ОУВС, Дэлхийн банк хоёр хэрхэн ажилладаг вэ?

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 05

1944 онд АНУ-ын Бреттон Вудс хотноо болсон НҮБ-ын мөнгө, санхүүгийн бага хурлаар дэлхийн 44 улс орон Дэлхийн хоёрдугаар дайны дараа дайны хөлд нэрвэгдсэн улс орнуудын эдийн засгийг хэрхэн сэргээх талаар хэлэлцэв. Бага хурлаар алтны стандартын тогтолцооноос валютын хатуу ханшийн тогтолцоонд /Бреттон Вудсын тогтолцоо хожим нь хөвөгч ханшийн Ямайкийн тогтолцоо болж хөгжсөн/ шилжих, Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны санхүүгийн байгууллага болох Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк байгуулах тухай шийдвэр гаргаж байв.

Нийтлэг шинжүүд

Нэгэн зэрэг үүсэн байгуулагдсан Олон улсын валютын сан /ОУВС/, Дэлхийн банк /ДБ/ хоёр өнгөц харахад нэлээд төстэй.

Хоёр байгууллагыг 189 гишүүн орны засгийн газрууд удирдана. Хоёулаа эдийн засгийн асуудлыг шийдэх, гишүүн орнуудын эдийн засгийн хөгжлийн асуудал гол анхаарлаа хандуулдаг.

Эдгээр болон бусад ижил төстэй шинжээс гадна ДБ, ОУВС хоёр ялгаатай. Гол ялгаа нь Дэлхийн банк хөгжлийн байгууллага бол олон улсын валютын сан хамтын ажиллагааны байгууллага.

Тус хоёр байгууллага өөр зорилго, өөр бүтэцтэй ажиллаж, өөр өөр эх үүсвэрээс санхүүждэг, өөр өөр ангиллын гишүүдэд үйлчилдэг, өөр өөрсдийн арга замаар өөр өөрийн зорилгодоо хүрэхээр зорьж буй.

Анх 1947 онд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан ОУВС-гаас хамгийн анх Франц улс зээл авч байжээ. Үүнээс хойш гучин жилийн туршид ОУВС гишүүдийнхээ хүрээг тэлж, 1960-аад онд Африкийн хэд хэдэн улс орон нэгдэн оржээ. Берлиний хана нурах хүртэл буюу 1989 он хүртэл хуучин социалист гэгддэг улс орнууд тус санд нэгдэлгүй иржээ. 1990-ээд онд тус санд ОХУ элсэж, тус сангийн гүйцэтгэх хорооны гишүүн болж байв. Өнөөдөр ОУВС 187 орныг эгнээндээ нэгтгэсэн томоохон санхүүгийн байгууллага болж хөгжжээ. Тус сангийн гүйцэтгэх хороонд 24 гишүүн орны төлөөлөл ордог байна.

Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн Дэлхийн банк эхэн үедээ санхүүжилт дутмаг байсантай холбоотойгоор үйл ажиллагаа удааширсан. 1947 онд Маршаллын төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Европын ихэнх орнууд бусад эх үүсвэрээс тусламж авч эхэлжээ. Хүчтэй өрсөлдөөнтэй тулгарсан ДБ Европын бус улс орнуудад үйл ажиллагаагаа чиглүүлэв. 1968 оныг хүртэл ДБ далайн боомт, хурдны зам, цахилгаан станц зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтад зориулж зээл олгодог байв. 1960 онд хөгжиж буй орнуудад хөнгөлөлттэй зээл олгох зорилго бүхий Олон улсын хөгжлийн ассоциаци байгуулагдсан байна. Дэлхийн банкнаас зээл авсан анхны орон бол мөн Франц улс. 1975-аас 2000 оны хооронд нийт 66 улс орон тус банкнаас зээл авсан байна. Дэлхийн банкны зээлийг хэр үр өгөөжтэй зарцуулсан талаарх судалгаанаас үзвэл 1965-1995 оны хооронд 637 сая ам.долларын зээл авсан Нигери улсад ҮНБ нь 50 гаруй хувиар буурсан байхад мөн хугацаанд зээл авсан Сингапурын ҮНБ жилд 6 гаруй хувиар өсөж байжээ.

Бүтэц, зохион байгуулалт

Дэлхийн банктай харьцуулахад ОУВС 2300 орчим ажилтантай харьцангуй бага байгууллага. ОУВС хэдийгээр Парис, Женев, Нью Йоркт жижиг офистой ч ажилтнуудын ихэнх нь Вашингтонд байрлах төвдөө ажилладаг. Мэргэжлийн баг нь гол төлөв эдийн засагч, санхүүгийн шинжээчдээс бүрддэг байна.

Харин ДБ-ны бүтэц харьцангуй нарийн. Долоон мянга гаруй ажилтантай ДБ дэлхийн даяар 40 орчим офистой. Гэхдээ ажилтнуудынх 95 хувь нь Вашингтон дахь төв байранд нь ажилладаг байна. ДБ-нд эдийн засагч, инженер, газар тариалан, хот төлөвлөлт, тээвэр, боловсрол, эрчим хүч, орон нутгийн хөгжил, хүн ам зүй, эрүүл мэнд, ус хангамж, бохир ус, статистикийн салбарын мэргэжилтнүүд, хуульчид, зээлийн мэргэжилтнүүд, төсөл, харилцаа холбооны инженер зэрэг гайхмаар олон янзын мэргэжилтэй хүн ажилладаг байна.

Зорилго

Дэлхийн банк нь хөгжиж буй орнуудын санхүү, техникийн туслалцааны гол эх үүсвэр. Анхандаа дайны хөлд үрэгдсэн улс орнуудад зээл олгодог байсан ДБ хожим нь ядууралтай тэмцэхэд анхаарлаа хандуулах болсон.

Өнөөдөр тус ДБ групп Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци, Олон улсын санхүүгийн байгууллага, Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлаг болон Хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх олон улсын төв зэргээс бүрддэг.

ОУВС нь олон улсын валют, санхүүгийн тогтолцоо, валютын ханш, олон улсын төлбөр тооцооны тогтвортой байдлыг хангах үүрэгтэй. Тус сан гишүүн орнуудын мөнгө, зээлийн болон валютын бодлогыг хянадаг бөгөөд цэвэр зээл олгодог байгууллага бус юм.

Хэнд, хэрхэн тусалдаг вэ?

ОУВС төлбөрийн балансын алдагдалтай тулгарсан гишүүн орондоо мөнгө олгодог. Өөрөөр хэлбэл, сангийн гол зорилт нь тухайн улс төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд валютын хямралаас урьдчилан сэргийлэх явдал юм.

ДБ нь хөгжиж буй орнуудын томоохон төсөл эсвэл бүхэл бүтэн салбарын бүтцийн шинэчлэлд зориулж голдуу засгийн газар баталгаа гаргасны дагуу бага хүүтэй, хүүгүй зээл эсвэл буцалтгүй тусламжийг олгодог. Түүнчлэн, тус байгууллага ядуу, буурай орнуудад хөгжлийн стратеги асуудлаар зөвлөгөө өгдөг байна.

Хаанаас мөнгө авдаг вэ?

ОУВС-гийн санхүүжилтийн гол эх үүсвэр нь квотын дагуу тогтоосон гишүүнчлэлийн татвар болдог. Эл квотыг тус байгууллагад элсэх үед тогтоодог бөгөөд энэ нь тухайн орны дэлхийн эдийн засагт эзлэх байр суурийг илэрхийлдэг. Энэхүү квотоос тухайн улс орны санал өгөх эрхийн тоо болон тус сангаас авах мөнгөн дүн хамаардаг.

Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банканд элсэхийн тулд тухайн орон эхлээд ОУВС-гийн гишүүн болох ёстой. Өөрөөр хэлбэл, эл хоёр байгууллагын гишүүнчлэл шууд хамааралтай. ДБ-ны санхүүгийн эх үүсвэрийг гишүүн орнуудын татвар /ОУВС-гийн квотоос мөн л хамаарна/, банкны үйл ажиллагаа болон үнэт цаас гаргах замаар бүрдүүлдэг байна.

Хэн удирддаг вэ?

Бичигдээгүй дүрмийн дагуу ДБ-ийг АНУ-ын иргэн удирддаг бол ОУВС-г Европ хүн удирддаг. Энэхүү уламжлалыг энэ оны дөрөвдүгээр сараас ДБ-ыг удирдаж буй Дэвид Малпасс үргэлжлүүлсэн. Харин Францын иргэн Кристин Лагарт огцорсноос хойш ОУВС-г түүний орлогч Дэвид Липтон /АНУ-ын иргэн/ түр томилогдоод байна.

Сөрөг нөлөөлөл

Бреттон Вудсын хоёр байгууллагын нэг болох ДБ судалгаа, сургалт, бодлого боловсруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Шүүмжлэгчид санхүүгийн зохицуулалт, эдийн засгийн хөгжлийн салбарын шинжээчид хэмээн тооцогддог ДБ, ОУВС байр суурь, зөвлөмж хөгжлийн хэтийн төлөвийн өөр хувилбаруудыг үгүй хийж болзошгүй гэж болгоомжилдог.

Хэтийн төлөв

Олон улсын нийгэмлэг ОУВС-гийн санхүүгийн эх үүсвэр нь хэзээ хэзээнээс чухал байсныг, хямрал дуустал чухал хэвээр байхыг хүлээн зөвшөөрсөн. Зээлдэгч улс орнуудын өргөн дэмжлэгтэйгээр ОУВС-гийн зээлдэх чадвар гурав дахин нэмэгдэж, 750 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнийг үр дүнтэй ашиглахын тулд ОУВС зээлийн бодлогоо шинэчлэн, боловсронгуй болгожээ. Тус сан эдийн засгийн хүчтэй бааз, суурьтай, бодлого хэрэгжилтийн сайн түүхтэй орнуудад зориулан зээлийн уян хатан зээлийн шугамыг бий болгоод байна. Бага орлоготой улс орнуудад хандсан янз бүрийн шинэчлэлийг мөн хэрэгжүүлээд байна. Иймээс ОУВС урьд өмнөх шиг квотод хатуу баригдалгүй зээлдэгч орнуудын хэрэгцээнд үндэслэн санхүүжилт олгож байна.

Нөгөө талаар хөгжиж буй орнуудын зүгээс тус хоёр байгууллага, ялангуяа ОУВС хэт барууныг дэмжсэн үйл ажиллагаа явуулж, өгсөн зөвлөмж нь үр дүнгүй, тэдний эрх ашиг болон дэлхийн эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг өсөн нэмэгдэж буй байдлыг авч хэлэлцдэггүй хэмээн хатуу шүүмжлэх болжээ. Энэ байдлыг өөрчлөх шаардлага бий болсныг Хөгжлийн шинэ банк /БРИКС/, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк харуулж байна гэж зарим эдийн засагчид үзэж байна. Дэлхийн тогтсон загвар өөрчлөгдөж буйг ОУВС мөн хүлээн зөвшөөрч байна. ОУВС-гийн удирдлагууд хөгжиж буй орнууд хүчирхэгжихийн хэрээр хөгжингүй эдийн засгуудын дэлхийн үйлдвэрлэлд эзлэх хэмжээ буурч байна гэж онцолсон байдаг. Тиймээс ОУВС-гийн удирдлагын сэлгээ тус байгууллагын удирдлагын асуудлыг шийдэх нэг боломж болох талтайгаас гадна ОУВС-гийн тэргүүнд Европын бус нэр дэвшигчийг сорих цаг нь ирснийг илтгэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top