Нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжийн талаар ТАНЫ МЭДВЭЛ ЗОХИХ БАГЦ МЭДЭЭЛЭЛ

2019 оны 12 сарын 19

Нийгмийн даатгалын хууль хүнийг эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас үйлчилж эхэлнэ гэдэг. Гэтэл нийгмийн даатгалын тухай сөрөг сэтгэгдэл, хандлага мэр сэр гарч, шимтгэл төлөхөөс зайлсхийж хадгаламж нээчихсэн нь дээр гэх хүмүүс ч олонтаа болсон. Насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлж, төлчхөөд тэтгэвэрт гараад нэг, хоёрхон жил болоод нас барлаа гэж бодоход тэр их хөдөлмөр, хөлс хайран биз дээ гэж халаглах  ч хүмүүс бий. Энэ нь ч зүй нь бол зөв. Эцэг эхийнх нь амьд сэрүүндээ төлж дуусаагүй үлдсэн өрийг үр хүүхдэд нь шилжүүлдэг атал нийгмийн даатгалыг нь яагаад өвлүүлж болдоггүй юм бэ гэх ч хүн олон. Энэ мэтчилэн амьдралд тохиолддог олон жишээг татаж болно. Нийгмийн даатгалын үйлчилгээ, шимтгэлийн хувь хэмжээ болон шинэчилсэн хууль дүрмийн тухай мэдээлэл хүргэе.


НИЙТ ӨНДӨР НАСТНЫ 50 ХУВЬ НЬ ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГЭЭР ТЭТГЭВЭР АВЧ БАЙНА 

Нийгмийн даатгалын харилцаанд орсон хүн бүхэн нийгмийн эрсдэлд орсон үедээ 30 гаруй нэр төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, тусламж үйлчилгээ авах эрхтэй. Нийгмийн эрсдэл гэдэг нь өндөр наслах буюу хөгшрөх, тэжээгч нь нас барах, түр болон урт хугацаагаар өвдөх, хүүхэд төрүүлэх, ажилгүй болох, нас барах зэрэг ордог. Нийгмийн даатгал нь тэтгэврийн даатгалын сан, тэтгэмжийн даатгалын сан, ажилгүйдлийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сан, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан гэсэн таван төрөлтэй.  Тэтгэврийн  даатгалын сангийн шимтгэл нь 2017 оны нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ажил олгогч болон албан журмын даатгуулагч нь тус тус 9.5 хувь, сайн дурын даатгуулагч нь 12.5 хувь гэж тогтоосон бол энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан учраас албан ёсоор энэ хуулийг өөрчлөх хуулийн өөрчлөлт орж, ажил олгогч болон албан журмын даатгуулагч нь тус тус 8.5, сайн дурын даатгуулагч нь 11.5 хэвээр үлдэхээр болсон. Нийгмийн даатгал нь албан журмын болон сайн дурын гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Албан журмын даатгалд ямар нэг байгууллага, аж ахуйн нэгжид харьяалагдаж гэрээгээр ажилладаг хүмүүс хамрагддаг. Албан журмын даатгалд энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 47.500 ажил олгогч хамрагдсанаас  956.300 хүн нийгмийн даатгал төлжээ. Сайн дурын даатгал гэдэг нь ямар нэг байгууллагад ажилладаггүй, өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг, жижиг бизнес эрхэлдэг хүмүүс болон малчид, тариаланчид төлөх шимтгэлийн хэлбэр юм. Энэ оны байдлаар 121.800 хүн сайн дураараа нийгмийн даатгал төлснөөс 44000 нь малчин байна. Нийгмийн даатгалын сангаас энэ онд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, тусламж үйлчилгээнд 639.100 хүн авсан бөгөөд 1.8 их наяд төгрөгийг зарцуулжээ.

Нийгмийн даатгалын сангаас 420 мянган хүн гурван төрлийн тэтгэвэр авч байгаа бөгөөд өндөр насны, тахир дутуу болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр юм. 20 жилээс дээш шимтгэл төлсөн хүмүүст бүрэн тэтгэвэр олгодог бөгөөд бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь сардаа 310 мянган төгрөг байна. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр гэдэг нь насны болзлыг хангасан хэр нь 20 жил шимтгэл төлөөгүй, 10-аас дээш жил шимтгэл төлсөн хүмүүсийн шимтгэл төлсөн хугацаанд ногдуулаад, хувилаад тэтгэврийг нь тооцож гаргадаг бөгөөд хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ нь 270 мянган төгрөг байдаг. Энэ оны хоёрдугаар сард тэтгэвэр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарч 119 тэрбум төгрөгийг бүх төрлийн тэтгэвэрт төсөвлөсөн. Үүний үр дүнд тэтгэврийн дундаж хэмжээ нь 375 мянган төгрөгт хүрчээ. Гэтэл нийт тэтгэвэр авагчдын 50 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна.  10 орчим хувь нь 311-500 мянган хүртэлх төгрөгийн тэтгэвэр авч байгаа бол 10-аас дээш хувь нь 500 мянгаас дээш төгрөгийн тэтгэвэр авч байна.

 

ТЭТГЭВРИЙН НАСНЫ ДООД ХЭМЖЭЭГ ХҮЙС ХАРГАЛЗАХГҮЙ АДИЛ БАЙХ БОДЛОГО БАРИМТАЛНА

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлийн хүрээнд 2030 он хүртэл төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогод тусгагдсан зарчмын асуудлуудыг дурдахад ахмад настан бүр баталгаат тэтгэврээр хангагдах, иргэн суралцах, хөдөлмөрлөх боломжоор хангагдах, тэтгэврийн даатгалын сангийн зардлыг төр, иргэн, ажил олгогч хамтран хариуцах, эрэгтэй, эмэгтэй өндөр настны тэтгэвэр тогтоолгох насны доод хязгаар адил байх, цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа, төлсөн шимтгэлтэй уялдаатай тэтгэвэр байх, хөдөлмөрийн чадвартай үедээ нийгмийн даатгалд хамрагдаж, өндөр настан, тахир дутуу, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах зэрэг орно.

1995 оноос өмнө хуучин тэтгэврийн тогтолцоогоор нийгмийн даатгалын шимтгэл иргэд төлдөггүй байсан бөгөөд улсын төсвөөс 100 хувь санхүүжүүлж тэтгэвэр олгодог байсан. Нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд шилжсэнээр иргэд шимтгэл төлдөг болж социализмын үед тэтгэвэр авч байсан 286 мянган хүний мөнгийг Тэтгэврийн  даатгалын сангаас өнөөдрийг хүртэл хариуцаж ирсэн. Эдгээр хүнээс байгалийн жамаар хорогдсоор, өдгөө 53 мянган хүн тэтгэвэр авч бөгөөд 200 тэрбум төгрөг жилд зарцуулдаг. Гадуур яригдаад буй 605 тэрбум төгрөгийн алдагдал бол үүнтэй холбоотой. Мөн дээр нь төрийн тусгай алба болох цагдаа, зэвсэгт хүчин, дотоодын цэрэг, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр, авлигатай тэмцэх газар зэрэг нэр бүхий есөн байгууллагын 18 мянган албан хаагч нийгмийн даатгал төлдөггүй бөгөөд тэтгэврийг нь төрөөс хариуцдаг. Үүнд 150 тэрбум төгрөгийг жилдээ зарцуулдаг. Үлдсэн 250 гаруй тэрбум төгрөг нь Тэтгэврийн даатгалын сангийн цэвэр алдагдал юм. Энэ алдагдлыг бууруулахын тулд зөв тогтолцоо чухал юм. Нийгмийн даатгалын тогтолцоо өндөр хөгжсөн Щвейцар улсад таван  давхар тэтгэврийн тогтолцоо буюу олон эх үүсвэрт санхүүгээс тэтгэвэр тогтоодог. Мөн Сингапур улсын хуримтлалын жишгээр хувийн нэмэгдэл даатгалын үйлчилгээг нэвтрүүлж, тэтгэврийн даатгалын сангаас орон сууцны санд, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санд байршуулж, тэтгэврийн даатгалын санд тодорхой хувийг нь хийх аргачлалыг эх орондоо нэвтрүүлж олон давхар тэтгэврийн тогтолцоог бий болгох шаардлагатай байгаа юм.

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны өнгөрөгч оны тогтоолоор сарын хөдөлмөрийн доод хэмжээ нь 420 мянган төгрөг бол Засгийн газрын 2018 оны тогтоолоор сарын хөдөлмөрийн дээд хэмжээ 4.200.000 төгрөг болсон. Даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн доод, дээд хэмжээ албан журмын даатгуулагч 48.300, дээд хэмжээ нь 483 мянган төгрөг бол сайн дурын даатгуулагч доод хэмжээ нь 56.700, дээд хэмжээ нь 567 мянган төгрөг юм.

 

МАЛЧНЫ ТЭТГЭВРИЙГ

СҮҮЛИЙН 20 ЖИЛД ТӨЛСӨН АЛЬ ДУРТАЙ 7 ЖИЛЭЭР НЬ ТОГТООХ БОЛОМЖТОЙ БОЛНО

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийгмийн даатгалын асуудлууд нь гурав хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн нийгмийн баталгааг сайжруулж, “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь тасрахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх,  малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх, тэтгэвэр, тэтгэмж, цалинг үе шаттайгаар нэмэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бодлого баримтлах, хүүхэд төрүүлсэн эхчүүдэд даатгуулсан хэлбэрээс үл хамааран хөдөлмөрийн хөлснөө адил хувиар тэтгэмж олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх юм.

Тэтгэврийн нас, тэтгэвэр бодох аргачлалын хувьд бүрэн тэтгэврийн эрх нь 20 жил 8 сар шимтгэл төлж ажилласан эрэгтэй 60 нас 9 сар хүрсэн бол, эмэгтэй нь 55 нас 9 сар хүрсэн бол тэтгэвэр бодогдоно. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн эрх нь 10-20 жил шимтгэл төлж ажилласан эрэгтэй 60 нас 9 сарт, эмэгтэй 55 нас 9 сар хүрсэн бол тэтгэвэр бодогдоно. Малчны тэтгэврийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9 зааснаар нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 настайдаа, эмэгтэй нь 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгож болно. 2020 оноос малчны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан хүний тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай 7 жилийн буюу 84 сарын дундаж цалин хөлснөөс тооцно гэж заасан. Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэг удаа нөхөн төлүүлэх бөгөөд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нь 15-60 насны байх бөгөөд суралцсан, өөр ажил эрхэлсэн хугацаа малчнаар ажилласан хугацаанд хамаарахгүй бөгөөд тухайн  үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар бодож нөхөн төлүүлнэ.

Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эх төрүүлсэн болон гурав хүртэлх настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс олон хүүхэд төрүүлсэн, 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, хүүхдүүдээ зургаан настай болтол нь өсгөсөн бол 50 нас хүрээд өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох боломжтой. Үүнээс гадна хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд, газрын дор ажилладаг, хортой нөхцөлд ажилладаг, хүнд нөхцөлд ажилладаг хүмүүст насыг эрэгтэйг 50-55, эмэгтэйг 45-50 насандаа тэтгэвэр тогтоолгож болно гэж заасан байдаг. Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад 20-иос доошгүй жил эсвэл нийтдээ 25 жил үүнээс дээрх ажил мэргэжлээр 15-аас доошгүй жил ажиллаж шимтгэл төлсөн бол тэтгэвэр эрт тогтоолгох боломжтой. Мөн түүнчлэн Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд 25-аас доошгүй жил ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хүмүүс эрт тэтгэвэрт гарах боломжтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top