
Монгол Улсын нийт гадаад өр 2019 оны эхний есөн сард 29.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс хоёр тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлттэй байгаа. Ирэх дөрвөн жилд манай улс 14.4 тэрбум ам.долларын өр төлбөр төлөх ёстой гэсэн мэдээллийг албаныхан өгч буй. Өр төлбөрийг хугацаанд нь төлөхийн тулд өрийг дахин санхүүжүүлэх бонд босгож мөнгө олох, өрийн хугацаагаа сунгах гарц бидний өмнө байгаа билээ.
Тэгэхээр дараа дараагийн олон жилүүдэд бондын тухай сэдэв бидэнтэй байнга хамт байна гэсэн үг.
Бонд буюу өрийн бичиг нь тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг мөнгөн эсхүл тодорхой эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр (бараа таваар, хувьцаа г.м) эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн үнэт цаас юм.
Өрийн бичигтэй холбоотой үүх түүхийг харвал Монголын анхны өрийн бичиг “Бага болзоот”-ыг 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй, жилийн 6 хувийн хүүтэй, олноо өргөгдсөний арван нэгдүгээр оны арван сарын хорин хүртэл хугацаагаар гаргаж байжээ. Уг өрийн бичгийг Хүрээний жүүд Иван Александрович Лавров гардан Г.Лувсанцэвээнтэй хамтран гаргаж байжээ. Өрийн бичгийн төлбөрийг Ардын засаг 1923 онд төлж дуусгасан түүхтэй аж.
1950 онд Сангийн яамнаас урьд гаргагдсан бүх зээллэгээ нэгтгэн 20 жилийн хугацаатай нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 800000 ширхэг өрийн бичиг гаргасан байдаг.
Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойших хугацаанд Засгийн газраас хэд хэдэн удаа өрийн үнэт цаас гаргаж дотоод болон олон улсын зах зээл дээр арилжаалсан. Тухайлбал, Хөгжлийн банкны Евро бонд, Засгийн газрын Чингис, Самурай, Хуралдай, Гэрэгэ гэхчлэн бондууд юм.

Сэтгэгдэл ( 0 )