ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

Өнөөдөр 2020.02.21. Энэ оны 52 дахь өдөр бол он дуусахад 314 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 49 минутад мандлаа. 18 цаг 22 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө -11 хэм, шөнөдөө -22 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын эх хэлний өдөр. Бангладешт өнөөдөр Хэлний хөдөлгөөний өдөр бол Өмнөд Африкт Зэвсэгт хүчний, Норвегид V Харальд хааны төрсөн өдөр аж.

Энэ өдөр Оросын жүжигчин, “Амьдрал нулимсанд дургүй” киноны Катягийн дүрээр алдаршсан Вера Алентова, Америкийн жүжигчин, дуучин Женнифер Лав Хьюитт, Францын жүжигчин Мелани Лоран, Канадын жүжигчин Эллен Пейж, Өмнөд Солонгосын дуучин Сон Сынван, Британийн жүжигчин Софи Тёрнер зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас дурдвал:

1930 оны энэ өдөр МАХН-ын VIII Их хурал хуралджээ. 201 төлөөлөгч оролцсон энэхүү их хурлаар улс орны бүтээн байгуулалтын талаарх намын бодлогыг гүнзгийрүүлсэн заалтуудыг өгч, бодлого, шугамын асуудлаар дүгнэлт хийв.

2014 оны энэ өдөр Засгийн газрын хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газрын С.Буяндалайг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Тогтохбаярын Лхагвасүрэнг томилжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1885 оны энэ өдөр Вашингтонд Жорж Вашингтоны хөшөөний нээлт болов.

1935 оны энэ өдөр Москвад ЗСБНХУ-д анх удаагаа олон улсын кино наадам болжээ.

1973 оны энэ өдөр Лаосын иргэний дайн дуусав.

2008 оны энэ өдөр сарны бүтэн хиртэлт болжээ.

Энэ өдөр үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Энэ өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас тавихад таагүй. Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top