БАГА ХУРАЛ I Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Г.Занданшатарыг дэмжлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 06 сарын 09

Өнөөдөр болсон МАН-ын Бага хуралд Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын нэрийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн бол заалнаас УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Бага хурлын гишүүн С.Нэргүй нар өөрсдийн нэрийг дэвшүүлсэн. Улмаар Д.Амарбаясгалан, С.Нэргүй нар нэрээ татаж Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нарын хоёр нэр дэвшигчийн үгийг сонсож, санал хураалт явууллаа. 

Ингээд нийт хурлын гишүүдийн 67 хувийн саналаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг дэмжжээ.

Хурлын дараа Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Бага хурлын VII хуралдааныг даргалсан Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, хурлын нарийн бичгийн даргаар ажилласан Бага хурлын гишүүн С.Мөнгөнчимэг нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар “Монгол Ардын Намын Бага хурлын VII хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Монгол Улсын үндсэн хууль, Монгол Ардын Намын дүрэмд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж, томилуулах болон бусад асуудлыг өнөөдрийн хуралдаанаар  хэлэлцлээ. Энэ удаагийн хуралдаанаар шинээр Ерөнхий сайдад нэр дэвших дөрвөн нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцсэн. Бага хурлын VII хуралдааны өмнө Монгол Ардын Намын Удирдах зөвлөл хуралдаж, намын дарга Л.Оюун-Эрдэнийн санал болгосны дагуу Гомбожавын Занданшатарыг 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр  санал болгож, Бага хурлын гишүүдэд танилцуулсан.


Хурлын явцад  Бага хурлын гишүүд дөрвөн хүнийг нэр дэвшүүлж, хоёр нэр дэвшигч нэрээ татсанаар Гомбожавын Занданшатар, Ганзоригийн Тэмүүлэн нарын дунд санал хураалт болж, дүнгээ гаргаад байна.

Бага хурлын үеэр  Ерөнхий сайдад нэр дэвшигчдээс өнөөгийн үүсээд байгаа улс төр, нийгэм эдийн засгийн асуудлаар 50 гаруй хүн асуулт асууж,  санал бодлоо илэрхийлсэн, нээлттэй хэлэлцүүлэг өрнөсөн хурал болж өнгөрлөө. Бага хурлын VII хуралдаанд 347 төлөөлөгч оролцож, 67.84 хувийн саналаар Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо.

Бага хурлын гишүүдийн шийдвэр гарч, тогтоол батлагдсан учир маргааш бид Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу шинээр Ерөнхий сайдад томилуулах саналаа хүргүүлэх болно. Бага хурлын гишүүд Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал, нийгэм эдийн засгийн асуудлыг олон талаас нь ярилцаж энэхүү шийдвэрийг гаргалаа” гэлээ. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.191.59) 2025 оны 06 сарын 09

Бас нэг женкогийн гар хөл ЕС болох нь дээ, МАН-д өөрийн гэсэн толгой ч алга, мэдэл ч алга, женкогийн нөлөөнөөс гарч чадахгүй нь дээ

0  |  0
Нэргүй(202.9.46.192) 2025 оны 06 сарын 09

Цаг хугацаа харуулна. Анх оюунэрдэнэ юу юу гэж яриж байлаа. Ийм хурдан мартлаа гэж үү ?

0  |  0
Баянаа(103.212.116.186) 2025 оны 06 сарын 09

Зө л сонголт байна даа

0  |  0
Close menu