Өчигдөр Шведийн нийслэл Стокхолм хотноо Нобелийн долоо хоног физиологи, анагаах ухааны салбарын нэр дэвшигчдийг зарласнаар эхэллээ.
Энэ жилийн Нобелийн долоо хоногийн онцлог нь 2018 болон 2019 оны уран зохиолын салбарын хоёр шагналтны нэр тодрох юм. Тодруулбал, аравдугаар сарын 10-ны өдөр буюу ирэх пүрэв гарагт Нобелийн шагнал хүртэх хоёр зохиолчийг зарлах билээ.
Хамгийн сүүлд 2017 оны утга зохиолын Нобелийн шагналыг Япон гаралтай англи хэлт зохиолч Казүо Ишигүро хүртсэн билээ. Өнгөрсөн хугацаанд 114 утга зохиолын Нобелийн шагналтан төрж байсан аж.
Ингээд хамгийн сүүлд Нобелийн шагнал хүртсэн зургаан зохиолчийг товч танилцуулъя.
2012 ОН. ЗОХИОЛЧ МО ЯНЬ /ХЯТАД/
Хятад орны хүн зоны бараан амьдрал ахуйг чин үнэнээр өчдөг, эсэргүү зохиолч бол яах аргагүй Мо Янь юм. Тэрбээр Хятад улсаас утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн анхны зохиолч.
Түүний “Дарсны орон”, “Эргэлт”, “Амьдралын хүрдэнд зүдэгсэд” зохиолууд монгол хэлнээ орчуулагдсан. Мо Янь өдгөө 64 настай.
2013 ОН. ЗОХИОЛЧ ЭЛИС МҮНРО /КАНАД/
Канадын нэрт зохиолч эмэгтэй Элис Мүнро өсвөр наснаасаа л зохиол бичиж эхэлсэн гэдэг. Түлхүү өгүүллэгүүд нь алдартай түүнийг орчин цагийн өгүүллэгийн мастер хэмээн нэрийддэг.
Тэрбээр утга зохиолын салбарт Нобелийн шагналыг 82 насандаа хүртэж байсан юм.
2014 ОН. ЗОХИОЛЧ ПАТРИК МОДИАНО /ФРАНЦ/
Францын алдарт зохиолч Патрик Модианогийн анхны роман “La Place de l'еtoile” нэртэй. Дайны үеийн еврей ажилчны тухай өгүүлэх тус роман 1968 онд хэвлэгдсэн даруйдаа түүнд томоохон нэр хүндийг авчирчээ.
Гэвч түүний бүтээл аавд нь огт таалагдаагүй учир хэвлэгдсэн бүх хувийг худалдаж авах гэж оролдож байв. Тэрбээр өдгөө 74 настай.
2015 ОН. ЗОХИОЛЧ СВЕТЛАНА АЛЕКСЕЕВИЧ /БЕЛОРУС/
2015 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналтнаар Белорус улсын зохиолч, сэтгүүлч Светлана Алексиевич тодорсон байлаа. “Манай үеийн эр зориг, шаналалын дурсгал болсон түүний олон уран бүтээлийнх нь төлөө” гэж Шведийн Шинжлэх ухааны академийн Нобелийн хорооны мэдэгдэлд тэмдэглэжээ.
Светлана Алексиевич нь дэлхийн дайн болон Чернобелийн атомын цахилгаан станц дэлбэрсэнтэй холбоотой хор уршиг, эмэгтэйчүүд, хүүхдүүд бас эрэгтэй хүний оршин байх тухай бичдэг аж. Светлана Алексиевич уран зохиолын Нобель авсан 14 дэх эмэгтэй зохиолч болжээ.
2016 ОН. БОБ ДИЛАН /АНУ/
Утга зохиолын салбары Нобелийн шагналтнаар нэрт дуучин, дуу зохиогч Боб Дилан 2016 онд тодорсон юм. Америк төдийгүй дэлхийн хөгжмийн урлагт үзүүлсэн Боб Диланы нөлөө хэмжээлшгүй гэж үздэг.
Шведийн академийн хүндэт гишүүн Сара Даниус мөнхүү шийдвэрийг зарлахдаа "Бидний хувьд тийм ч хэцүү шийдвэр байсангүй. Бид түүнийг дуучин хөгжимчний хувиар бус яруу найрагч гэдгээр нь үнэлж энэхүү шагналаа гардуулж буй юм. Тэр бол Жон Милтон, Уйлъям Блэйкээр хөглөгдсөн англи хэлтний яруу найргийн залгамж халаа мөнөөс мөн.” гэжээ.
2017 ОН. ЗОХИОЛЧ КАЗҮО ИШИГҮРО /ИХ БРИТАНИ/
Японд төрж, бага балчир насандаа гэр бүлийнхээ хамт Их Британи руу цагаачилсан зохиол Казүо Ишигүро бол одоогийн байдлаар утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртээд буй хамгийн сүүлийн зохиолч юм.
Түүний “Өдрөөс үлдсэн зүйл”, “Хөвөлзөх ертөнцийн зураач” зохиолууд монгол хэлнээ орчуулагдсан бий. Нобелийн шагналт Их Британий зохиолч Ишигүрогийн романууд өдгөө дэлхий дахинаа 40 гаруй хэлээр орчуулагдсан байдаг.
Сэтгэгдэл ( 0 )