Монголын алдар хүндтэй, олонд танигдсан хүмүүсийн дийлэнхэд нь нийгэм рүү гээ харсан харц, үг, үйлдлээрээ сайн зүйлд уриалсан манлайлал гэж зүйл бараг харагдахгүй юм. Урлагийнхан хааяа нэг хандивын тоглолтод оролцохыг, өвдөж зовоод тусламж хүссэн зарим нэгэнд мөнгөн хандив өгөхөөс ер нь хэтрэхгүй.
Байгалийн гамшиг тохиоход, өвчин тахал дэгдэхэд, зуд болоход, зун үерийн аюул болоход манай алдартнууд хандив, тусламж өгч гялайлгахгүй юм аа гэхэд ард түмэн, нийгмийг эрүүл ухаанаар асуудалд хандахад нөлөөлөх нэг үг ч амнаасаа унагахгүй юм. Урлаг, спорт, бизнесийн салбараас нэрд гарсан, олонд хүлээн зөвшөөрөгдсөн, зөв итгэл үнэмшилтэй хүмүүсийн цагаа олсон үг нийгэмд хүчтэй нөлөө үзүүлдэг байх нь тэдний хувьд нэг талаараа хариуцлага байдаг.
Оскарын шагналт жүжигчин Леонардо ДиКаприо гэхэд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн байгаль хамгаалах үйлсэд идэвх зүтгэлтэй оролцдог хандлагаараа сая сая шүтэн бишрэгчдэдээ сэтгэл ханамж өгч байдаг. Амазоны ширэнгийн түймрийг унтраахад хандив илгээж байсан Лео саяхан австраличуудад ч тусламжийн гараа сунгаж, 3 сая ам.доллар зориулсан. Энэ үйлдлээрээ тэр маш олон энгийн хүмүүсийн ухамсрыг байгалийн гамшгийн зүг хандуулж, дэлхий ертөнцийг хайрлан хамгаалахыг уриалж байдаг.
Тайзан дээр дуулахаас хэтрэхгүй, кино урлагийг зөвхөн арилжаа талаас нь хардаг, дэлгэц, урлагийн нийгэмд үзүүлдэг “эмч”-ийн онцгой үүргийг мэдэрдэггүй, хэтэрхий хөнгөн сэтгэхүйтэй, магадгүй хувиа хичээсэн олны танил хүн олшрох гэмтэй юм. Өнөөдрийн нөхцөлд гэхэд урлагийнхан хар тамхины хэрэглээ, шалгуулсан, хориулсан одуудаараа Монголын нийгэмд маш муухай жишээ болж байна. Хүмүүс тэднийг үлгэрлэж, тэднээс урам зориг авах байтугай тоглосон киног нь хориглож, дуулсан дууг нь олон нийтэд цацахгүй байхыг шаардаж байна.
Сайн үйл, хүмүүнлэгийн үйлс, улсын асуудал, бүр цаашаа дэлхийн асуудлыг мэдэрч, уриалж, бусад хүмүүст урам өгч байж олны хайр, хүндлэлийг хүлээнэ ээ, Монголын одууд аа. Гэхдээ үнэн үйлдлээр. Манай одууд угаасаа сошл хуудсаараа тулга тойрсон маргаан хөтөлж, гэр бүлийн сайн муугаа дэлгэж, түүнийхээ хуруу дарагчдыг уралдан тоолж, уралцан хэлэлцэж, дэлгүүр хоршоо рекламдсан лайв хийдгийгээ “манлайлал” гэж эндүүрээд завгүй байгаа байх. Өнөөдөр гэхэд коронавирусын халдварын онцгой нөхцөлд ажиллаж байгаа эмч нарт урам өгсөн жин дарах үгс, ийм үед хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлөх хэрэгтэй мэдээллээр нийгмийн өмнө хариуцлагаа хүлээсэн олны танилууд бараг алга шив дээ...
Сэтгэгдэл ( 4 )
Үнэн шүү тэр хар тамхичин залуу ээжийн гарын бууз ч гэхчиг улаанбаатар гурил рекламдаад шал дургуй хүрмээр юмаа
ene xar tamxiny xergiin yalyg ondorsgox xergeteig xaruulj bna
tedend gadaadiin oduud shig hangalttai mungu bdgui shdee,sponsor oloh geel uilee uzdeg um shig bgan,hollivudtei haritsuulaad yah ve de kkk
Manai urlagiin humuus dandaa muug l ulgerledeg.Har tamhind dontoj, zarim n ger buliin togtvortoi hariltsaa baihgui, ger bul uimuulj huuhduudee unchruulj , haragdah baidal l goe gangan baival es zui tui ch hereggui meteer biee avch yavdag uruvdultei ch gehuu emgeneltei ch gehuu