ОХУ-ыг “Их 8”-д буцааж авах талаар хэлэлцэв

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 25

Францын Биарриц хотод “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалт болж байгаа билээ. Тус бүлгийн удирдагч нар ОХУ-ыг бүлэгтээ буцааж аван, “Их 8” бүлгийг сэргээх асуудлыг хэлэлцжээ. Энэ асуудлаар хэлэлцэх хүсэлтэй байгаагаа Франц, АНУ зэрэг улсын Ерөнхийлөгч нар илэрхийлж байсан юм. Доналд Трамп Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой утсаар ярихдаа 2020 оны “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтад ОХУ-ыг урихаар тохиролцсон гэсэн мэдээлэл ч байгаа аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ талаар “Бид “Их 7”-той харилцаа холбоогоо ашиггүй гэж үздэггүй. “Их 8”-ын бүлгийг сэргээх асуудлаар хэлэлцэхэд бэлэн” гэжээ.

Тэгвэл Германы тал “Их 8”-ыг сэргээх асуудал нь Украины нөхцөл байдлыг зохицуулах асуудалд ахиц дэвшил гарах эсэхээс хамаарна гэсэн байна.

Украины харьяанд байсан Крымийн хойг 2014 онд бүх нийтийн санал хураалтаар ОХУ-ын бүрэлдэхүүнд орсныг хууль бус гэж үзсэн АНУ тэргүүтэй Барууны орнууд Оросын эсрэг хориг тавьж, эдийн засаг, хөгжил цэцэглэлтээрээ тэргүүлдэг найман их гүрний бүрэлдэхүүнээс хассан билээ. Барууныхан болон Европын холбоо, НАТО нь ОХУ-ыг хууль бусаар өөртөө нэгтгэсэн газар нутгийг Украинд буцааж өгөхийг шаарддаг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top