Улаанбаатарын утаа хэзээ арилах вэ. Энэ асуулт нийслэлд амьдарч байгаа хүн бүрийн толгойны өвчин болсон асуулт болоод олон жилийг ардаа орхижээ.
Манай Улсын хувьд агаарын бохирдлын төвшний үндсэн хэмжүүр болох тоосонцрын концентрацыг хэмжиж үзэхэд тоосонцор, хүнд метал Улаанбаатарын гэр хороололд Монгол Улсын стандартаас 14 дахин, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартаас 35 дахин илүү гарчээ. Сүүлийн жилүүдэд утааг бууруулахын тулд Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээг авч байгаагийн нэг нь өнгөрсөн тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн сайжруулсан шахмал түлш. Тэд шахмал түлш хэрэглэснээрээ нийслэлийн утаа 50 хувь буурна гэсэн урьдчилсан судалгааг гаргаад буй. Тиймээс хөрсөн дээр хэрхэн хэрэгжиж, утаа хэрхэн буурч байгааг одоо ярихад эрт.
Харин дотоодын зарим компанийн зүгээс Улаанбаатарын утааг бууруулах бус арилгах төслийг хэрэгжүүлээд эхэлжээ. Үүний нэг нь “Газком” компани. Тус компанийн зүгээс хийн халаалтыг нэвтрүүлэх замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бус арилгах боломжтой гэдгийг хэлж байлаа. Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн 50 гаруй өрхийн халаалтыг Япон улсын “Риннай” компанийн хийн халаалтын тоног төхөөрөмжөөр шийджээ. Тэд 2020 он гэхэд 10 мянган айл өрхөд хийн халаагуурын төхөөрөмж суурилуулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн Байгаль орчин, аялал, жуулчлалын яамтай хамтран агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлаж буй нийт 20 сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухыг цахилгаан, газрын гүний дулаан болон хийн халаалтын дэвшилтэт техник технологиор солих ажлыг хэрэгжүүлж байна. Одоогоор нийслэлийн 129, 214, 139, 221 дүгээр сургууль, цэцэрлэгийн цогцолбор болон 127 дугаар цэцэрлэг, 196 дугаар сургууль гээд гурван дүүргийн зургаан сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухыг хийн халаалтын системээр солих ажлыг гүйцэтгээд байгаа аж. Эдгээр сургууль, цэцэрлэгийн халаалтын зуухыг шинэчилснээрээ 540 тонн үнс, хоёр сая 935 орчим СО2 буюу нүүрстөрөгчийн хийг агаарт цацагдахаас урьдчилан сэргийлж чадна гэдгийг тус компанийн ажилчид онцолж байв.
Бид нам даралтын зуухаа хийн халаалтын системээр сольсон эдгээр сургууль цэцэрлэгээс 129 дүгээр сургууль, цэцэрлэгийн цогцолборыг сонгож очив. Тус сургууль, цэцэрлэгийн цогцолборт цэцэрлэгийн насны 220 хүүхэд, сургуулийн насны 340 хүүхэд сурч боловсорч, 80 гаруй багш ажилчид ажиллаж байна.
129 дүгээр сургуулийн захирал Д.Бат-Отгон “Газком” компанийн оруулж ирсэн “Риннай” брэндийн хийн халаагуурын төхөөрөмжийг суурилуулаад нэг сар болж байна. Өмнө нь нүүрсээ хагалж оруулна, үнсээ асгана зөөнө гээд гараар хийх механик ажлууд их байсан төдийгүй түлшний зардал гэж жилдээ 80-90 сая төгрөгийн төсөв гаргаж 460-480 тонн нүүрс хэрэглэдэг байсан. Өдөртөө нэг тонн гаруй нүүрс түлдэг болохоор 24 цагаар гурван ээлжийн галч ажиллуулдаг байсан. Харин одоо эдийн засаг, хүн хүчний хувьд хэмнэлт гарч байгаагаас гадна, хамгийн гол нь хүүхдүүд маань, энэ хавийн оршин суугч эцэг эхчүүд утаа тортоггүй орчинд сурч, амьдарч байгаа нь чухал байна” гэсэн юм
Энэ үеэр “Риннай” корпорацын ерөнхий захирал Найто Хироясү болон угсралт суурилуулалтыг гүйцэтгэж буй “Кусакава Когёо” компанийн гүйцэтгэх захирал Күсакава Кокичи нар манай улсад ирж, хийн халаалтыг нэвтрүүлж буй ажилтай танилцаж байсан юм.
“Риннай” корпорацын ерөнхий захирал Ноён Найто Хироясү “Манайх энэ онд 100 жилийн ойтойгоо золгож байна. Энэ хугацаанд манай тоног төхөөрөмжөөс үүдсэн осол аваар нэг ч гарч байгаагүй. Хамгийн гол нь Монгол, Японы инженер, ажилтнууд энэ ажлыг хамтран туршиж, гүйцэтгэж, Улаанбаатар хотын иргэдийг цэвэр, дулаахан орчин нөхцөлд амьдарч сурах, ажиллах боломжийг бий болгож буйдаа их баяртай байна” гэлээ.
Мөн тэрбээр Японы “Риннай” компанийн хийн халаалтын тоног төхөөрөмжүүд нь ухаалаг системд суурилсан учраас эрчим хүчний зарцуулалт бага, ашигт үйлийн коэффициент өндөр буюу үр бүтээмжтэйг хэлж байлаа. Дэлхийн олон оронд “Риннай”-гийн тоног төхөөрөмжүүдийг ашигладаг ба борлуулалтаар Азид төдийгүй олон улсад тэргүүлдэг байна. Бүс нутгийн онцлог, далайн түвшин, агаарын даралтаас хамаараад температур ялгаатай байдаг учир бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн ажиллах горимыг Монгол орны эрс тэс уур амьсгалд зохицсон хэлбэрээр үйлдвэрлэжээ.
УТААНААС САЛАХ БОЛОМЖ
“Газком” компани нь жилийн турш тоног төхөөрөмжийн засвар ашиглалт, хийн хангамжийг бүрэн хариуцан ажиллах юм байна. Тус компани бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд бүрэн итгэж болохыг тэд хэлж байв. Тэсэрч дэлбэрэх, хий алдагдах эрсдэлтэй учраас компанийн зүгээс аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж цэнэглэх, суурилуулах, ажиллагааны аюулгүй зааварчилгааг мэргэжилтнүүд хариуцдаг байна.
“Газком” компанийн үүсгэн байгуулагч Д.Сэржбүдээ “Нам даралтын зуухаар галлаж байгаа 110 орчим сургууль, цэцэрлэг байдаг. Бидний хувьд нийслэл болон Байгаль орчин, аялал жуулчны яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хамтарч ажиллах хүсэлт өгчихсөн байгаа. 1-2 жилийн хугацаанд эдгээр сургууль, цэцэрлэгүүдийг бүгдийг нь бие даасан хийн халаалтын системд холбох боломж бий. Томоохон объектууд өдөрт 2-3 тонн нүүрс түлдэг. Энэ нь жилдээ агаарын бохирдол үүсгээд зогсохгүй, маш их үнсийг хөрсөнд хаяж байна. Хийн халаалтын системийг тавьснаар агаарт дэгдэж байгаа нүүрстөрөгчийн дутуу эсэл болон хүнд хэлбэрийн элементүүд, хөрсөнд хаягдаж байгаа үнснүүд бүрэн шийдэгдэж цэвэр эко орчин бүрдэнэ гэж ойлгож болно. Бидний давуу тал бол улирал харгалзахгүйгээр хийн халаалтын системийг суурилуулах боломжтой” гэлээ. Хийн түлшээ ОХУ-аас оруулж ирдэг ба -42 хэмд царцдаггүй 95 хувийн цэвэр пропан газыг хэрэглэдэг аж.
Харин нэг өрхөд хийн халаалтын тоног төхөөрөмж суурилуулахад хэдэн төгрөгийн төсөвтэй болохыг тус компанийн ажилчдаас тодруулав. Нэг өрхөд хийн дулааны төхөөрөмж тавихад 7.5 сая төгрөгийн зардал бөгөөд дулаан алдагдал багатай, стандартын дагуу баригдсан 50 метр квадрат талбай бүхий сууцыг хийгээр халаахад сард 150 мянган төгрөг зарцуулах аж. Нэг айлд тавих системд хийн халаах төхөөрөмж, хийн зуух, түүний дагалдах эд анги, холбох төхөөрөмжүүд, газын ухаалаг мэдрэгч, тоолуур, баллон гэсэн төхөөрөмжүүд багтаж байгаа гэв. Шаардлагатай цэвэр, бохирын асуудлаа шийдсэн айлд усны халаалтын төхөөрөмж давхар суурилуулж өгч болох юм байна. Мөн тоолуур байрлуулах ба төв оффисын мониторингийн системээр өрхийн хэрэглээг хянаж, эрчим хүчний төлбөр тооцооны системтэй нэгэн адилаар сарын төлбөрийн мэдээлэл хэрэглэгчдийн гар утсанд ирэх аж. Агаарын бохирдлыг бууруулахад нийслэлийн гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах нь хамгийн зөв шийдэл боловч хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгө, багагүй цаг хугацаа шаардана. Үүний оронд дэлхийн дэвшилтэд технологийг Монголын хөрсөнд нутагшуулан агаарын бохирдлыг арилгах боломж ойрхон байгаагийн жишээ нь “Газком” байв.
Сэтгэгдэл ( 2 )
ОК. Энэ чинь л хэрэгтэй шүү дээ. Төр засаг үүнийг дэмжмээр л байна. Хөнгөлттэй зээлээр айл өрхүүдэд олгож гэр оронд нь суурилуулах хэрэгтэй байна. Ер нь бид чинь алийн болгон нүүрс гээд л хэрэлдэж суух юм бэ.Энэ хооронд чинь дэлхий хөгжөөд байна. Удахгүй нүүрсийг чинь дэлхийн улс орнууд хэрэглэхээ болино. Бид энэ янзаараа бол нүүрс гээд л хэрэлдээд л сууж байх юм уу. Шинэлэг технологи, шинэ бүтээлийг дэмжээч оруулж ирээч Төр, Засаг минь
Энэ ажлыг хийж байж л утаагүй болно. Утаагүй хоттой болсноор бид эрүүл мэндээ том эрсдэлээс хамгаална.