ЧУУЛГАН: Шахмал түлшийг тухай бүрд нь туршиж, шалгасан гэлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй гол ажил болох шахмал түлш тойрсон асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы танхимд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ерөнхий мэдээлэл хийсэн бөгөөд шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлаас Засгийн газар ухрахгүй болохыг илэрхийлээд “Утааны эсрэг бүгд нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй. Зарим хүний тархинд байгаа “утаа”-г арилгаж байж пийшин, яндангийн утааг арилгах ажлыг хийх хэрэгтэй байна” хэмээн хэлсэн.

Шадар сайдын дээрх үгэнд УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн З.Нарантуяа шахмал түлшний хэрэглээнээс болоод гэр бүлийнхээ гишүүдийг алдсан хүмүүсийн үгийг дамжуулсан. Тэрбээр угаарын хийнд ойр дотынхноо алдсан хүмүүс “Яагаад аюулгүй байдлын баталгааг хангаагүй түлшийг тараагаад өгчихсөн юм бэ? Энэ чинь мэдлэггүй ард түмэнд химийн зэвсэг өгөөд өөрсдийгөө егүүтгэ гэснээс ялгаагүй зүйл боллоо. Үүнд төрийн албан тушаалтан уучлал гуйгаад, ямар нэгэн хариуцлага хүлээхгүй юу?” гэж хэлсэн. Үүнд хариулт өгнө үү? гэхэд Шадар сайд Ө.Энхтүвшин “Яг мэргэжилтнүүд нь энд байгаа. Түлшийг ард түмэн дээр туршсан юм уу гэж асууж байна. Маш олон удаа туршсан гэж мэргэжилтнүүд Засгийн газарт танилцуулаад байсан. Түүнийгээ танилцуулаад өгөөч. Би зарим хүний тархинд байгаа утааг арилгах хэрэгтэй гээд хэлчихсэн. Үнэхээр утаанаас салах ажил амаргүй яваа. Хэрэв бүгд утааны эсрэг хүчээ нэгтгэсэн бол өнөөдөр бид ийм байдалд хүрэхгүй байсан. үүнээс болоод олон мянган хүн өвчтэй боллоо. Амь насаа алдлаа. Би агаарын бохирдлыг бууруул гээд мөнгө тавиад өгөхөөр хуваагаад идчихдэг хүмүүсийг би хэлсэн. Дүгнэлт гараагүй байхад түрүүлээд шуугидаг, дүгнэлт гаргасны дараа худлаа гээд хүмүүсийг эргүүлээд байгаа хүмүүсийг хэлсэн. Засгийн газрын ажлыг зогсоохыг шаардаад байгаа хүмүүсийг хэлсэн. Төрийн албан хаагчдыг доромжлоод, саад учруулаад байгаа хүмүүсийг хэлсэн. Бодлогыг гуйвуулж, шинэ ажлыг жадлан эсэргүүцдэг хүмүүсийг хэлсэн. Тиймээс нэгнийхээ үгийг өөлөөд байхын оронд ард түмэнд хэрэгтэй зүйлийг нь хэлж өгье. Айл өрхөөр оръё. Мэдээлэл хүргэе” хэмээн тайлбар хийлээ.

Мөн нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “2017 онд ҮАБЗ хуралдаж, Засгийн газраас хэдэн шийдвэр гаргаж улмаар 62 дугаар тогтоол гаргаснаас эхлэн гурван жилийн хугацаанд туршилтыг маш олон төрлөөр хийсэн. Шахмал түлшний компаниудтай хамтран СХД-ийн найман хороонд өвлийн турш хэрэглэсэн” хэмээн нэмэлт мэдээлэл өгөв. Мөн Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс Ухаахудагийн завсрын бүтээгдэхүүнээр шахмал түлш бэлтгэх ажлын туршилтын үр дүнг сайн гарсан гэж үзсэн. Манай улсад мөрдөгдөж байгаа стандартын шаардлага хангасан тул үйлдвэрлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан болохоо тайлбарлалаа. Түүнчлэн 2019 оны нэгдүгээр сараас эхлэн 20 дээжид техникийн шаардлага хангасан байсан болохыг Төв лабораториос гаргаснаа хэллээ. Харин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Таван толгой түлш” комапни байгуулагдсан цагаас эхлэн тасралтгүй хяналт хийж ажилласнаа илэрхийллээ. Тус байгууллага 2018 оны аравдугаар сараас эхлэн 41 дээж авч ажилласан байна.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

ШУУД ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.190.154) 2019 оны 10 сарын 11

Эд нар хэзээ үнэн ярьж байлаа даа. Ухаахудагийн завсрын бүтээгдэхүүнээр шахмал түлш бэлтгэх ажлын туршилтын үр дүнг сайн гарсан, тиймээс дэмжиж шийд гаргасан байж болно. Харин технологийг нь ямар хүмүүс ”шинжиж, дүгнэлт өгч дэмжсэн” бэ? Завсрын хаягдал биш, эцсийн хаягдлыг зуурч хүмүүст шахаад байгаа юм биш үү?

0  |  0
Top