ОУВС-гийн хөтөлбөр дууссаны маргааш бид хаачих вэ!

2020 оны 01 сарын 10

Гурван жил хэрэгжих ОУВС-гийн хөтөлбөрийн хугацаа ирэх тавдугаар сард дуусна. Монголын Засгийн газар 2016 оноос царайчлан байж 2017 оны тавдугаар сараас эхлэн доноруудын дэмжлэгийг авсан. Хөтөлбөрийн хүрээнд ам.долларын урсгал наашилснаас гадна дефольт зарлах дээрээ тулаад байсан манай улсыг олон улсын байгууллагууд бодлогын хувьд дэмжсэнийг онцлох хэрэгтэй. Тэгвэл “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” тов ёсоор дууслаа гэхэд Монгол Улсын эдийн засаг цаашдаа доноруудын дэмжлэггүйгээр урагшлах суурь нөхцөл бүрдсэн үү. Хөтөлбөрийн дэмээр хөл дээрээ боссон эдийн засаг хэдэн жилийн мөчлөгтэйгөөр дахин уруудах вэ гэсэн асуулт хүчинтэй хэвээрээ байна. Учир нь бид өнгөрсөн 29 жилийн хугацаанд 1-3 жилийн хугацаатай, ЗУРГААН удаагийн хөтөлбөрт хамрагдсан намтартай. Өдгөө хэрэгжиж буй зургаа дахь хөтөлбөрийн  тухайд 2016 оны сонгуулийн дараа нам хүчнүүд байраа сэлгэж, эдийн засгийн тоон үзүүлэлтүүд дараалан уруудсан нь өмнөх жилүүдийн оновчгүй бодлогуудын уршиг байв.

Хөтөлбөрт хамрагдахын өмнөх жил буюу 2016 онд эдийн засгийн өсөлт 1.2 хувьтай байсан бол 2017 онд 5.3 хувь, 2018 онд 7.2 хувь, харин 2019 оны гуравдугаар улиралд 6.3 хувийн өсөлттэй гарсан.  Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын өр 2016 оныхоос 23.7 хувиар буурч  55.1 хувиар хэмжигдэж байгаа гэхчлэн харван тоон үзүүлэлтүүд эдийн засаг харьцангуй тамир тэнхээтэй байгааг харуулж байна. Гэхдээ эхэнд хэлсэнчлэн хямрах дараагийн “мөчлөг” хэзээ вэ гэдэг асуудал зайлшгүй анхаарал татаж байна. Ер нь бол эдийн засгийн бүтэц нь хумигдмал, орлогын эх үүсвэрийн суваг нь тэлээгүй, орж ирснээ үр ашиггүй байдлаар зарцуулдаг оновчгүй бодлого тогтвортой хэвээрээ байгаа цагт эрсдэл ч тогтвортой хэвээрээ байна л гэсэн үг.

Энэ удаагийн хөтөлбөр дуусахад Монгол Улс өрийн дефольтоос холдсон байхын сацуу төсвийн тогтвортой байдлыг сахисан, мөнгө, ханшийн зохистой бодлого хэрэгжүүлсэн, банкны системээ эрүүлжүүлсэн, урт хугацаандаа эдийн засгийн  тогтвортой өсөлтийг бий болгох суурийг бүрдүүлсэн байна гэж ОУВС тооцож байсан. Тэгвэл Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал энэ зорилтыг хангаж байгаа юу гэж харвал эдийн засагчдын зүгээс лав чамгүй шүүмжийг хэлнэ л дээ.

ОУВС-гийн зүгээс энэ удаа манайд хэрэгжүүлж буй хөтөлбөрөө өөрийнхөө түүхэн дэх хамгийн том хөтөлбөрүүдийн нэг болж байна гэж мэдэгдэж байсан. Түүнчлэн түүхий эдийн үнэ унаж, бодлогын алдаа гаргасны улмаас эдийн засаг зогсонги байдалд орж, гадаад валютын нөөц огцом багасан, өрийн асуудал хүндэрч эхэлсэн байсан үед Өргөтгөсөн санхүүжилтийн  хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр  тохирсон. ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудаас олон улсын дэмжлэг, Хятад, Солонгос, Япон зэрэг улсуудаас хоёр талт дэмжлэгийг татан оролцуулж, нийтдээ 5.5 тэрбум ам. долларын санхүүжилт бүрдүүлж чадсан. Үр дүнтэй хэрэгжихэд улс төрийн бодлого тогтвортой байх нь чухал гэсэн зөвлөмжийг 2018 оны сүүлээр өгч байсан билээ.

Үүнийг ч тэд үйлдлээрээ харуулсан гэж харах үндэслэл бий. Учир нь ийм зөвлөгөөг бидэнд өгсөн тэр үед эрх баригч нам дотооддоо талцан, засаг ганхаж, улс төрд тогтворгүй дүр зураг ноёлж байсан. Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд 2018 онд 850 сая ам.доллар орж ирэх хүлээлттэй байсан ч, 300 гаруй сая ам.доллар орж ирсэн нь 2019 оны нэгдүгээр сард тодорхой болж байсан билээ. Энэ нь нэг талаас арилжааны банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхтэй холбон тайлбарлагддаг ч улс төрийн тогтворгүй байр байдал донор байгууллагуудаас ам.долларын тусламж гэхээсээ бодлогын зөвлөмж олон сонсоход хүргэсэн гэж харахад хүргэж байгаа юм. 

2019 оны сүүлийн хагаст  ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх санхүүжилттэй холбоотой эерэг мэдээ дуулдсан. Дэлхийн банк долоодугаар сард Монгол Улсын бодлогын шинэчлэлийг үргэлжлүүлэн дэмжихээ мэдэгдэн, 100 сая ам.долларын санхүүжилтийг баталсан. Тэгвэл энэ сарын 3, 6-нд Дэлхийн банкнаас  100 сая ам.доллар манай улсад орж ирсэн. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар шилжиж орж ирсэн  байгаа юм. Олон улсын байгууллагуудаас  ямар ч байсан ийм хэмжээний санхүүжилт орж ирж байгаа нь хөтөлбөрийг аль аль талдаа ойлголцолтойгоор дуусгах, цаашлаад хамтран ажиллах суурь чанартай харилцаа болж ойлгогдож байна.

Эдийн засаг унаж, өсөх цикл зах зээлийн жам ёсны үйл явц хэдий ч манай тухайд суурь дархлаа сул учраас дэлхийн зах зээл дээрх үнийн салхи шуурга хийгээд улстөрчдийн бодлогогүй нэг хоёр шийдвэрт л нам цохиулчих гээд байдаг зовлонтой. Энэ эрсдэлийг бууруулах ажил төрд бодлого тодорхойлж, шийдвэр гаргаж буй нөхдөөс шууд хамаарна. Гурван жилийн өмнөхөөс эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан ч 30 жилийн хугацаанд зургаан удаа амь тарианд орсноо санаж сэрэх сэрэмж бидэнд илүүдэхгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top