ЭКОЛОГИЙН ЦАГ: "Страто" компани Засгийн газрын 379 дүгээр тогтоолыг ЗӨРЧЖЭЭ

2020 оны 03 сарын 26

ТВ8  телевизийн “ЭКОЛОГИЙН ЦАГ” нэвтрүүлгийн сурвалжлах баг шороон замын нүүрс тээврийн асуудлыг хөндсөн цуврал нэвтрүүлгийг хүргэж байгаа. Энэ хүрээнд говийн гурван  аймгийн найман  сумын 13 багийн нутаг дэвсгэрийг дамнан  хууль бусаар, шороон замаар нүүрсний тээвэр хийж буй компанийн асуудлыг газар дээрээс нь  сурвалжилж, олон нийтэд хүргэсэн билээ. Тэгвэл өчигдөр “ЭКОЛОГИЙН ЦАГ” хэлэлцүүлэгт  БОАЖЯ-ны Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Энхбат, УУХҮ-ийн сайдын зөвлөх М.Дагва, “Хил Хязгааргүй Алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан нар оролцож, үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцлээ.

Сануулахад, шороон замын нүүрс тээвэр хийж, байгаль орчин, хүн, малын амьдрах орчинд халдаж буй компаниудын нэг бол Хятадын 50 хувийн хөрөнгө оруулалттай “Страто” ХХК юм. Тус компани  Тавантолгой ордын нүүрсийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар  багийн нутагт байрлах нүүрс угаах үйлдвэртээ хүргэхийн тулд  Өмнөговь аймгийн Цогтцэций, Дундговь аймгийн Өлзийт, Өндөршил, Гурвансайхан, Баянжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр гэсэн сумдын нутгаар дайран 430 км шороон замаар хүнд даацын машинаар тээвэр хийгээд жил гаруйн нүүрийг үзэж байгаа юм.

Нэвтрүүлгийн сурвалжлах баг нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжлахад нүүрсний тээврээс болж хүн, мал амьдрахад бэрх  тоосжилт  бий болж  байгаа нь баталгаажсан юм. 13-14 эгнээ шороон замаар нүүрс тээвэрлэх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд  амьдрах  Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж байгааг хэлэлцүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Х.Мандахбаяр хэлсэн.

Тэрбээр БОАЖЯ-ны Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Энхбатаас “Та бүхний хараа хяналтаас хаагуур явдаг юм бэ. Шороон замаар нүүрс тээвэрлэх нь байгаль орчинд хохиролтой  гэдгийг мэдсээр байж яагаад  хуулиа зөрчин  энэ компаниудад ийм боломжийг олгоод байна вэ?” гэдгийг  тодруулж асуулаа.

А.Энхбат хэлэхдээ “БОАЖЯ байгаль орчны бодлогыг тодорхойлдог төрийн захиргааны төв байгууллага. Манай яам бодлогоо хэрэгжүүлдэг хөшүүрэг нь  Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон хуулийг дагалдаж гарсан журмууд байдаг. Энэ хүрээнд “Страто” гэж компани баяжуулах үйлдвэрийнхээ БОНБҮ-ний ерөнхий үнэлгээний тайланг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард, нарийвчилсан үнэлгээний тайланг манай яаманд ирүүлээд өнгөрсөн тавдугаар сард батлуулсан. Тайлан боловсруулж, хэлэлцүүлж байх үед   Мэргэжлийн зөвлөлийн гишүүд  энэ тайлан бол зөвхөн баяжуулах үйлдвэрийн тайлан. Замын тайлан   тусдаа орж ирэх юм байна гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид маш ойлгомжтой тодорхой хэлж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 379 дүгээр тогтоолоор уул уурхайн түүхий эдийг зөөвөрлөхөд тусгай зориулалтын замтай байх ёстой. Тусгай зориулалтын зам гэдэг бол энэ тогтоолд зааснаар хатуу хучилттай зам байх ёстой. Үүний маршрутыг  замын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь баталж өгдөг. Тэрэн дээрээ үнэлгээ хийгдээд БОАЖЯ-ын Мэргэжлийн зөвлөлөөр батлагдсаны дараа тэр зам дээр тээвэр явах эрх зүйн үндэс бүрдэх ёстой юм. Яагаад ийм байдалд хүрчихэв ээ гээд ярихаар би эргээд төрийн захиргааны байгууллагуудын чиг үүрэгтэй холбож ярих гээд байна. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэгтэй МХЕГ гэж бий. Мэргэжлийн хяналтын хууль гэж байгаа. Энэ хуулийн дагуу энэ байгууллага үүн дээр чиг үүргийнхээ дагуу хяналт тавиад, хууль зөрчсөн тохиолдолд холбогдох арга хэмжээ аваад явж байх ёстой. Мөн энэ оны эхээр Монгол Улсад анх удаа Экологийн цагдаа гэдэг бүтэцтэй болсон. Бас энэ хууль зөрчсөн асуудал байгаа бол газар нь дээр нь очоод үзээд хууль зөрчсөн бол хариуцлага тооцох ёстой. Иймэрхүү чиг үүрэг, хөшүүрэг үйл ажиллагаанууд бий. Манай яамны хувьд зам дээр тайлан ороод ирэх үед нь оролцох чиг үүрэгтэй. Замын тайлан бол ТЭЗҮ боловсруулагдсан байх ёстой. Дээр нь БОАЖЯ 2015 онд авто зам, төмөр зам дээр зэрлэг ан амьтны гарц, нүхэн гарц байх стандартыг баталчихсан. Үүнийхээ дагуу замынхаа ТЭЗҮ-ийг боловсруулах ёстой. Иймэрхүү зүйлийг тусгасан тайлан манай яаманд ирээд Мэргэжлийн зөвлөлөөр замын тайланг нь хэлэлцээд, батлаад явах ийм чиг үүрэг манай яаманд бий гэлээ.

Үйлдвэрийн БОНБҮ-нд замын асуудал ордоггүй юм уу гэдгийг хөтлөгч тодруулахад “Бид нар компани дээр биш төсөл дээр үнэлгээ хийдэг учраас зам тээврийнх нь төсөл тусдаа орж ирэх юм” гэсэн тайлбарыг А.Энхбат дарга өглөө. Мөн түүнээс “Страто” компанийн Баяжуулах үйлдвэр БОНБҮ батлуулахдаа  хаанаас нүүрсээ авна гэж тусгасан юм бэ гэдгийг асуухад “Алагтолгой, Тавантолгойгоос нүүрс татна, угааж баяжуулна  гэж ТЭЗҮ дээр байж байгаа. Тийм учраас замын тайлан тусдаа байна гэсэн асуудлыг бид ярьж байсан” гэж тэрбээр хэлсэн юм.

Замынх нь асуудал шийдээгүй байхад үйлдвэрийг нь нээчихээр тэр хүмүүс шороон замаар нүүрс тээвэрлэх анхны үүд хаалгыг БОАЖЯ өөрөө нээсэн байна гэж дүгнэлтийг сэтгүүлчийн зүгээс хийж буйгаа Х.Мандахбаяр хэлж байлаа.

Харин БОАЖЯ-ны төлөөлөл үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Аж ахуйн нэгж өөрийнхөө төслийг оруулж ирж байхад заавал замтай хамт орж ирэх ёстой гэсэн шаардлага тавих  хууль эрх зүйн зохицуулалт, чиг үүрэг байхгүй гэв.

Мөн А.Энхбат дарга “Страто” компани 430 км шороон замаар нүүрс тээвэрлэж байгааг мэдэхгүй, газар дээр нь очоогүй  гэсэн хариултыг өгсөн юм. Тус компани шороон замаар нүүрс тээвэрлэж байгаа тухай асуудал жил гаруйн хугацаанд яригдаж байхад БОАЖЯ-ны зүгээс ийм байр суурийг илэрхийлж байна.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын зөвлөх М.Дагваас энэ үйлдвэрийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд эхэлсэн гэж та үзэж байгаа юу гэж асуухад “Уурхай, уурхайг дагасан үйлдвэрүүдтэй холбоотой ТЭЗҮ-үүдийг хүлээж авч, хэлэлцэж, шийдвэр гаргадаг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл УУХҮЯ-нд ажиллаж байдаг. Энд яригдаж байгаа нүүрс угааж, баяжуулах үйлдвэрийн тухайд бол ТЭЗҮ-ээ Эрдэс баялгийн зөвлөлд хүргүүлээд, хэлэлцүүлээд, тэрнийхээ дагуу үйл ажиллагаагаа эхлүүлсэн үйлдвэр”  гэсэн юм.

Хөтлөгч түүнээс “Замын асуудлыг нь яаж тооцсон юм бэ. 430 км шороон замаар нүүрс тээвэрлэнэ гэдгийг та бүхэн мэдэж байсан уу" гэж  тодруулахад “ТЭЗҮ-ийг хэлэлцсэн үйл явцтай би энэ асуудалтай холбоотойгоор сая танилцсан. Энэ үйлдвэрийн хувьд нэг онцлог байна. Уул уурхайн ашиглалт явуулах лицензтэй, ордтой компаниуд өөр дээрээ үйлдвэр барих асуудал байна. “Страто” компанийн нүүрс баяжуулах үйлдвэрийн тухайд энэ компанид өөрт нь нүүрсний орд байхгүй байна шүү дээ. Дэд бүтцийн зангилаан дээр тулгуурлаад үйлдвэр барьж байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл энэ үйлдвэрийн ТЭЗҮ-тэй танилцахад  Шивээ-Овоотой ойр байгаа Алагтолгойн нүүрсний ордоос нүүрсийг нь авч баяжуулах гэж байгаа гэж танилцуулсан байна. Мөн ТЭЗҮ дотор нь Могойн голын уурхай болон Тавантолгойн уурхайгаас нүүрс аваад, угааж, баяжуулах боломжтой гэдэг зүйлтэй. Гэхдээ үндсэндээ бол Алагтолгойгоос нүүрс авнаа гэсэн байна. Үүний баталгаа нь хаа байна гэсэн асуулт Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл дээр тавигдахад Алагтолгой дээр үйл ажиллагаа явуулдаг хоёр компаниас үйлдвэр баригдсан тохиолдолд нүүрс нийлүүлнэ гэсэн Санамж бичиг, тохироотой гэж танилцуулаад, холбогдох бичиг баримтуудаа танилцуулсан байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл бол энэ үйлдвэрийн ямар техник технологи, бодис материал ашиглах гэж байгаа юм. Ямар цех хэсгүүдтэй юм гэх мэт талаас нь үзэж хараад Баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг нь хүлээж авсан байна. Тухайн ТЭЗҮ дээр бол манай Тавантолгой ордоос нүүрс авахад зориулж энэ үйлдвэрийг барьсан гэдэг асуудал тавиагүй. Тавантолгой ордоос нүүрс аваад баяжуулах боломж бий гэдэг  байдлаар тусгасан ТЭЗҮ юм билээ” гэсэн мэдээллийг М.Дагва өгсөн юм. Мөн тэрбээр тээвэрлэлт талын асуудал дээр зам тээвэртэй холбоотой Мэргэжлийн хяналтын хяналт шалгалт тавигдах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

Хэлэлцүүлгийн бодлогын зочин “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн  Н.Баярсайхан хэлэхдээ “Энэ компанийн нүүрсний тээврээс болж дөрвөн аймгийн найман сумын иргэд хэцүү байдалд байна. Шивээ-Говь суманд гэхэд нөхцөл байдал өнгөрсөн жилээс илүү хүндэрсэн байна.  Мал аж ахуй эрхлэх боломжийг хязгаарлаж байна. Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх зам ямар байлаа. Яг л тэр түүх давтагдаж байгаа” гэлээ. Мөн тэрбээр  “Страто” компанид тээвэр хийх эрхийг захиргааны актуудаар л олгосон. “Страто” ХХК хууль бус тээвэрлэлт явуулсан нь Засгийн газрын 2018 оны 379 дүгээр тогтоолыг зөрчсөн.  ЗТХЯ  “Страто” ХХК-ийн маршрутыг улсын чанартай автозамын ангилалд багтаахдаа орон нутгийн саналыг хэрэгсээгүй болохыг онцолсон юм.

 

ЗАСГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ 379 ДҮГЭЭР ТОГТООЛ 

БИЧЛЭГ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.9.145.43) 2020 оны 03 сарын 26

Zasmal Zamia taviad nuursee achttal ni yamar ch teever hiilgehgui, nuurs uhuulahgui baih yostoi. Bur negmusun haasan ch yaadag yum.

0  |  0
Zochin(86.9.145.43) 2020 оны 03 сарын 26

Zasmal Zamia taviad nuursee achttal ni yamar ch teever hiilgehgui, nuurs uhuulahgui baih yostoi. Bur negmusun haasan ch yaadag yum.

0  |  0
Zochin(86.9.145.43) 2020 оны 03 сарын 26

Zasmal Zamia taviad nuursee achttal ni yamar ch teever hiilgehgui, nuurs uhuulahgui baih yostoi. Bur negmusun haasan ch yaadag yum.

0  |  0
Zochin(86.9.145.43) 2020 оны 03 сарын 26

Zasmal Zamia taviad nuursee achttal ni yamar ch teever hiilgehgui, nuurs uhuulahgui baih yostoi. Bur negmusun haasan ch yaadag yum.

0  |  0
Zochin(86.9.145.43) 2020 оны 03 сарын 26

Zasmal Zamia taviad nuursee achttal ni yamar ch teever hiilgehgui, nuurs uhuulahgui baih yostoi. Bur negmusun haasan ch yaadag yum.

0  |  0
Zochin(86.9.145.43) 2020 оны 03 сарын 26

Zasmal Zamia taviad nuursee achttal ni yamar ch teever hiilgehgui, nuurs uhuulahgui baih yostoi. Bur negmusun haasan ch yaadag yum.

0  |  0
Zochin(86.9.145.43) 2020 оны 03 сарын 26

Zasmal Zamia taviad nuursee achttal ni yamar ch teever hiilgehgui, nuurs uhuulahgui baih yostoi. Bur negmusun haasan ch yaadag yum.

0  |  0
Aa(202.126.88.164) 2020 оны 03 сарын 26

Малчид гэж нэг хэсэг хувиа бодсон хүмүүс байна даа. Нийгмийн хамгийн шуналтай хэсэг нь малчид, улс төрчид. Тэд бүхнийг үнэгүй авдаг.

0  |  0
luibarchin(103.57.93.193) 2020 оны 03 сарын 26

zam barital ni vil ajilgaag ni haaj horiy...

0  |  0
иргэн(202.9.47.20) 2020 оны 03 сарын 26

Говийн эмзэг хөрсийг эвдэж олон зам гаргасан бол хариуцлага хүлээж тэр замаа нөхөн сэргээх ёстой шүү дээ. Зүгээр орхиж болохгүй. Энэ нь бусдад муу жишиг болно шүү.

0  |  0
Top