ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 19

Өнөөдөр 2020.02.19. Энэ оны 50 дахь өдөр бол он дуусахад 316 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 53 минутад мандлаа. 18 цаг 19 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -6 хэм, шөнөдөө -17 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Туркменистанд Төрийн далбааны өдөр бол Мексикт Зэвсэгт хүчний өдөр, Арменид Ном бэлэглэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Японы зохиолч, найруулагч Рю Мүраками, Америкийн жүжигчин Жефф Дэниэлс, Английн жүжигчин, продюсер Рэй Уинстон, Их Британийн хунтайж, Йоркийн гүн Эндрю, дуучин, Грэммигийн гурван удаагийн шагналт Сил, Холливудын жүжигчин, Оскарын шагналт Бенисио дель Торо, Италийн хөл бөмбөгч Жанлука Замбротта, Оросын дуучин Витас, Британи, Америкийн жүжигчин, модель Милли Бобби Браун зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1949 оны энэ өдөр Цэргийн явдлын яамыг Улсыг батлан хамгаалах яам хэмээн нэрлэжээ.

2013 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Бүгд найрамдах Өмнөд Судан улсад айлчлах үеэр Румбек мужийн нэгэн дунд сургуулийг Монгол Улсын Төрийн тэргүүний нэрэмжит болгов.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1878 оны энэ өдөр Америкийн зохион бүтээгч Томас Эдисон дуу бичих төхөөрөмжийн патентыг авчээ.

1955 оны энэ өдөр Москва, Берлины хооронд тогтмол төмөр замын холбоо нээгдэв.

2008 оны энэ өдөр Кубын удирдагч Фидель Кастро улс төрөөс явж буйгаа мэдэгджээ.

Энэ өдөр үс засуулбал жаргал үргэлж ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр хулгана, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Энэ өдөр эм, эмнэлгийн үйл, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухах хэрэггүй. Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top