ХЭНТИЙ: Хөл хориог цуцалж, бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

Хэнтийн аймгийн Онцгой комисс өргөтгөсөн бүрэлдэхүүнээр өчигдөр /2020.01.28/ орой шуурхай хуралдаж, Чингис хотын зургаан байршилд тогтоогоод байсан хөл хориог цуцаллаа.

Аймгийн нэгдсэн эмнэлэгт нэгдүгээр сарын 27-нд хүргэгдэж очсон 14 настай Н нь эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээ хийлгэж байгаад нас барсантай холбогдуулан коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэх нөхцөл үүссэн учраас сорьц авч, Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү явуулаад байсан юм. Үүнтэй холбоотойгоор аймгийн Нэгдсэн эмнэлэг, талийгаач Н-ийн амьдарч байсан орон сууцны ойр орчимд, Булаг хороололд гэх мэтчилэн зургаан байршилд хоёрдугаар хавьталд байж болзошгүй гэж үзэн хөл хорио тогтоож, Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас 34 албан хаагч, 16 автомашинтайгаар хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэж байсан билээ. 

Гэвч дээрх шинжилгээний сорьцын хариу нь гарч, коронавирус биш томуу өвчний A хүрээний H3N2 болох нь тогтоогдсон байна. Тиймээс хөл хорио тогтоогоод байсан газруудыг цуцалжээ. Харин аймгийн Онцгой комиссоос гаргасан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих шийдвэрийг цуцлаагүй бөгөөд томуу өвчний дэгдэлт улсын дундажтай ижил түвшинд, дэгдэлт ихтэй байгаа учраас цаашид анхаарах хэд хэдэн асуудлыг авч хэрэгжүүлэхээр болжээ.

Үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулж, мэргэжлийн заавар зөвлөмж өгч ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар болон сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top