ДЭЛХИЙН ТОЙМ: ОХУ-ыг “ИХ 8”-д буцааж авах уу?

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 22

“ОХУ-ыг “Их 8-“д буцааж авах нь оновчтой шийдвэр байх болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр ийм санаачилгыг дэмжинэ гэдгээ онцолсон юм. Үүний зэрэгцээ Трамп өмнөх Ерөнхийлөгч Барак Обама 2014 онд ОХУ-ыг “Их 8”-аас хасахыг дэмжиж, Путинийг эсэргүүцэж байсныг хэлжээ. Мөн Холбооны Зөвлөл ОХУ өөрийн санаачилгаар “Их 8”-ийн бүрэлдэхүүнээс гараагүй гэдгийг дурдсан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Трампын мэдэгдэл сонгуулийн кампанит ажлынх нь нэг хэсэг аж.

Доналд Трамп ОХУ “Их 8”-д нэгдэх нь зохистой гэж үзэж буйгаа Румыны Ерөнхийлөгч Клаус Йоханнистой уулзах үеэрээ мэдэгджээ. Тэрбээр Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой утсаар ярихдаа ОХУ-ыг “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтад урих санааг нь дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Ирэх 2020 онд болох “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтад ОХУ оролцох ёстой гэж Трамп үзжээ.

Украины харьяанд байсан Крымийн хойг 2014 онд ОХУ-ын бүрэлдэхүүнд орсныг хууль бус үйлдэл гэж үзсэн АНУ тэргүүтэй Барууны орнууд Оросын эсрэг хориг тавьж, эдийн засаг, хөгжил цэцэглэлтээрээ тэргүүлдэг найман их гүрний бүрэлдэхүүнээс хассан юм. Барууныхан болон Европын холбоо, НАТО нь ОХУ-ыг хууль бусаар өөртөө нэгтгэсэн газар нутгийг Украинд буцааж өгөхийг шаарддаг билээ.

Обамагийн буруу юу?     

Тэгвэл Америкийн Ерөнхийлөгч “Би “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтад олон удаа оролцохдоо Оросын тухай ярьсан. ОХУ тэнд байх нь илүү зохистой гэж бодож байна” гэв. Москваг тус байгууллагад буцааж авах саналыг дэмжиж ажиллах болно гэдгээ Трамп нэмж хэлжээ. Үүгээр ч зогсохгүй Барак Обамагийн буруутай үйл ажиллагаанаас болж Орос улс их найман орны бүлгээс хасагдсан гэж Трамп мэдэгдлээ. Түүний хэлж буйгаар Оросын удирдагч Владимир Путин Америкийн хамтрагчаасаа “илүүрхэж” байсан аж. “Путин түүнийг гүйцэж түрүүлсэн тул Ерөнхийлөгч Обама Оросыг “Их 8”-д оруулах нь буруу санаа гэж бодож байсан” хэмээн Трамп онцолжээ. Тэрбээр Обама шиг ажиллахгүй гэв.

“Их 7-“д АНУ, Герман, Франц, Их Британи, Итали, Япон, Канад орно. Энэ нь дэлхийд эдийн засгийн хувьд тэргүүлдэг улсуудаас бүрдэх бүлэг юм. Эдгээр улс нь дэлхийн эдийн засгийн 62 орчим хувийг бүрдүүлдэг.

“Их 7”-гийн Төрийн тэргүүн, дээд албан тушаалтнууд жил бүр уулзаж, дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлдог гэж хэлж болно. ОХУ энэ байгууллагын бүрэлдэхүүнээс гарахаас өмнө “Их 8” нэртэй байв. ОХУ энэ бүлэгт буцаж ирэх тухай асуудал өмнө нь яригдаж байсан юм. Трамп 2018 оны зургаадугаар сард болсон “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр “ОХУ энэ уулзалтад оролцох ёстой” гэж мэдэгдэж байлаа. Энэ нь улс төрийн хувьд буруу, хэлэлцээрийн ширээнд Орос хэрэгтэй гэж тэрбээр үзэж байна.

Путин: Бид “Их 8”-аас гараагүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэдхэн хоногийн өмнө Францад уулзсан билээ. Хэлэлцээ эхлэхээс өмнө Орос “Их 7”-д буцаж орох асуудал хөндөгджээ. Путинээс сэтгүүлч “Их 8”-д буцаж ирэхийг хүсэж байгаа эсэхийг асуухад “Бид Москва тус байгууллагаас гараагүй гэдгийг нэг бус удаа хэлсэн. ОХУ бүх уулзалт, арга хэмжээнд нь оролцсоор ирсэн” гэжээ. Путин “Энэ найман гүрний бүлгийн асуудалд бид хэзээ ч, юунаас ч татгалздаггүй. Бид хамтрагч нараа хэзээд хүлээж авахад бэлэн” гэж хариулсан байна. Үүний зэрэгцээ Оросын Төрийн тэргүүн дэлхийн үйл явдалд чухал үүрэг гүйцэтгэдэг бусад байгууллага байдгийг хэлжээ. “Тухайлбал, “Их 20. Өдгөө тэнд эдийн засгийн том тоглогчид болох Хятад, Энэтхэг гэх мэт олон улс орон багтдаг. 20 улсыг та нар бүгдээрээ сайн мэднэ. Энэ бол дэлхийн эдийн засгийн бараг 90 хувь нь юм” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна.

Оросууд “G20”-д сэтгэл хангалуун байгаа бөгөөд “G7”-д элсэх талаар Москва үүнийг анхаарч үзнэ гэж Холбооны Зөвлөлийн Гадаад харилцааны хорооноос мэдээлжээ. Дэлхийн тэргүүлэх улс орнуудын удирдагчид Оросгүйгээр их зүйл хийх боломжгүй гэдгээ ойлгосон гэж ажиглагчид дүгнэж байна. “ОХУ дэлхийн аливаа мөргөлдөөн, асуудлыг шийдвэрлэхэд маш чухал байр суурь эзэлдэг. Бид бүгд энх тайвны төлөө хичээж байна” хэмээн Оросын нэгэн шинжээч бичжээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Бид бол хоёр цөмийн гүрэн. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн. Бид хэлэлцээр хийх боломжтой байх ёстой. Зарим асуудлаар санал зөрөлдсөн байгаа ч бид хамтран ажиллах ёстой” гэжээ. Гэсэн хэдий ч Трамп Оросыг “Их 8”-д буцааж оруулах тухай сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд мэдэгдэл хийж байж болно гэж улс төр судлаач Александр Асафов үзэж байна. Шинжээч “ОХУ “Их 7”-гоос хөөгдсөний дараа юу ч алдсангүй. Тус бүлгийн орнуудтай холбоотой хэвээр байгаа” гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч мөн “Их 7”-гийн орнуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top