АТГ-ын дарга З.Дашдаваа 23 чиглэлээр албан даалгавар өгөв

2019 оны 09 сарын 24

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон Авлигын эсрэг хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор тус байгууллагын удирдах бүрэлдэхүүнд албан даалгавар өглөө.

Төрийн албан хаагчдын үндэслэлгүй хөрөнгөжиж буй байдлыг хөрөнгө, орлогын мэдүүлгээр дамжуулан илрүүлэх ажлыг эрчимжүүлэн шинэлэг арга, аргачлал, технологийг нэвтрүүлэх, 2019 оны байдлаар шүүх, прокуророос буцсан, харьяаллын дагуу шилжүүлсэн хэрэг, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан материалуудын судалгаа гаргаж, шийдвэрлэсэн байдалд дүн шинжилгээ хийх, буцсан, шилжүүлсэн, татгалзсан үндэслэл, шалтгааныг тодруулан танилцуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй авлига, ашиг сонирхлын зөрчлийн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээлэлд тогтмол дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгаж шийдвэрлэж байх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох зэрэг нийт 23 чиглэлээр үүрэг болгов.  

Түүнчлэн цаашид төрийн албан хаагчид хөрөнгө, орлого, хувийн ашиг сонирхлоо мэдүүлэхэд гарч болзошгүй өөрчлөлт, хандлага, чиглэлд дүн шинжилгээ хийх, авлигын гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үйлдэгдэх арга хэлбэр, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг нуун далдлахтай холбоотой нөхцөл байдал хэрхэн хувирч өөрчлөгдөж болзошгүй талаар задлан шинжилгээ хийж, тухайн төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр урьдчилан авах арга хэмжээг нарийвчлан тодорхойлох, авч хэрэгжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, төрийн албаны хүний удирдлага, зохион байгуулалт, хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаа, иргэдийн боловсрол, соёл, ухамсартай уялдуулан зорилтот бүлгээр ялгамжтай зохион байгуулж ажиллахыг даалгалаа.

Авлигатай тэмцэх газрын албан хаагч бүр гүйцэтгэж байгаа чиг үүрэг, үйл ажиллагааныхаа хүрээнд өнөөгийн түвшин болон ирээдүйн чиг хандлага, нөхцөл байдлын талаар дүн шинжилгээ хийж, үйл ажиллагаагаа нэг жилээр хязгаарлахгүйгээр урт болон дунд хугацаанд төлөвлөж хэвшихийг Авлигатай тэмцэх газрын даргын Албан даалгаварт дурдсан байна.

Эх сурвалж: АТГ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top