Монголбанкны зүгээс Засгийн газар болон УИХ-ын бодлогын шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ есдүгээр сард төлбөрийн тэнцлийн асуудлаар онол практикийн хурлыг эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан зохион байгуулна гэдгээ мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдөр /2019.09.17/ тус "Төлбөрийн тэнцэл ба гадаад өр" онол, практикийн бага хурал боллоо.
Төлбөрийн тэнцэл оны эхний хагаст 456 сая ам.долларын ашигтай байж байгаад долоодугаар сард 535 сая ам.долларын алдагдалтай гарсан. Яагаад ингэж алдагдал гарсан бэ гэдгийг Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваа тодотгохдоо "Нэгдүгээрт, манай арилжааны банкуудын төв банкинд хадгалуулаад байсан харилцах, хадгаламжийн хэмжээ 370 орчим сая ам.доллараар буурч, энэ хэмжээний мөнгөн хөрөнгө арилжааны банкуудын гадаадын банк, санхүүгийн байгууллага дахь дансанд шилсэн. Энэ бол эдийн засгийн үр дагавар гэхээсээ илүү банкуудын хөрөнгийн удирдлагатай холбоотой шилжилт учраас цаашид төдийлөн үргэлжлэхгүй гэж харж байгаа. Төлбөрийн тэнцэл алдагдалтай гарахад нөлөөлсөн хоёрдогч хүчин зүйл нь долоодугаар сард урсгал данс 93 сая ам.долларын алдагдалтай гарсан. Ингэснээр оны эхнээс нийт урсгал дансны алдагдал 810 орчим сая ам.долларт хүрсэн. Эдгээр хоёр хүчин зүйл төлбөрийн тэнцэл алдагдалтай гарахад нөлөөлсөн" гэж байна.
Мөн урсгал дансны алдагдал өндөр гарч байгаагийн шалтгаан болоод алдагдал удаан үргэлжлэх нь бизнесүүдэд ямар нөлөөтэй вэ? гэдэгт дараах хариултыг өгсөн.
Урсгал дансны бүтцийг эхлээд танилцуулах хэрэгтэй байх. Урсгал данс нь дотроо барааны худалдаа, үйлчилгээний худалдаа, анхдагч орлого буюу манай улсын иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадагшаа төлдөг зээлийн хүү, хөрөнгө оруулалтын орлогын тэнцлийг харуулдаг. 2014 оноос Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон уул уурхайн төслүүдийн үйл ажиллагаа жигдэрснээр манай улсын экспортын хэмжээ нэмэгдэж, барааны данс ашигтай гарах болсон. Харин үйлчилгээний данс, тэр дундаа тээвэр, аялал жуулчлал, нарийн мэргэжлийн үйлчилгээний салбарын гадагшаа төлж байгаа төлбөрийн алдагдал нэлээд ихэсч байна. Өнгөрсөн жил л гэхэд манай улс үйлчилгээний тэнцэлд 2 тэрбум ам.долларыг гадагшаа төлсөн үзүүлэлттэй байгаа. Үүнийг дотор нь задлаад үзвэл тээвэр дээр 500 орчим сая ам.долларыг гадагшаа төллөө. Мөн өмнө нь ашигтай байдаг байсан аялал жуулчлалын салбар 2018 онд -410 орчим сая ам.долларын алдагдалтай. Бизнесийн зөвлөх үйлчилгээ, барилга, инженер гэх зэрэг нарийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээнд 1 тэрбум ам.долларыг гадагш төлсөн байгаа юм.
Тэгэхээр үйлчилгээний данс алдагдалтай байгаа нь манай улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар сул байгааг илгэж байгаа. Дэд бүтцийн хөгжил сул байна. Нарийн мэргэжлийн үйлчилгээг манай доттоодын аж ахуйн нэгжүүд олгож чадахгүй, гаднаас авч байна гэсэн үг. Гуравдугаарт, манай улсын аж аууйн нэгж иргэдийн гадагшаа төлж байгаа зээлийн төлбөр, хүү, хөрөнгө оруулалтын ногдол ашгийн төлбөр буюу бидний мэргэжлийн хэллэгээр анхдагч орлого гэдэг. Энэ дүн бага байж байгаад гадаад өр, хөрөнгө оруулалтын позицын сөрөг дүн хуримтлагдахын хэрээр зээлийн хүү, хөрөнгө оруулалтын төлбөрүүд нэмэгдээд байгаа. Өнгөрсөн жил гэхэд Монгол Улс цэвэр дүнгээрээ 1.2 тэрбум ам.долларыг гадагшаа зээлийн хүү, хөрөнгө оруулалтын төлбөрт төлсөн байгаа юм. Тэгэхээр урсгал дансны алдагдлыг Монгол Улсын хэмжээнд харвал өнгөрсөн жил нийт 2.2 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 17 орчим хувьтай тэнцэж байна. Сүүлийн 10 жилийн дунджаар Монгол Улс жилдээ ДНБ-ий 22 хувьтай тэнцэх хэмжээний урсгал дансны алдагдал хүлээж явж байна.
Дэлхийн банкнаас өнгөрсөн жил гаргасан судалгаагаар нийт 100 гаруй орны урсгал дансны тэнцлээс хамгийн их алдагдалтай эхний гурван улсын дунд Монгол Улс маань багтсан. Тэгэхээр Монголбанкны зүгээс ч бас урсгал дансны алдагдлыг бууруулах чиглэлээр бодлогын арга хэмжээ авах, олон улсын байгууллагуудтай хамтрах, эрдэмтэн судлаачидтай санал солилцох зэрэг үйл ажиллагаа хийж байна" гэсэн юм.
Түүнчлэн өнөөдөр болж буй хэлэлцүүлгээр урсгал дансны алдагдлыг төсөв, мөнгөний бодлого талаас яаж бууруулах, эдийн засгийн урт хугацааны бүтцийн өөрчлөлт, өрсөлдөх чадварын чиглэлээр ямар ажил хийж болох вэ гэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Манай улсын эдийн засгийн эрсдэл даах чадвар бэхжиж байгаа боловч томоохон шокийг даван туулахад хүрэлцэхгүй байна гэсэн дүгнэлтийг ОУВС-гаас хийсэн. Энэ нь манай гадаад эрсдэл буюу төлбөрийн тэнцлийн эрсдэлийг анхааруулаад байгаа хэрэг гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм. Хуримтлагдсан дүнгээр Монгол Улсын урсгал данс 2008 оноос 2018 оныг дуусах хүртэл хугацаанд 23.5 тэрбум ам.долларын алдагдалтай байсан. Үүнийг бид гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл, бондын өр төлбөрөөр санхүүжүүлж ирсэн. Үр дүнд нь Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалтын позиц -34.4 тэрбум ам.долларын сөрөг дүнтэй, үүн дотроо гадаад өр 29.5 тэрбум ам.доллар болж нэмэгджээ.
Дээрх хуримтлагдсан төр, хувийн хэвшлийн өр төлбөрийн эргэн төлөлт 2020-2024 онуудад 14.4 тэрбум ам.доллар болох тооцоо гарч байна.
Үүнээс Засгийн газар, Монголбанкны төлөх өр 6.7 тэрбум ам.доллар юм. Нийт экспортын 90 хувь, хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь уул уурхайгаас хамааралтай манай улсын хувьд энэ хэмжээний гадаад өрийн эргэн төлөлт уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналтын мөчлөгтэй давхацвал эдийн засгийг бүхэлд нь эрсдэлд оруулж болзошгүй. Үүнийг Монголбанкны мөнгөний бодлогын мэдэгдэлд ч ОУВС-гийн Ажлын хэсгээс ч анхааруулаад байгаа юм. Түүнчлэн ирэх жилүүдэд төлөх төр, хувийн хэвшлийн өрийн тодорхой хэсгийг төлж, тодорхой хэсгийг гадаад зах зээлд дахин санхүүжүүлэх буюу хугацааг нь сунгах шаардлага гарах байх гэдгийг Төв банкнаас мэдэгдэж буй. Ингэхэд хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх, олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгийг авах шаардлагатай. Үүний тулд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, олон улсын байгууллагууд, хандивлагч орнууд болон хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлж төсөв, мөнгөний бодлогын сахилга батыг үргэлжлүүлэн сахих нь чухал. Гол нь Монгол Улсад орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Ингэж байж төлбөрийн тэнцэл сайжирч, ирэх жилүүдэд төлөх гадаад өрийг амжилттай шийдвэрлэх бололцоо бүрдэх юм. Мөн энэ нь гадаад эрэлтийн шок буюу уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналтаас шалтгаалж эдийн засаг хямрах сөрөг нөлөөллийг бууруулж чадна. Үүн дээр Засгийн газрын зүгээс голлон анхаарч ажиллах шаардлага үүсэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Kkk mani met archaagui adguus ali aimgaa zarj baij sanaa rah boldoo