ОЛОН ӨНГӨ: Амьдралыг бүтээгч агшнууд

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

Орой ажлаа тараад гэнэт л харих замаа буруулмаар санагдан, өөрийн мэдэлгүй их дэлгүүрийн зүг алхлаа. Учир нь шинэ жилийн гацуур мод тэнд сүндэрлэчихсэн байгаа. Миний хувьд хамгийн ихээр догдлуулдаг зүйлүүдийн нэг бол яах аргагүй гоёл, чимгээ зүүж гүйцсэн баярын мод юм. Өнгөрсөн зун Хархираа, Түргэний мөнх цаст, сүрлэг уулс дунд явахдаа л ийм хүйтнийг мэдэрсэн сэн. Үнэхээр л өвөл болчихжээ.

Гудамж талбайд зузаан оймс, ноосон цамц зарж зогсоо хэн нэгнийг харахад “даарч байгаа даа” гэж дотроо халаглана. Гэвч тэд үгүй бол энэ хот дэндүү хүйтэн бас хоосон байх сан. Үнэндээ энэ хүмүүс л бидэнд “дулаан” бэлэглэж байгаа шүү дээ. Орон хотод минь ийм дулаан хүмүүс байгаа нь юутай сайхан хэрэг вэ. Дотор бүлээцнэ.

Автобусанд өөдөөс харж суусан хоёр охин хоорондоо солонгос хэлээр их л чанга ярин, инээлдэнэ. Гунигтай ч юм шиг...

Автобусны хаалга онгойход яг миний дурладаг хөх цэнхэр өнгийн зузаан хүрэм өмссөн залуу орж ирэв. Тэр цаанаа л нэг бусдаар онцгойрч харагдаад байв. Нүд нь тийм гэхийн аргагүй ямархан нэгийг бодлогоширсон... Мэдээж удалгүй буух цаг минь ирж, түүнийг дахиж харахгүй.

Эргэн тойронд болж өнгөрөх энэ мэт агшнуудыг би үргэлж л ажиглаж явдаг зуршилтай. Зарим агшин намайг бүр хөтлөөд явчихна... Оюун бодол минь хэдхэн хормын дүр зургаас хагацаж чадахгүй, цааш нь ургуулан бодож, төсөөлөлдөө бүтээсээр байх явдал нэг бус удаа тохиолдоно. Тэр бүрд би агшин, хором бүр л амьдралыг бүтээдэг гэдэгт бат итгэж орхидог юм. Өчигдрийн агшнууд л өчигдрийн намайг, өчигдрийн амьдралыг минь бүтээсэн. Магадгүй өнөөдрийг ч бүтээж байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top