Хятадын зэсийн эрэлт өнөөдөр буурсан ч маргааш ӨСНӨ

2020 оны 01 сарын 13

Лондоны металлын бирж дээр санал болгож буй тонн зэсийн ханш 6157 ам.доллар байна. Өнгөрсөн сарын 23-ны өдөр буюу 20 хоногийн өмнөхтэй харьцуулахад 1.50 ам.доллароор ханш өсжээ.

Тэгвэл 2019 оны арваннэгдүгээр сард  дэлхийн зах зээл дээр “А” зэрэглэлийн цэвэршүүлсэн зэс 5860 ам.доллар байсантай харьцуулахад улаан металлын ханш өсөлттэй байна. Гэхдээ энэ 2018 оны  арваннэгдүгээр сарынхтай харьцуулахад 5%-иар буурсан үзүүлэлт байсан.

Монгол Улсын тухайд  2019 оны эхний  11  сарын  байдлаар 1292.7 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 18.8 мянган тонноор бага үзүүлэлт юм.  2018 оны эхний 11 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1824.2 сая ам.доллар байсан бол 2019  оны 11 сарын байдлаар 1671.0 сая ам.доллар болсон юм.

Зэсийн нөөцийн хэмжээгээр Монгол Улс дэлхийд 12 дугаарт, зэсийн олборлолтын хэмжээгээр 17 дугаарт, зэсийн хүдрийн экспортоор 5 дугаарт бичигдсэн статистик байна.

ДЭЛХИЙН ЗЭСИЙН ХЭРЭГЛЭЭ

Дэлхийн зэсийн хэрэглээ 23 сая тонн.  80 орчим хувийг нь  Хятад 50%, АНУ 8%, Япон 4% гэхчлэн есөн орны  эрэлт бий болгож байгаа гэсэн статистик бий.  Дэлхийн зэсийн хэрэглээ сүүлийн 50 жилд гурав дахин өссөн бөгөөд нийт хэрэглээний   тэн хагасыг Хятад улс  эзэлдэг дүр зураг хадгалагдсан хэвээрээ байна. Зэсийн ханшийн үнийн төсөөлөл тус улсын эрэлтийн төлөвтэй зайлшгүй холбоотой. Худалдааны маргаантай холбоотойгоор БНХАУ-ын зэсийн эрэлтийг  уруудаж магадгүй гэсэн таамгийг шинжээчид өнгөрсөн оны хоёрдугаар хагаст дэвшүүлж байсан билээ.

Гэхдээ зэсийн зах зээл дэх эрэлтийг нь урт хугацаанд хадгалах асуудлууд Хятадын өмнө байсан хэвээрээ. Тухайлбал:

 

  • Хотжилт
  • Хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэглээ
  • Эрчим хүчний дэд бүтцийн сайжруулалт 
  • Цахилгаан шугам сүлжээ, барилгын салбар, автомашины салбар гэх мэт

Эдгээр салбаруудад  үүсэх зэсийн эрэлт цаашид өндөр хэвээр байна гэдгийг шинжээчид тодотгож байгаа юм. Тэгэхээр дэлхийн зах зээл дэх зэсийн нийт хэрэглээний тэн хагасыг хэрэглэгч Хятад улсын эрэлт улс төр, геополитикийн нөлөөллөөр тодорхой мөчлөгтэйгөөр буурах ч гэлээ нэгэнтээ шаардлагатай  байгаа хэрэглээгээ хязгаарлах нь эдийн засагт нь урт хугацаандаа сайн нөлөө авчрахгүй юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top