СИРИЙН АСУУДЛЫГ Нур-Султанд хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 26

Бүгд найрамдах Казахстан улсын нийслэлд Сири улсад энх тайван тогтоох зорилготой хэлэлцээр хэд хэдэн удаа хийгдсэн байдаг. Түүний үргэлжлэл 14 дэх уулзалт Нурсултанд ирэх саруудад болох төлөвтэй байна. 13 дахь уулзалт нь саяхан болсон ба олон оролцогч талыг хамарч чадсанаараа хэлэлцээр тодорхой үр дүнд хүрсэн. Хэлэлцээрийн үеэр Идлиб мужид гал зогсоосон тухай Сирийн телевиз мэдээлсэн байдаг юм. НҮБ-ын шинжээчдийн үзэж буйгаар Сирийн баруун хойд зүгт байрлах Идлиб мужид ойролцоогоор гурван сая хүн амьдардаг, тэнд хүмүүнлэгийн томоохон хямрал нүүрлээд байгаа аж. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал хариуцсан орлогч Марк Локок тус мужид байдал хүнд байгаа тухай мэдэгджээ.

Тэрбээр “Улстөрчид хүчирхийллийг зогсоож, энхийн хэлэлцээр хийх чадваргүй байгаагаас энгийн ард иргэд хохирч байна” гэжээ. Өөрөөр хэлбэл улстөрчид тохиролцоонд хүрч чадахгүй байгаа тухай онцлон ярьсан юм. Харин Нурсултаны хэлэлцээрүүд тохиролцоонд хүрэх боломжийг эрэлхийлж байна. Хэлэлцээрт хөрш зэргэлдээ орнуудын төлөөллүүд оролцож улсынх нь аюулгүй байдлыг хангах зорилгоор зэвсэгт мөргөлдөөнүүдийг зогсоохоор чармайж байгаа юм. Хэлэлцээрийн ширээнд Сирийн Засгийн газрыг төлөөлөгчдийг НҮБ дэх Сири улсын байнгын төлөөлөгч Башар аль-Джаафари ахалж харин Сирийн зэвсэгт сөрөг хүчнийг  Ахмад Аль-Тоум төлөөлж суусан байна. Мөн баталгаа гаргагч орнуудаас ОХУ-ыг тус улсын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Александр Лаврентьев, Турк улсыг тус улсын Гадаад харилцааны дэд сайд Седат Онал, Ираныг төлөөлж Гадаад харилцааны сайдын улс төрийн асуудал хариуцсан туслах Али Асгар Хаджи нар оролцсон юм.

Мөн НҮБ-ын Сирийн асуудлаар томилогдсон тусгай төлөөлөгчийн орлогч Хавла Матар, Дүрвэгсдийн асуудал хариуцсан газрын төлөөлөгчид, Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөл, Иордан улсын төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Энэ удаагийн хэлэлцээрийн онцлог нь Ливан болон Ирак улсын төлөөлөгчид шинээр оролцож хэлэлцээрт оролцогчдын хүрээг тэлсэн байна.

Сири улстай шууд хиллэдэг тус улсуудын гол зорилго нь дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэх. Нурсултанд болсон 13 дахь хэлэлцээрийн үр дүнд Идлиб мужийн талаар тохиролцоонд хүрч чадсан нь Сирийн үндсэн хуулийн комиссийг байгуулахад нэг алхам ойртсон явдал. ОХУ-ын талаас тус комиссийг байгуулахыг хоёр жилийн өмнө санал болгож байсан ба тус комисс нь Сирийн шинэ Үндсэн хуулийг боловсруулах юм. Гэвч талууд комиссийн гишүүдийн томилгооны асуудалд тохиролцож чадаагүйгээс хойшлогдоод байсан бол энэ удаагийн Нурсултан дахь хэлэлцээрийн үеэр тус асуудлаар тодорхой тохиролцоонуудад хүрч чадсан байна. Шинжээчдийн үзэж буйгаар энэ оны есдүгээр сард төлөвлөж буй ээлжит хэлэлцээрт үндсэн хуулийн комисс эцэслэн байгуулагдах магадлалтай.

PhD. Б.Доржпүрэв

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top