цэрэг оролцсон уг бослого Завханы Их-Уул, Тосонцэнгэл, Хөвсгөлийн Рашаант, Ренчинлхүмбэ, Архангайн Мөрөн, Тариат, Агьтын хүрээ хийдүүдэд төвлөн, үйл ажиллагаагаа явуулж байв. Уг бослого зургаан сар орчим үргэлжлэх хугацаандаа улсад ихээхэн хохирол учруулжээ. Дотоодыг хамгаалах газар, цэргийн яамнаас томилсон тусгай хорооныхон ба сайн дурын морьт отрядуудын хамтарсан хүчээр том, жижиг зэвсэгт тулгаралтуудын үр дүнд дарагдсан юм.

1939 оны энэ өдөр Халх голын байлдаан эхлэв. Монгол Улсын дорнод хил, Халхын гол орчмоор Японы милитаристууд гэнэт халдан довтолж, дорно зүгт дарийн утаа суунагласан юм. Халх голын дайн Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт дөрвөн сар үргэлжилжээ.

1979 оны энэ өдөр БНМАУ, Мадагаскар улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

2013 оны энэ өдөр МАХН-ын Бага хурлаас 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Удвалыг нэр дэвшүүлжээ. Тэрбээр Монгол Улсын түүхэнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин, өрсөлдсөн анхны эмэгтэй болов.

2013 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цаатан иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах зорилгоор тайгад амьдардаг 18 хүртэлх насны цаатан хүүхдэд Хангайн бүсийн амьжиргааны доод түвшний 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгохоор Засгийн газраас журам баталжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

868 онд Хятадад "Очир эрдэнийн судар" хэвлэгдэв. Энэ нь дэлхийн хамгийн анхны хэвлэмэл ном байсан билээ

1310 оны энэ өдөр Францын хаан IV Филип хаан "Баатруудын темплар"-ын 54 гишүүнийг тэрс үзэл гаргасан хэргээр галдан шатаажээ

1927 оны энэ өдөр АНУ-ын Кино урлагийн академи байгуулагджээ

1942 онд Америкийн богино өгүүллэгийн мастер Уиллиам Фолкнерийн "Мосес буцсан нь" туужийн цоморлиг худалдаанд гарчээ

1949 оны энэ өдөр Сиамийн эзэнт гүрэн Тайланд болгон нэрээ өөрчилжээ.

1972 онд АНУ-ын Невада мужид орших туршилтын талбайд цөмийн туршилт үйлдэв.

1995 онд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд дэлхийн 170 гаруй улс нэгдэн гарын үсэг зуржээ.

1997 оны энэ өдөр алдарт IBM компанийн хөгжүүлсэн "Гүн цэнхэр" компьютер дэлхийн шатрын аварга Гари Каспаровтой сонгодог өргөөр тулж улмаар Г.Каспаровыг буулган авсан юм. Ингэснээр дэлхийн аваргыг хожсон анхны компьютер болон түүхэнд үлджээ.

2013 оны энэ өдөр Туркийн Рэйханли хотод бөмбөг дэлбэрч 52 хүн амиа алдав.

2014 онд Конгийн төв цэнгэлдэхэд хөлбөмбөг үзэж байсан үзэгчид хэтэрхий их байсны улмаас шахцалдаан үүсч 46 хүн амиа алджээ.

2016 оны энэ өдөр Иракийн нийслэл Багдад хотод Исламын улс бүлэглэл бөмбөг дэлбэлж 120 гаруй хүн амиа алдав.

Энэ өдөр үс засуулвал өвчин эмгэг ирнэ

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top