Ө.Энхтүвшин: Зарим хүний тархинд байгаа “утаа”-г арилгаж байж пийшин, яндангийн утааг арилгана

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 11

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.10.11/-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулга хийлээ. Түүний танилцуулгаас шахмал түлштэй холбоотой мэдээллийг хүргэж байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин чуулганы индэр дээрээс “Нийслэлийн БЗД, СХД, СБД, ЧД-т тодорхой бус шалтгаанаар хүний амь нас эрсдэж, иргэд хордлого авч эмнэлэгт хүргэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн онцгой комиссыг гурван удаа хуралдуулж, үүрэг даалгавар өгч ажиллаж байна. 2019.10.03-наас 10-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын дуудлага өгсөн 77 өрхийн 169 хүн буюу 73 хүүхэд, 96 насанд хүрсэн иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Насанд хүрсэн 20 иргэн, таван хүүхэд хэвтэн эмчлүүлж, бусад 144 хүн зөвлөгөө өгч эмнэлгийн туламж үйлчилгээ үзүүлээд байна. Эдгээр өдрүүдэд зургаан хүн, түүний дотор бага насны хоёр хүүхдийн амь нас эрсэдсэн нь туйлаас харамсалтай бөгөөд үүний шалтгааныг нэн даруй тогтоох ёстой гэж үзэн ажиллаж байна.

2019.10.11-ны 06.00 цагийн байдлаар 15 өрхийн 32 иргэн угаарын хийн хөнгөн ба хүнд хэлбэрийн хордлогын шинж чанартайгаар эрүүл мэндийн тусламж авлаа. Үүний 19 нь насанд хүрсэн хүн, 13 нь хүүхэд байна.

2019.10.05-ны өдөр “Таван толгой түлш” ХХК-ийн шахмал түлш худалдан борлуулах 17 цэгээс 23 дээж авч лабораториудад хүргүүлэхэд стандартын шаардлага хангасан гэсэн дүгнэлт гарсан. Мөн сайжруулсан шахмал түлшний дээжийг Хятад, Солонгос, Орос, Япон улсад шинжлүүлэхээр хүргүүлээд байна. Одоогоор шахмал түлшний зөв хэрэглээ пийшин, зуухны галлагааны зөв хэрэглээ, айл өрхүүдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг сурталчилгааг өргөн хүрээнд явуулж байна. Нийт айл өрхийн 81.1 хувьд хүрч ажилласан байна. Засгийн газраас арваннэгдүгээр сарын 1-ний дотор айл өрхүүдэд угаар мэдрэгч төхөөрөмж тараахыг нийслэлийн Засаг даргад даалгасан. Үүнд шаардагдах 6 тэрбум төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гаргана.

Эрхэм гишүүд ээ, агаарын бохирдлыг бууруулах ажил бол том ажил. Түлш нь шинэ, хэрэглэгчид нь ч шинэ. Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах энэ ажлаасаа ухрахгүй. Харин сүүлийн үед иргэдэд тохиолдсон уй гашуу, ажлын зарим дутагдалд дөрөөлж төр засгийн үйл ажиллагааг гутаах, таслан зогсоох гэсэн ил, далд оролдлого их байгааг иргэд шударгаар шүүмжилж байна. Энэ нь иргэдийг төөрөгдүүлж, утаа, угаар гэдэг дайсантай тэмцэх тэмцлийг сааруулж байна. Тиймээс зарим хүний тархинд байгаа “утаа”-г арилгаж байж пийшин, яндангийн утааг арилгах ажлыг хийх хэрэгтэй байна” хэмээн мэдээлэл хийлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.18.218) 2019 оны 10 сарын 11

Ямар нэгэн юм шатаж байгаа тохиолдолд их бага хэмжээгээр утаа гарна. Орон сууцжуулах, байгалийн хийгээр халаах, гэр хороололд дэд бүтэц хийх шүү. Яндан пийшин, түлш бол хэтийн зорилго бишээ.

0  |  0
Top