ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2019 оны 08 сарын 23

Өнөөдөр 2019.08.23. Монгол эх оронд маань нар 05 цаг 57 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 24 градус, түр зуурын бороотой.

Өнөөдөр Боолын худалдааны хохирогчдыг дурсах, түүнийг устгах олон улсын өдөр. Иранд өнөөдөр Эмч нарын өдөр, Украинд Төрийн далбааны өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн химич, Нобелийн шагналт Роберт Кёрл, Италийн дуучин, жүжигчин Рита Павоне, Оросын зохиолч, нийтлэлч Алексей Широпаев, БНСУ-ын кино найруулагч, Канн, Венец, Берлиний кино наадмын шагналт Пак Чан Ук, Оросын эстрадын дуучин Алёна Апина, жүжигчин Валерий Николаев, Игорь Петренко, Америкийн сагсан бөмбөгч Коби Брайант, Америк, Оросын сноубордчин, олимпын хоёр удаагийн аварга Вик Вайлд зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1960 оны энэ өдөр Монгол, Хятад, ЗХУ-ын төмөр замын хамтын тээврийн зургаа дахь удаагийн хурал болов. Мөн Монгол, Хятадын транзит төмөр замын комиссын ээлжит хурал Улаанбаатар хотноо болжээ.

2011 оны наймдугаар сарын 23-24-нд ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге Монгол Улсад айлчилсан билээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1914 оны энэ өдөр Япон улс Германд дайн зарлаж байв.

1990 оны энэ өдөр Армен ЗСБНХУ-аас тусгаар тогтножээ.

1996 оны энэ өдөр Югослав, Хорват улс дипломат харилцаа тогтоов.

2002 оны энэ өдөр Итали, Дани, Хятадын шилдэг дизайнеруудын хувцасны үзүүлбэр БНХАУ-ын нийслэл хотын төв талбай Тяньаньмэнд болжээ.

Өнөөдөр үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно гэж дорнын зурхайд буужээ. Хулгана, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрэм номхотгох, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Харин гүүр тавих, газар ухахад муу. Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top