Монголын эртний түүхийн нэгээхэн хэсгийг харуулсан байгалийн музей бол Дэл уул. Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт бригадад Дэл Хөнжлийнхөн буюу Баян хүүхнүүдийнх хэмээх овгийн үр сад бий. Мал сүрэг ихтэй, ажилсаг хүүхнүүд олонтой айлын ураг удмаас дөрвөн эрдэмтэн хүн төрсөн гэдэг. Тэр бол газар зүйн ухааны доктор, Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд Ж.Наранцацралт, түүхийн ухааны эрдэмтэн Д.Хүүхэнбаатар, анагаахын ухааны доктор Д.Отгонбаатар, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Эрдэнэбулган нар. Тэр л хүмүүсээрээ бахдан, энэ л уул усаа хайрлан хамгаалах, сурталчлан таниулах үйлсэд ханцуй шамлан зүтгэж яваа хүн бол уг ураг овгийнхны нэг Бичээчийн Батмөнх билээ. Хүмүүний амьдрал, зан заншил, аж байдал, зовлон жаргалыг сийлсэн хадны түүхт зургийг хэдэн мянганы салхи элээж үл чадав. Үеийн үед ч энэ л хэвээр түүхийн хуудас болж гэрэлтсээр байх Дэл уулыг дэлхийд таниулсан тэрбээр “Манай Дэл Хөнжлийн уулаас улсын гавьяат цолтон арав гаруй төрсөн шүү дээ. Түүхэн дурсгалт хадны зургаараа гайхагдсан энэ нутгаа ер бусын энергитэй гэж би сүслэн дээдэлдэг” хэмээн яриагаа эхэлсэн юм.
-Та бол төрөлх нутгийнхаа Дэл уулыг дэлхийд таниулж яваа хүн. Энэ замналыг ямархан хувь тохиолоор эхлэв дээ?
-Миний хувьд газар зохион байгуулагчийн мэргэжлээр төгссөн бөгөөд таван жилийн өмнөөс нутаг орныхоо өвөрмөц түүхэн дурсгалыг олон нийтэд сурталчлан таниулъя гэсэн зорилготойгоор “Дэл уул” ТББ-ийг үүсгэн байгуулсан. Тухайн үед цөөхөн хэдэн судлаачид, нутгийнхан л мэддэг байсан бол одоо дэлхийн хэмжээнд танигдсан байна. Дэл уулын тухай өөрийнхөө хэмжээнд таван ном бичиж хэвлүүлсэн. Монголд анх удаа 2015 онд “Хадны зураг сонирхогчдын олон улсын хурал” болоход, судлаачдын анхаарлыг хандуулахын тулд Дэл уулын хадны зургаар үзэсгэлэн гаргасан нь гадаад, дотоодын судлаачдын сонирхлыг ихээхэн татаж цаашид хийж, бүтээх замын маань эхлэл болсон.
-Дэл уулын тухай сонирхолтой баримт, түүх хуваалцаач?
-Монгол орон баруун хязгаар, Алтай нурууны дагуу Баян-Өлгий, Ховд, Баянхонгор нутгаар дамнан урагш Дундговь аймагт орших хадны зургийн түүхт дурсгалт газар олонтой. Монгол Улсад ЮНЕСКО-д бүртгэлтэй таван газар байдаг. Үүнд Орхоны хөндий, Баян-Өлгий аймаг дахь хадны дурсгал, Увсын ай сав, Бурхан Халдун уул зэрэг болно. Дараагийн ээлжид бүртгүүлэхээр судалгаа, шинжилгээгээ хийлгэж буй газар бол Буган хөшөө. Түүний дараа Монголын говийн хадны зураг гэсэн чиглэлд Дэл уул, Говь-Алтайн бичигт хад, Баянхонгорын хадны зураг орох үүд хаалга нь нээгдсэн байгаа. Дэлхийн 200-гаад орноос урьдчилсан жагсаалт гаргаж олон жилийн судалгаа хийж байж оруулдаг юм байна лээ. Энэ бол нарийн судалгаатай, цаг хугацааны ажил юм. Дэл уул нь уртаашаа 30-аад километр, өргөөшөө долоон километр газарт сунан оршдог. Цаг хугацааны хувьд 8-30 мянган жилийн хооронд хадны түүхэн дурсгал сийлэгдэн үлдсэнийг эрдэмтэд тогтоосон. Судлаач, шинжээчид Дэл уулыг онцгой газар гэдгийг дуу нэгтэй хэлдэг. 12 мянган жилийн өмнө, долоон мянган жилийн өмнө, гурван мянган жилийн өмнө ч нэг л уулнаа амьдралынхаа үүх түүхийг сийлэн үлдээнэ гэдэг тухайн цаг үедээ тахиж шүтдэг онгод тэнгэртэй холбогдож мэдээлэл дамжуулдаг энергийн төв нь байжээ гэж үзэж болохоор шүү.
-Бүжгийн төрөлд Дэл уулын хадны зургаас санаа авч “Хөмөргөн гурвалжин” гэдэг бүжгэн жүжиг зохиосон байдаг шүү дээ?
-Бүжгийн урлаг судлаачид Монголын бүжгийн хөдөлгөөн зогсонги байдалд орчихлоо гээд эрдэмтдийн баг бүрдүүлж шинэ урсгал, шинэ судалгаан дээр тулгуурлаж Дэл уулын “32 хүнт” хэмээх хадны зураг дээрх дүрс, хөдөлгөөн дээр үндэслэж “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийг зохиосон. Дөрвөлжин булш гэдэг нь хүн оршуулдаг чулуу бөгөөд олон хүний бүжиглэж буй зураг байсныг доктор, профессор С.Дулам багш домог зүйтэй холбон цомнол бичихдээ хорлогчин бөө хэмээх дайснаа дарж буй домогт үндэслэсэн байдлаар сэдэвлэн энэхүү бүжгэн жүжгийг зохиосон. Өнгөрөгч жил ЮНЕСКО-ийн төв тайзан дээр “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжиг тоглогдсон нь нэг алхам байлаа. Хөгжмийн зохиолыг нь Д.Ариунболд бичиж, ерөнхий найруулагч, бүжиг дэглээчээр Д.Энхгэрэл ажилласан. Гурван цуврал бүжгэн жүжиг хийсний хоёр дахийг нь М.Мөнгөнцэцэг дэглэж, гурав дахийг нь Д.Баярбаатар дэглэсэн. Зураачид бүтээлдээ буулгаж, бүжигчид бүжигтээ дэглэж байгаа нь миний анхлан санаснаас давсан зүйл болсон. Жилийн өмнө хөгжмийн зохиолч, зураач, зохиолч, судлаач, бүжиг дэглээч, бүжигчид гэсэн бүрэлдэхүүнтэйгээр бүжгийн багийнхан том автобус дүүрэн хүн Дэл уулнаа очиж үзэж сонирхсон. Байгалийн онгон дагшин газарт нь очоод чулуун сийлбэрийг өөрийн өндгөөр тэмтэрч, нүдээр харах өөр л дөө. Уран бүтээлчдийн онгод орж, ер бусын эрч хүчтэй болж байгаа нь мэдрэгдсэн. Үүний зэрэгцээ Дэл уулнаа олон зураачид очиж онгод юугаа хөглөж, хэдэн мянган жилийн тэртээгээр аялж, уран бүтээлдээ хадны зургийг буулгаж байсан. Үүний нэг жишээ болгож зураач П.Байгалийн бүтээлийг онцолмоор байна.
-“Хүрээлэн” төслийнхөн говийн таван гайхамшигтаа Дэл уулыг оруулсан байдаг?
-“Хүрээлэн” төслөөс говийн таван гайхамшгийн тухай баримтат кино хийх болоход нь Дэл уулаа оруулах санал тавьсан. Яах аргагүй дахин давтагдашгүй гайхамшигт энэ газрын тухай уг төслийнхөн эхний дугаарынхаа нэвтрүүлгээр гаргасан. “Хүрээлэн төсөл”-ийнхэн маань энэ энерги, увдистай газраас гараагаа эхэлсэн нь адис жанлаваа хайрласан байх гэж би боддог. Тэд энэ жилийн Балдоржийн шагналын эзэн боллоо шүү дээ. Уг төслийнхөн байгалийн хувьд хамгийн гайхамшигтай нь Дэл уул гэж хэлж байдаг шүү.
-“Сэмүүн” студийн Б.Баяр хадны зургаараа хамгийн их цуглуулгатай хүн дээ?
-“Сэмүүн” студийн Б.Баяр бол олон газраар явж хадны зургийн тухай баримтат кино хийсэн хүн. Хадны зураг бол хүссэн хүсээгүй хүнийг өөртөө татаж, шунан дурлуулах увдистай зүйл. Б.Баяр олон улсад “Дэл Хөнжлийн эрдэнэс” зэрэг олон баримтат кино бүтээж, “Монголын сая өдөр” нэртэй үзэсгэлэнг хоёр ч удаа гаргаж, энэ чиглэлээр Монголдоо анхны галерей байгуулахаар зорьж яваа. Тэрбээр Монголд хэрэглэгддэг адууны тамганы 400 гаруй дүрс, тэмдэглэгээ бүхий Хэнтий аймаг дахь Рашаан хадны зураг, Хөвсгөл аймгийн Даян дээрхийн агуй, тосон будгийн зураг гээд төрөл бүрийн түүхэн дурсгалаар баримтат кино хийсэн туршлагатай. 100 гаруй орноос ЮНЕСКО-ийн төлөөлөгчид Парист чуулах үеэр “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгээ тоглож, хадны зургаар уран зургийн болон гэрэл зургийн үзэсгэлэн гаргах ажлыг Б.Баяр зохион байгуулахаар ажиллаж байна. Монголоо төлөөлж эрдэмтэн судлаачид очиж Монголын хадны зургийн талаар илтгэл тавих энэхүү хуралд ихээхэн ач холбогдол өгч бэлтгэж байна.
-Дэл уулыг олон улсын судлаачдаас хэчнээн хүн ирж судалсан бэ. Бусад газруудаас юугаараа ялгарах онцлогтой вэ?
-1987 онд МУИС-ийн Түүхийн тэнхмийн багш, доктор Д.Хүүхэнбаатарын удирдлагаар түүхийн ангийн оюутнууд Дэл ууланд судалгаа хийж, тухайн үеийн оршин суугчдын аж төрөх ёс, нийгмийн амьдралтай холбоотой олон зургуудыг нээн илрүүлсэн. Тэр жимээр олон эрдэмтдийг хөтөлсөн л дөө. Гадаадын арав гаруй орны судлаачид ирж судалсан. Алдарт Торгоны зам, Цайны зам Дэл уулын дэргэдүүр өнгөрсөн юм билээ. Дэл ууланд дөрвөн төрлийн бичиг байдаг. Руний бичиг, Тан улсын үеийн хятад ханз байдаг нь Бээжингээс Да Хүрээ хүртэл явсан жинчдийн буудаллан явсан түүхийг харуулсан байж болзошгүй юм билээ. Үүнээс гадна Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хүрдэтийн агуй, Дундговь аймгийн Шарангадын агуйд ханз, монгол бичгээр бичсэн торгоны замаар зорчиж явсан хүмүүсийн бичиж үлдээсэн тэмдэглэл олон олдсон. Монголын хадны зурагт ихэнх нь аргал, янгирын зурагтай байдаг л даа. Судлаачдын дүгнэлтээр сонин содон зүйл ажиглагддаг. Жишээ нь, Дэл уул, Баян-Өлгий хоёрын хооронд мянгаад километрийн зайтай хэр нь зурсан зураг нь нэг хүн зурсан юм шиг яг адилхан байдаг. Он жилийн хувьд хэдэн мянган жилийн зөрүүтэй хэр нь өөр, өөр газарт бас л адилхан дүрс тэмдэглэгээ үлдээсэн байдаг нь гайхал төрүүлдэг. Газар газрын хүмүүсийн хэрэглэж буй багаж зэвсэг, ан амьтан өөр л дөө. Гэхдээ тэр үеийн сэтгэхүй хийгээд шашин шүтлэг, ертөнцийг үзэх үзэл нь орон зай, цаг хугацаанаас үл хамаарч адил төстэй байгаа нь тайлагдашгүй нууц хэвээр. Үүнийг урлагийн хүмүүс л нарийн мэдэрч, тайлах байх. Дэл уулын дүрслэл нь өвөрмөц гэж судлаачид хэлдэг. Үүний нэг нь “32 хүнт” хэмээх дөрвөлжин булшин дээрх бүжгийн хөдөлгөөн юм. Дэл уулыг би олон хүнд үзүүлж байсан. Очсон хүмүүс өөрийн эрхгүй дуу алдаж, бишрэн сүсэглэж, дүрс тэмдэглэгээг нь өөр, өөрийнхөөрөө тайлж, эрчим хүч авч байгаа нь сайхан санагддаг. Ер нь Дэл уул зорьж очсон хүнд ивээлээ хайрладаг газар даа. Түүхийн ухааны доктор Д.Сүхбаатар “Дэл уул бол дэлхийн түүх соёлын маш нарийн давтагдашгүй өв хадгалсан гайхалтай газар” гэж хэлсэн байдаг. Дэл ууланд хадны зургаас гадна булш, хиргисүүр, гэрэлт хөшөө, хүн чулуу, хот балгасын туурь, сүм хийдүүдийн туурь зэрэг соёлын өвд хамаарах бүхий л дурсгал нэгэн дор цогцолсон байдгаараа хамгийн баялаг газар юм.
-Дэл уулыг улсын тусгай хамгаалалтад авах мөч ойрхон байгаа юу?
-Улсын тусгай хамгаалалтад ирэх жил Дэл уул болон Цагаан суваргыг авна. Хамгаалдаг, судалдаг баг бүрдүүлж, төсөв хөрөнгийг нь улсаас гаргаад өгвөл энэхүү түүхэн дурсгалт газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болно. Эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд тусгай хөтөлбөр боловсруулах хэрэгтэй. Үүний тулд эхний ээлжид улсын тусгай хамгаалалтад авах учиртай.
-Аливаа зүйл хоёр талтай. Олон хүн мэдээд ирэхээр онцгой нандин газрууд маань хүний хөлд талхлагдах, сүйтгэгдэх гээд байдаг даа. Тийм тал байна уу?
-Байгаа. Хуучин цагт судлаачид л очиж, сумынхан амардаг байсан бол дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс хүрээд ирэхээр хүний хөлд нурж эмтрэх аюултай учир эзэнжүүлж, улс хараа хяналтдаа авч, орж гарсан хүмүүсээс төлбөр авдаг болгох хэрэгтэй. Цагаан суваргыг хар л даа. Өдөрт 200-аад хүн очдог. Дуртай нь орж, гарч, машин тэрэгтэйгээ дээгүүр, доогуур нь давхиад талхалж байна. Аймаг, орон нутгаас хамгаалж, хашаа хайс татаж, машины тусгай зогсоолтой болгох зэргээр ажил хийж байгаа. Гэхдээ хадны зургийг хамгаалах, судлах, сурталчлан таниулахад төр засгаас эдийн засгийн дэмжлэг хэрэгтэй байгаа юм.
-Түүхэн дурсгалт газрууддаа урлаг соёлын ямар, ямар арга хэмжээ явуулж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд Дэл ууланд урьд байсан Зүүн билүүний шагайн тойром сэргэж байна. СУИС-ийн бүжгийн сургуулийнхан, Дүрслэх урлагийн сургуулийнхан жил бүр очиж хадны зурагтай холбоотой уран бүтээл туурвиж судалгааны бүтээл гаргаж байна, МУИС зэрэг түүх археологийн чиглэлийн сургуулийнхан очиж байна. Ер нь судалгааны эргэлтэд олон чиглэлээр орж байна. Зохиолч, яруу найрагчид очиж, шүлэг найргаа унших, дуучид дуугаа дуулах, клип хийлгэх гэх мэт арга хэмжээ мэр сэр болдог. Дэл уулаас төрсөн дэлхийн гарамгай яруу найрагч Төрийн шагналт Д.Нямаагийн 80 насны ойд зориулж энэ сарын 15-нд төрөлх нутаг Өлзийт суманд яруу найргийн наадам зохион байгуулах гэж байна. Саяхан намар Их газрын чулуунд “Уяхан замбуу тивийн наран” 3000 уртын дуучин, морин хуурчдын их наадам хийлээ.
-Цаашид эдийн засгийн эргэлтэд оруулж аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр юу хийгдэх гэж байгаа вэ?
-Аялал жуулчлал хүссэн хүсээгүй хөгжинө, тийм боломж давуу тал олон бий. Дэл уул ялангуяа хадны зурагтай хэсгүүдэд нийтийн аялал жуулчлал байх уу, зорилтот байх уу гэдэг дээр ярилцаж байгаа. Тэнд ганц хадны зураг биш хүнд үзүүлмээр ан амьтан, байгалийн тогтоц, олон алдартан төрсөн нутаг, сүм хийдийн туурь, эмийн ховор ургамал зэрэг олон онцлог бүрдсэн нутаг. Хажууханд нь байгаа Монголд ирсэн жуулчдын ихэнх нь очдог говийн алдарт Цагаан суварга дээр сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын болон нутгийн ард түмний дунд Тэмээний баяр, Цагаан идээний баяр зэрэг хэд хэдэн арга хэмжээ хийгдэж эхэлсэн. Дашрамд дурдахад байгалийн өвөрмөц тогтоцтой Цагаан суварга хүссэн хүсээгүй Монголын аялал жуулчлалын том бүс нутаг болно. Яваандаа Хөвсгөл шиг Тэрэлж шиг болгохгүйн тулд маш яаралтай аймаг, орон нутаг онцгой анхааралдаа авах хэрэгтэй байгаа. Түүх соёлын үнэт дурсгал болон байгалийн өвөрмөц тогтоц хосолсон Дэл уулыг Монголдоо жишиг болохуйцаар хамгаалалт, эдийн засаг, сургалт судалгаа, соёлын эргэлтэд маш ухаалгаар оруулах талаар олон хүн, байгууллагатай олон хувилбараар санал солилцож байна. Хүмүүс их сайхан хүлээж авч байгаа, зорилго биелнэ гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл ( 0 )