ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Финландын Төрийн тэргүүн Саули Нийнистё нар Хельсинкт яриа хэлэлцээ хийв. Тэд хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцжээ. Путин тус улсын эдийн засгийн бүсээр дамжуулж буй “Хойд урсгал 2” хийн хоолойг аль хэдийн барьж дуусгасан гэсэн байна. Ерөнхийлөгч нар Европын Зөвлөлийн хүрээнд хийгдэж буй хамтын ажиллагааны талаар онцлоод Украины зүүн өмнөд хэсгийн асуудлыг хөнджээ.
Түүнчлэн Путин, Нийнистё нар гэрээнд хориглосон АНУ-ын пуужингийн туршилтын талаар санал бодлоо солилцов. Путиний хэлснээр уг хөөргөлт нь Вашингтон гэрээнээс гарахаас нэлээд эрт пуужин бүтээх чиглэлээр ажиллаж эхэлснийг баталж байна. АНУ-ын пуужингийн туршилт, “Хойд урсгал 2” болон Украины асуудал нь ОХУ, Финландын Ерөнхийлөгч нарын Хельсинкт хийсэн хэлэлцээний гол сэдэв байв.
Хамтын ажиллагаа
Хэлэлцээ дууссаны дараа тэд хэвлэлийн бага хурал хийжээ. Путин “Хамтын ажиллагааны хэлэлцээ дээд түвшинд (Засгийн газар, холбогдох яам, газар, бүсээр дамжуулан) болон олон нийтийн байгууллагуудын хооронд хийгдэж байна. Бид өнөөдөр худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар ярилцлаа” гэсэн байна. Тэрбээр мөн “Финландын 7000 гаруй компани Оросын зах зээлд ажилладаг” гээд хоёр талын хамтын ажиллагааны жишээ болгон Финландын эдийн засгийн онцгой бүсэд явагдаж байгаа “Хойд урсгал 2” төслийн ажлыг онцолжээ. Хамтын ажиллагааны бусад ирээдүйтэй чиглэлүүдийн нэгээр Нийнистё хог хаягдлын менежментийг нэрлэв. “Бид хог хаягдлын менежментийн талаар ярилцсан. Бид аюултай хог хаягдлын талаар, энэ чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар өмнө ярьж байсан бол одоо хог хаягдлын менежментийн талаар ярилцлаа. Энэ талаар бид талуудад ололт амжилтаа танилцуулахаар төлөвлөж байна” гэж тэрбээр хэлжээ.
Украины байдал
Хоёр улсын удирдагч Украины асуудлыг мөн хэлэлцэв. Путин Нийнистёд Украины зүүн өмнөд хэсэгт үүсээд буй нөхцөл байдлын талаар ярьж, хэдэн долоо хоногийн дараа тэнд очихоор төлөвлөж байгаа Финландын Ерөнхийлөгч “Шийдвэрлэх асуудлаар ахиц гарч байна” гэжээ. “Би хоёр долоо хоногийн дараа тэнд очно. Миний ойлгосноор практик санаачилгууд хэрэгжиж байна. Ажил бараг хэрэгжиж байгаа тул мэдээжийн хэрэг би ийм бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах болно” гэж тэрбээр хэлсэн байна.
Архангельск мужид гарсан осол
Хуралд оролцсон сурвалжлагчид тулгамдсан асуудлын талаар удирдагчдаас асуужээ. Тэд Архангельск мужид пуужингийн хөдөлгүүрийн түлш турших үеэр болсон үйл явдлын талаар хөндсөн байна. “Манай мэргэжилтнүүдийн амь нас хохирсон харамсалтай явдал болсон. Гэхдээ бид үүнийг нуугаагүй” гэж Владимир Путин тайлбарлажээ. ОХУ-ын Архангельск мужийн цэргийн полигонд энэ сарын 8-нд дэлбэрэлт болж, таван хүн амиа алдсан билээ. АНУ үүнийг ОХУ пуужин туршсан гэсэн юм. Доналд Трамп Орост болсон дэлбэрэлтийн дараа объектын эргэн тойрон дахь агаарт болон эргэн тойрны хүмүүст санаа зовниж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл Оросын зүгээс пуужингийн хөдөлгүүрийн шингэн түлшний системийн туршилтын үеэр дэлбэрэлт болсон гэсэн юм. Нас барсан таван цөмийн инженерийг Москвагаас зүүн тийш 373 км-т байх цэнэгт хошуу үйлдвэрлэж буй Саров хотод оршуулжээ. Дэлбэрэлтийн үеэр мөн гурван инженер шархадсан аж. ОХУ-ыг цөмийн хөдөлгүүр бүхий далавчит “Буревестник” пуужин туршсан гэж зарим хэвлэлүүд мэдээлсэн. Шингэн түлш нь уг пуужинтай холбоотой аж. Дэлбэрэлтийн дараа цэргийн баазаас 40 км-ийн зайд байх Северодвинск хотод цацраг туяаны хэмжээ огцом өсөөд буурсан байна. Гэхдээ агаарт хор хөнөөлгүй химийн бодис тарсан, цацраг туяаны хэмжээ хэвийн байгаа аж.
Оросын Ерөнхийлөгч дээрх тохиолдлын талаар мэдээлэл солилцох суваг боловсруулах нь чухал гэдгийг тэмдэглээд “Аюулгүй байдлын асуудлаар би та бүхэнтэй санал нэг байна. Ийм төрлийн мэдээлэл солилцох үр дүнтэй тогтолцоог бий болгох хэрэгтэй” гэж сэтгүүлчдэд хэлжээ.
Америкийн пуужингийн туршилт
Хэвлэлийн бага хурлын үеэр сурвалжлагчдын нэг нь хоёр орны удирдагчаас АНУ дундын болон богино зайн тусгалтай пуужинг устгах гэрээ (INF)-г зөрчиж байгаа талаар асуужээ. Вашингтон уг гэрээнээс энэ сарын 2-нд гарсан байдаг. Путин харж байгаа зүйлдээ сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд “Америкчууд гэрээнээс гарснаа зарласныхаа маргааш пуужин туршлаа. Маш хурдан байна” гэжээ. Нийнистё эдгээр туршилтын талаар хэлэхдээ “Гэрээ учир дутагдалтай байгаа нь Европт хамгийн хурц тулгамдсан асуудал үүсгэдэг” гэсэн байна.
Путин дээрх асуудлаар Европын орнуудын оролцоотойгоор яриа хэлэлцээ эхлүүлсэн боловч одоогоор энэ чиглэлээр амжилт олоогүй байгааг хэлжээ. Тиймээс Орост шинэ аюул заналхийлж байна гэж тэрбээр тэмдэглээд “Москва хариу арга хэмжээ авч, аюулгүй байдлыг хангах бодолтой байгаа. Бид энэ үйлдлийн хариуд зохих арга хэмжээг авах болно” гэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )