“Ганц биечүүдийн өдөр”-өөр “Alibaba” нэг минутад тэрбум ам.доллар олжээ

2019 оны 11 сарын 11

Жил бүрийн 11 дүгээр сарын 11-нд Хятадад “Ганц биечүүдийн өдрийг” тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр маш олон тооны хүлээн авалт болж, том дэлгүүрүүд хямдрал зарладаг уламжлалтай. 11 сарын 11 гэдэг тоо ч учиртай. 1-ийн тоо дөрөв дараалсан нь ёстой л жинхэнэ ганц биечүүдийг илэрхийлж чадаж байгаа юм.
 


Хятадын “Ганц биечүүдийн өдөр” албан ёсны баяр биш ч дэлхийн анхаарлыг татсан баяр болж чаджээ. Энэ өдрийн худалдаа наймааны хэмжээ “Хар Баасан гараг”-ийг ч даван гарсан байна.

11 дүгээр сарын 11-ний өдөр 00:00 цагт Tmall-д онлайн худалдаа эхлээд ердөө 96 секундийн дотор 1.44 тэрбум ам.долларын худалдаа хийжээ.
 


“Alibaba” группээс мэдээлснээр энэ жилийн онлайн худалдаанд  дэлхийн 200 орны 22 мянган брэнд оролцож байна. Худалдаа эхлээд есөн цаг өнгөрөхөд тус групп 22.6 тэрбум ам.долларын худалдаа хийгээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 25 хувь илүү байгаа ажээ. “Alibaba” группийн сайтад 500 сая хүн зочилсон нь өнгөрсөн үеийнхээс 100 саяар илүү байгаа юм.

11-ний өдөр дуусаагүй байгаа ч “Ганц биечүүдийн өдөр” “Хар Баасан гараг”-аас илүү орлого олох нь ойлгомжтой болоод байна. Өнгөрсөн жил Америкийн “Хар Баасан гараг” 24.2 тэрбум ам.долларын наймаа хийж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top