Шинэ төрлийн коронавирусний халдвар АНУ-д эрчтэй тархаж байгаа тул Америкийн олон муж спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод байна. Энэ оны хамгийн супер тулаан болох Хабиб Нурмагомедов, Тони Фергюсон хоёрын тулаан явагдах эсэх нь тодорхойгүй болоод байгаа. Тэд дөрөвдүгээр сарын 18-нд Бруклинд болох “UFC 249” тэмцээнд үзэлцэх ёстой ч Нью-Йорк мөн л карантинд орсон билээ. Спорт сонирхогчид төдийгүй тамирчид өөрсдөө ч тэмцээн болох эсэхийг мэдэхгүй байна. Америкт бэлтгэл хийж байсан Хабиб ОХУ-даа харьсан.
Харин энэ үед UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт “UFC 249” тэмцээн явагдах болно гэж мэдэгдлээ.
Yahoo! Sports-д бичсэнээр Дана Уайт “Би тулаан зохин байгуулах газраа олсон. Гэхдээ одоохондоо хэлж болохгүй байна. “UFC 249” тэмцээн бүрэн бүрэлдэхүүнтэйгээр хугацаандаа явагдах нь 99.9 хувь тодорхой болсон. Гэхдээ үзэгчгүй, хаалттай явагдана” гэж хэлсэн байна. Мөн инстаграмдаа хоёр тулаанчийн шог зургийг оруулж, энэ тулааныг заавал зохион байгуулна гэдгээ илэрхийлжээ.
Шинжээчид тэмцээн Арабын ямар нэг оронд болно гэж таамаглаж байгаа бол алдарт тулаанч Даниэль Кормье өвчний аюул багассан Хятадад “UFC 249” тэмцээнийг зохион байгуулахыг хүсжээ.
Сэтгэгдэл ( 0 )