Намын нэрийн араас гарч, лидерийн ард нуугдах сонгууль болох юмдаг уу даа

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

Сонгогчид намын нэр дугуйлж, тэдний нийт саналын багцаар намын жагсаалтад орсон хүмүүсийг хувь тэнцүүлэн УИХ-ын гишүүн болгох хувилбар 2012 онд хэрэгжиж байлаа. Тухайн үед 48 нь тойрогт өрсөлдөж, 28 нь жагсаалтаар парламентад орж байв. Харин одоо 2016 оны 76 жижиг тойргийн сонгуулийн үр дүнгээс бүтсэн УИХ  сонгуулийн хуулийн шинэчлэлийг хэлэлцэж байна. Товчхондоо, 2020 оны сонгуулийг явуулах дүрэм эндээс тодорно. Эрх баригч намын талаас боловсруулсан уг төслөөр бол 50 тойрог, 26 улс нэг тойрог байх аж. Ингэхдээ улс нэг тойрогт өрсөлдөх нам бүрийн 26 хүнээс сонгогч хуулиар тогтоож өгсөн тоогоор нэр дугуйлна (Сонгогч хэдэн нэр дугуйлахыг хэлэлцүүлгийн явцад шийдэхээр болсон). Харин эргээд сонгогчийн дугуйлсан нэр намд өгсөн санал болно гэхээр пропорционалийн хэлбэр шингэсэн 2012 онтой урвуу байдлаар адилсаад байгаа юм.

Нэг намын 26 хүн нийлээд сонгогчдын 50 хувийн саналыг авсан байвал тухайн намын жагсаалтын 13 хүн цуглуулсан саналынхаа тоогоор эрэмбэлэгдэж УИХ-ын гишүүн болно гэж байгаа (Хууль санаачлагчид нь ингэж тайлбарласан). Тэгэхээр зарчмын хувьд нам дугуйлах нь хүн дугуйлах гэж л өөрчлөгдсөнөөс үр дүнгийн хувьд 2012 онтой бараг адил. Намын нөлөө бүхий лидер ард түмнээс их санал авах тусам цуг улс нэг тойрогт өрсөлдөж байгаа журмын нөхдөд нь ашгаа өгнө. Олны дэмжлэгийг авч чадах манлайлагчидгүй намын 26-д багтсан нэр дэвшигч иргэдээс чамлахааргүй санал цуглууллаа гэж бодъё. Тэр хүн лидер сайтай намын бага саналтай нэр дэвшигчид зайгаа тавина гэсэн үг. 2012 оны сонгуулийн дараа “Намын нэрний ард нуугдлаа” гэсэн шүүмжлэл явсан. Тэгвэл одоо хэлэлцэж байгаа төслийн хувилбараар 2020 оны УИХ-ын сонгуулийг хийвэл “Лидерийн ард нуугдлаа” гэсэн хэл ам дагах нь зайлшгүй.

Пропорционал хэлбэрийн сонгуулийн ашиг тусыг доор бичих болохоор орхиё. Харин зардал, зохион байгуулалтын хувьд чирэгдэлтэй байхад хүн дугуйлах хэлбэр рүү яваад байгаагийн тайлбар бол энгийн. Бид буюу сонгогчдын хувьд өнгөрсөн хугацаанд улс орны хөгжлөөс илүү сайн хүн олоход анхаарлаа хандуулжээ. Сайн, муугийн хоёр туйлын талаар суртал ухуулгад автсан бүтэн жаран бидний сэтгэлгээнээс бүрэн зайлаагүй байгаагийн л тэмдэг. Үүнийг олон нийтийн саналд тулгуурлаж төрийн эрхийн төлөө өрсөлдөх намууд ашигласаар ирсэн. Өөр ч аргагүй. Өнгөрсөн туршлагаас үзэх юм бол сонгуулийн дараа мөрийн хөтөлбөрийг намууд өөрсдөө л сөхөж яриад байдаг болохоос ард иргэд төдийлөн шаардаж байгаагүй. Харин “Бид тойрогтоо үзэгддэггүй, ажил төрөлд хүн оруулж өгдөггүй худалч хүн сонгожээ”, “Хулгайч хүн байжээ” гэж толгойгоо барьсан удаа бол бий. Тийм ч болохоор сонгуульд хөгжлийн бодлого боловсруулсан нь биш ард түмэнд бэлэг (тухайлбал, хүүхдийн мөнгө, эх орны хишиг өгөх) амласан нь илүү сонгогдох магадлалтай болдог. Дээр нь “Би сайн хүн. Харин тэр бол хогийн нөхөр, худалч, хулгайч” гэсэн байдлаар өрсөлдөх хандлагатай. Өрсөлдөж буй нэр дэвшигчид ийм байдал гаргадаггүй юм гэхэд тэднийг дэмжиж байгаа хүмүүс ингэж л хуваадаг. Энэ хөрсөн дээр дахиад нам дугуйлуулна гэвэл олон нийтийн дэмжлэг авахгүй. Харин “Аль сайн хүнийг нь өөрсдөө дугуйлах гэж байгаа юм шүү дээ” гээд байвал эсэргүүцэлтэй тулахгүй гэж тооцсон байх. Дээр нь сонгуулийн аливаа өөрчлөлтийг улстөрчид өөрсдийн ашигт хэр нийцэх нь вэ гэдгийг харж хийдэг (Өөрсдөө баталж байгаа юм чинь аргагүй шүү дээ). Тэгэхээр одоо яригдаж байгаа сонгуулийн хуулийн өөрчлөлтийн ашиг нь юу байх бол.

 

Пропорционал яагаад хэрэгтэй вэ

Ямар ч байсан жалга довны гэгдэх 76 жижиг тойрог хөгжлийн гарц биш гэдгийг улстөрчид, судлаачид өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Хэдийгээр УИХ-ын гишүүд бүх ард түмнийг төлөөлөхөөр тангараг өргөдөг, нийт улс даяар мөрдөх хуулиудыг хэлэлцэж баталдаг боловч жижиг тойргоос гарсан улстөрчийн “ноён нуруу” улсын төсөв хуваарилах дээр очоод хугардаг юм. Намрын чуулганаар төсөв батлах болоход тойрогтоо илүү хэдэн төгрөг, ганц худаг ч хамаагүй нэмж тавиулахын төлөөх ордны хуйвалдаан, наймаа ширүүсдэг. Уг нь Монгол Улс олсон орлогоо хэрхэн зарлагадах, хурааж хуримтлуулах эсэхээ шийдэж байгаа үйлдэл шүү дээ.

Улс орон байтугай айл гэр санхүүгээ зөв төлөвлөхгүй бол өнгө гэрэлгүй болно. Гэтэл манай улсын төсөв айлаар бол сарынхаа орлогоор хөргөгчтэй болмоор байвч гэр бүлийн гишүүдийн нэг нь цоорхой өмдөө нөхөх, нөгөө нь шинэ цамцтай болох, бас нэг нь загвар хуучирсан гутлаа шинэчлэхийг шаарддагтай адил болчихдог. Бүр өөрсдөдөө байгаа юмаа нэмж авах, тансаглах чиглэлд яваад байгаа мэт. Айпон утасны загвараас хоцрохгүй гээд цалингийн зээл аваад байдаг хүнтэй ч зүйрлэмээр юм уу. Үр дүнд нь хөргөгч аваагүй болохоор дараа сар хүртэл килограммын маханд дэлгүүр явах болно. Ийм тойрогт барьцаалагдсан байдлыг пропорционал хязгаарладаг.

2012-2016 оны парламентад намын жагсаалтаар 28 гишүүн орж байлаа. Энэ парламент бүх аймаг руу хатуу хучилттай зам тавих, томоохон үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх чиглэлд ажиллахын зэрэгцээ халамжийг хамгийн багаар нэмэгдүүлсэн юм даа. Тэр дунд нь шамшигдсан хөрөнгө мөнгөний хэл ам бол зарчмын хувьд тэс өөр асуудал. Харин 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент яаж ажилласныг олон нийт дор бүрнээ шүүж байгаа байх. Ялгаа нь ийм л байна. Дээр нь пропорционалийн аливаа хэлбэр нь иргэний санал гээгдэхээс сэргийлдэг. 76 жижиг тойрогт сонгууль явуулахад МАН 65 суудал авч байлаа. Тойрог тус бүрт олонхийн санал авсан хүн сонгогдсон гэсэн үг. Харин нийт ард түмний 40 орчим хувь уг нь сонгуулиар АН-д санал өгсөн юм шүү дээ. Тиймээс тэр 40 хувийн хүссэн төлөөлөл төрд байхгүйтэй адил болчихож байгаа биз. Энэ өөрөө төрийн нэр хүнд хадгалагдахтай холбоотой зүйл болоод явчихна. Мөн 76 жижиг тойрогт гардаг “царцааны нүүдэл”, санал худалдаж авах зэрэг будилаануудын хүчийг сааруулах давуу талтай. 

 

26 НЬ УЛС НЭГ ЭСВЭЛ БҮСЧИЛСЭН ТОЙРОГ БАЙХ УУ ХИЙГЭЭД САНАЛЫН НУУЦЛАЛЫН ЗОВЛОН

Улс нэг тойргийн 26 хүнийг сонгохдоо сонгогчид нэг эсвэл хоёр нэр дугуйлахыг тохиролцох дээр улстөрчид нэлээд маргалдаж байгаа. Бүр сонгогч намуудын нэр дэвшигчдийг харж байгаад таван хүн дугуйлаг гэсэн санал ч гарсан гэж байгаа. Өнөөгийн байдлаар бол ерөнхийдөө хоёр байхад болох юм байна гэдэг дээр тогтсон бололтой. Нэг нэр дугуйлбал жишээ нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр хүнд өндөртэй байгаа тул ихэнх саналыг авчихвал яах вэ. За тэгээд хэлэлцүүлгийн явцад хамгийн их санал авснаараа нийт намуудын нэр дэвшигчид жагсаад байр эзлүүлэх байдлаар 26-г УИХ-д авна гэвэл сүүл рүүгээ ганц, хоёр мянган хүний саналаар орчих байдал үүсэхийг ч үгүйсгэх аргагүй. Тэгэхээр хоёр, гурван хүн дугуйлах хувилбарыг давхар яриад байгаа байх. Ингэсэн тохиолдолд сонгуулийн насанд хүрсэн хоёр сая хүн санал өглөө гэхэд улс нэг тойрог дээр дөрвөн сая санал овоорно.

Нэг талд өгсөн санал шууд тоологдож байгаа нөхцөлд нөгөө талаас санал хасагдсан гэж тооцогдоно. Гэтэл хоёр хүн дугуйлбал хувь хэмжээ тэр хэрээр хуваагдана. Сонгогчийн хувьд тойрогт өрсөлдсөн нэг дээр нэмэх нь улс нэг тойргийн хоёр гээд гурван хүнд санал өгөх болох нь. Зөвхөн нэг хүн биш дэмждэг хэд хэдэн нэр дэвшигчид санал өгөх бололцоог дагаад эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй гэсэн сонголт явж магад. Бүр дагаж ханаруулсан сонголт ч гарч мэдэх юм. 2016 оны сонгуулийг УИХ, орон нутаг зэрэг хийж байлаа. Тэгэхэд нийслэл дээр гэхэд сонгогчид УИХ-д МАН-ын дэвшигчийг сонгоод доор нь НИТХ-ын төлөөлөгчид МАН-ыг дугуйлах байдал их ажиглагдсан. Үр дүнд нь Э.Бат-Үүлийн баг ялагдсан даа.

Мөн сонгуульд иргэн саналаа хэнд өгснийг нууцлах учиртай. Гэтэл нам бүрээс 26 хүн улс нэг тойрогт өрсөлдвөл нууцлал дээр хамгийн түрүүнд хүндрэл гарна. Өнөөдөр Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 34 нам бий. Тэднээс 10 нь сонгуулийн улс нэг тойрогт 10-26 хүн нэр дэвшүүлжээ гэж бодъё. Тэр олон нэрийг нэг хуудас дээр багтаах аргагүй. Тиймээс нам бүр дээр тусад нь хуудас гаргаж таарна. Ухаандаа нэг хуудас дээр тэр намын 26 хүний нэр бичээстэй байх хэрэг л дээ. Тэр намуудын хуудсыг ширээн дээр тэвхийтэл тэнцүүлээд өрчих байх гэж тааж байна.

Санал өгөх байранд орсон сонгогч аль намын хүнд итгэл өгөх гэж байгаагаас хамаараад тухайн хуудаснаас сонгож авах болно. Гэтэл сонгуулийн хэсгийн хороон дээр дотоодын болоод олон улсын ажиглагчид, зохион байгуулагчид, намуудын хяналтын төлөөлөл гээд өчнөөн хүн байдаг. Аль намынх нь хуудас хурдан дундарч байгаагаар саналын хандлагыг авчих юм биш үү. Өнөө хүн аль намын хуудсыг авч байгаагаа харуулахаар чинь нууцаар санал өгсөн болж чадах уу. Хэнийг дугуйлахыг нь мэдээгүй ч аль намд өгч байгааг нь тогтоочихно. Хажуугаар нь 50 тойрог мажоритар явах учраас өөр нэг хуудас авна. Улс нэг тойргийн сонголт хийсэн хуудас авч байгаагаас үүдээд тойрогт нэр дэвшигчийн хэнд өгөх гэж байгааг таамаглах бололцоотой. Яахав, бүх саналын хуудас нууцлагдсан өрөөнд байж болно л доо. Гэхдээ хөгшин, хэл эсвэл харааны бэрхшээлтэй хүн ороод асууж сураглана, адармаатай даа. Бараг бүтэхгүй биз. Дээр нь сонгогч бүх нэрийг уншиж байж шийдвэрээ гаргах гэвэл сонгуулийн санал өгөх нэг өдөртөө амжих уу гэдэг асуулт ч байна.

Хамгийн сонирхолтой нь, манайхан нутгархах дуртай. Тэгэхээр улс нэг тойрогт тухайлбал, хамгийн олон хүнтэй аймгаас гаралтай улстөрч орчихсон байг. Сонгогчид “Тэртэй, тэргүй 26 хүн УИХ-д ингэж орох юм бол аймгийнхаа залууг сонгоно, нутаг орноо бодсон нэг төлөөлөгч нэмэгдэг” гэвэл яах бол. Ийм сурталчилгаа ч гарна. Тэгвэл 100-гаас дээш мянган хүнтэй Хөвсгөл, Сэлэнгэ хавиас гаралтай улстөрчид сонгогдоод хүн ам багатай Сүхбаатар, Булган, Хэнтий эвгүйцнэ биз дээ. Эсвэл бүр нууцлалаа хийгээд нутаг нугын хүний их багыг зохицуулахын тулд 26 нэр дэвшигч улс нэг тойрог биш бүсчилсэн тойрог байж болох юм. Тэр бүсдээ нэр дэвшихээс гадна намаа төлөөлнө биз. 21 аймагт 16, хотод 10 байдаг ч юм уу. Тэгвэл тойрогт нэр дэвшигч, бүсчилсэн тойрог гээд хоёрхон хуудас авч бөглөнө. Гэхдээ энэ хувилбар явсан тохиолдолд улсын хэмжээнд олон санал цуглуулна гэсэн лидерүүд нь намдаа төдийлөн өндөр ашиг өгч чадахгүй болчих талтай.

 

Хууль батлагдах магадлалын тухайд

Гол нь хуулийн хувилбарыг ямраар ч ярьсан дэмжихгүй хүмүүс байж л байгаа. Бие дааж нэр дэвших сонирхолтой хүн улс нэг тойргийн 26-д багтаж чадахгүй. Энэ хэсэг бүхэлдээ намд зориулагдсан болж таарч байна. Жижиг намуудын хувьд хувь тэнцүүлэх журам ихэнхэд нь ашиггүй. МАХН-ын дарга Н.Энхбаяр их санал аваад 2012 оных шиг О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нараа дагуулаад ирж мэдэх юм. Гэхдээ цагийн юм цагтаа л байдаг. Өнөөдөр бол тэс өөр үеийнхэн сонгуульд санал өгнө. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ярих үеэр пропорционалийг оруулах ёстой гэж үзэж байсан гишүүдээс гадна яасан ч болохгүй гэсэн бодолтой УИХ-ын гишүүд байсан юм. Одоо ч эрх баригчид саналын хувьд хуваагдалтай байгаа болов уу. Ийм үед эцсийн шийдвэрийг АН гаргана.

Ерөөсөө өнгөрсөн хоёр жилд эрх баригчид дотроо хуваагдсанаас УИХ-д долоохон суудалтай АН зарим шийдвэр дээр шийдвэрлэгч болчихдог болсон. Сонгуулийн хууль дээр ч магадгүй. Тэр дотоодын хагарал ч аньсан байх. Гэхдээ улстөрчид өөрсдөө сонгогдох уу гэдгээ бодохоос үүдсэн шинэ хагарал гарах нь дамжиггүй. МАН-ын УИХ дахь 64 гишүүний 42 нь анх удаа сонгогдсон. Дийлэнх нь улс нэг тойрогт очиход олонд танигдаагүй, өөрийнх нь сонгогдсон тойрог 76 биш 50 болсноос үүдэн томроход дургүй байж таарна. АН-ын томчуудын хувьд пропорционалд талтай. Гэхдээ намын гишүүд нь юу гэж үзэх нь бас сонин. Чуулганаар удахгүй хэлэлцэгдэх сонгуулийн хуулийн шинэчлэл олонхийн дэмжлэг авахгүй бол тэгээд 76 тойргоороо сонгуульдах байх даа. Хараад л сууж байя.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top