ДЭЛХИЙН ТОЙМ: “Их 7” юу ярилцав?

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 26

Францын Биарриц хотод энэ сарын 23-27-нд “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалт болж байна. Тус бүлгийн удирдагч нар чухам юу ярилцав? “Их 7”-д АНУ, Герман, Франц, Их Британи, Итали, Япон, Канад улс ордог билээ. Эдийн засгаараа дэлхийд тэргүүлдэг улсуудаас бүрдэх энэхүү бүлэг нь дэлхийн эдийн засгийн 62 орчим хувийг бүрдүүлдэг. “Их 7”-гийн Төрийн тэргүүн, дээд албан тушаалтнууд жил бүр уулзаж, дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлдог гэж хэлж болно. ОХУ энэхүү бүлгийн бүрэлдэхүүнээс гарахаас өмнө “Их 8” нэртэй байв.

“Их 8” болох талаар

Дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ыг бүлэгтээ буцааж аван, “Их 8” бүлгийг сэргээх асуудлыг хэлэлцжээ. Энэ асуудлаар хэлэлцэх хүсэлтэй байгаагаа Франц, АНУ зэрэг улсын Ерөнхийлөгч нар илэрхийлж байсан юм. Доналд Трамп Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой утсаар ярихдаа 2020 оны “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтад ОХУ-ыг урихаар тохиролцсон гэсэн мэдээлэл ч байгаа аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ талаар “Бид “Их 7”-той харилцаа холбоогоо ашиггүй гэж үздэггүй. “Их 8”-ын бүлгийг сэргээх асуудлаар хэлэлцэхэд бэлэн” гэжээ.

Тэгвэл Германы тал “Их 8”-ыг сэргээх асуудал нь Украины нөхцөл байдлыг зохицуулах асуудалд ахиц дэвшил гарах эсэхээс хамаарна гэсэн байна. Украины харьяанд байсан Крымийн хойг 2014 онд бүх нийтийн санал хураалтаар ОХУ-ын бүрэлдэхүүнд орсныг хууль бус гэж үзсэн АНУ тэргүүтэй Барууны орнууд Оросын эсрэг хориг тавьж, эдийн засаг, хөгжил цэцэглэлтээрээ тэргүүлдэг найман их гүрний бүрэлдэхүүнээс хассан билээ. Барууныхан болон Европын холбоо, НАТО нь ОХУ-ыг хууль бусаар өөртөө нэгтгэсэн газар нутгийг Украинд буцааж өгөхийг шаарддаг юм.

ОХУ энэ бүлэгт буцаж ирэх тухай асуудал өмнө нь яригдаж байсан. Трамп 2018 оны зургаадугаар сард болсон “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр “ОХУ энэ уулзалтад оролцох ёстой” гэж мэдэгдэж байв. Энэ нь улс төрийн хувьд буруу, хэлэлцээрийн ширээнд Орос хэрэгтэй гэж тэрбээр үзэж байна.

Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлнэ

“Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд тус бүлгийн удирдагч нар бүс нутгийн аюулгүй байдлын үүднээс Иран цөмийн зэвсэгтэй болохын эсрэг байр сууриа илэрхийлжээ. Тэд Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос урьдчилан сэргийлэхээр тохиролцсон байна. Тэрчлэн Ойрх Дорнодын бүс нутагт аюулгүй, тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулна гэжээ.

Иран улс Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын гэрээнээс гарч магадгүй гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф мэдэгдэж байв. Тэрбээр АНУ-ын засаг захиргаа Ираны эсрэг шахалт үзүүлж байна гэж үзжээ.

“Их 7”-гийн удирдагчид Иран улс цөмийн зэвсэг эзэмших ёсгүй гэдэгтэй санал нэгдсэн бол Японы Ерөнхий сайд Шинзо Абэ уг асуудлыг дипломат арга замаар шийдэхийг дэмжиж байгаагаа мэдэгдэв. АНУ Ираны цөмийн асуудлаарх Үйл ажиллагааны цогц төлөвлөгөөнөөс 2018 онд гарч, нефтийн экспортод нь хориг тавьсны дараа Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал эрс хурцадсан билээ.

БНАСАУ-ын асуудал

Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Сүга Токио “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНАСАУ-ыг тойрсон асуудлаар хэлэлцэхийг хүсэж байгааг илэрхийлсэн билээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ БНАСАУ-ын асуудлаар “Их 7”-гийн удирдагчидтай хамтран ажиллахаар тохиролцжээ. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт Германы Канцлер Ангела Меркель, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо болон “Их 7”-г даргалж байгаа Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзсан аж.

Тэд БНАСАУ-ын эсрэг авсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээний тогтоолыг олон улсын хамтын нийгэмлэг бүрэн дагаж мөрдөх ёстой гэдэгтэй санал нэгджээ.

Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Японы Гадаад хэргийн сайд Таро Коно өнгөрсөн долоодугаар сарын сүүлчээр утсаар ярихдаа Хойд Солонгосын асуудлаар хэлэлцэж, БНАСАУ-ыг эцсийн байдлаар цөмийн зэвсэггүй болгох асуудлаар санал нэгдсэн.

“Их 7”-гийн уулзалтаар мөн дэлхийн эдийн засаг, худалдаа, олон улсын аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэх юм. Энэхүү дээд хэмжээний уулзалт нь БНАСАУ-ын пуужингийн туршилттай зэрэгцэн эхэлжээ. Хойд Солонгос сүүлийн хагас сарын хугацаанд долоон удаа ойрын зайн тусгалтай баллистик пуужин туршсан байна. Тэд өнгөрсөн бямба гарагт пуужин харвагч шинэ төхөөрөмж туршжээ.

“Шар хантаазтанууд” уулзалтыг эсэргүүцэв

Францын нийслэл Парис хотын гудамжинд “Шар хантаазтанууд” хөдөлгөөнийхөн “Их 7”-гийн уулзалтыг эсэргүүцэн жагсжээ. Гэхдээ жагсаал тайван болж, ямар нэгэн эмх замбараагүй байдал гараагүй аж. Францын Тулуза хотод мөн эсэргүүцлийн жагсаал болсон байна. “Шар хантаазтанууд” 2018 оны арван нэгдүгээр сараас эхлэн бямба гараг бүр жагсаал хийж буй. Тэд шатахууны үнийг нэмснийг эсэргүүцэн жагсаж байсан бол дараа нь жагсаал улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлуудыг хөндөх болсон билээ.

Ормузын хоолойн нөхцөл байдал

“Их 7”-гийн удирдагчид Ормузын хоолойд хөлөг онгоцнууд чөлөөтэй зорчиход аюулгүй байдлыг хангах эвсэл байгуулах асуудлаар хэлэлцэхээ больжээ. Харин Персийн булангийн бүсэд хөлөг онгоцнууд чөлөөтэй зорчих аюулгүй байдлыг хангах эвсэл байгуулна гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдсэн байна.

Мөн Герман, Франц болон Их Британи Персийн буланд хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг ажиглах баг бүрдүүлэх хэлэлцээ хийж байгаа аж. Энэ талаар “Их 7”-гийн уулзалтын үеэр мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.216) 2019 оны 08 сарын 26

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top