Шар хадны чиглэлийн автобусанд нэлээд оройтож суулаа, хүн цөөн, сэлүүхэнд олзуурхан суудал тухлаад явж байтал арын суудал дээрээс нэгэн нөхөр “Та нар сонс” гээд босоод ирлээ. Тэгснээ “Та нар Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, Н.Энхбаяр, С.Баярыг гомдоосон” хэмээн шүлсээ үсчүүлэхээр нь огт чих дэлдийлгэх зүйл ярих нөхөр биш хэмээн ундууцан, тэс өөр зүйл бодохыг хичээлээ. Согтуу хүн бол биш, тэгэхээр сэтгэцийн ямар нэг доголдолтой нөхөр байж болох юм. Гэтэл тэр гэнэт сэдвээ өөрчлөн “Монголын нийгэм, улс төр задарна. Нийгмийг задалж байж эргэн байгуулдаг юм. Энэ ялзарсан улс төр, нийгмийг задалж байж эргэн шинээр байгуулна. Та нар хараарай” гэх нь өөрийн эрхгүй сонирхол татаж, нүдээ бус сонороо сэм тослоо.
Тэрээр цааш “Улс төрийн хоёр том нам, бусад жижиг намуудын хэрүүл тэмцэл, зодоон бол эрх мэдэл, хөрөнгө зоорь булаалдаад ч байгаа юм биш, наад нийгэм чинь задрах гээд байгаа юм, малнууд аа, цаг нь болсон. Манай Ж.Батзандан нам байгуулаад тусдаа гарч байгаа нь ч энийг харуулж байгаа юм. Одоогийн сонгуулийг хараарай. Ямар ч нам ялахгүй. Улс төр, нийгэм задарна. Задарч байж сая арай дээр нийгэм бий болно. Хэдэн жилийн өмнөөс төр, нийгмийн системд халдсан үйл явц өрнөөд байгааг та нар харахгүй байна уу. Ард түмэн Ерөнхийлөгчөөр хаа хамаагүй нэг бөхийг сонгож байгаа нь ч задрал явагдахыг харуулаад байгаа юм. Ирэх сонгуулийн алдаа нь гэвэл шийдвэр гаргах түвшний парламент ч бүрдэхгүй. Ямар ч чадамжгүй парламент бүрдэж, ахиад сонгууль явна, парламент тарна. Манай Н.Энхбаяр энийг аль эрт мэдчихээд улс төрөөс явахгүй зууралдаад байгаа юм. Түүнээс төрийн бүх өндөр албан тушаалд очсон түүнд улс төрийн хэрэг байхгүй” хэмээн хадуурснаар тэр автобуснаас буув.
Цааш энэ тухай бодож суухад “Аливаа нийгмийг шинэчлэхэд системийг задалдаг” хэмээн судлаачид дурдсан нь олонтоо байдаг. Нөгөө талаар улс төрд ч автобуснаас буусан нөхрийн яриа анзаарагдаж байгааг саналаа. Олны олон хүн дотор янз бүрийн л хүмүүс зорчиж байгаа. Тэр тусмаа амьтан хүнд ад шоо үзэгдэн яваа энэ мэт нөхдөд ч тэр. Магадгүй, системын нэг онолч ч байсан юм билүү хэн мэдлээ. Мөн мань эрийн богино лекцэнд анхаарал татаж байгаа олон зүйл байгаагаас нэг зүйл гэвэл “Сонгуулиар ямар ч нам ялахгүй. Парламент тарж, ахиад сонгууль явна” хэмээсэн нь үнэхээр анхаарал татсан юм.
Сэтгэгдэл ( 0 )