Ховдын ахмад хилчид “БИД ХАМТДАА” аян өрнүүлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 21

Хилийн 0130 дугаар ангиас цэргийн тэтгэвэрт гарсан ахмад хилчид “Бид хамтдаа” аяныг зохион байгуулсан байна. Тус аяныг бэлтгэл хурандаа Ч.Алтангэрэл санаачилсан бөгөөд Хилийн 0130 дугаар ангиас тэтгэвэртээ гарсан нийт 47 гэр бүлийн 73 ахмад хилчин оролцож, хандив өргөжээ. Аянд аймаг, сум орон нутагт төдийгүй хилийн чанадад амьдарч байгаа ахмад хилчдийн төлөөлөл хамрагдсан бөгөөд нийт 2.000.050 төгрөгийг цуглуулсан байна. Дэлхийг нөмөрсөн цар тахлын эсрэг тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэж байгаа хилчдийнхээ бат найдвартай ар тал нь байж, аюулыг гэтлэн давахад ахмад хилчид бид хамтдаа шүү гэдгийг ахмад хилчид тус аянаар илэрхийлжээ гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ. 

Ахмад хилчдийг төлөөлөн Хилийн 0130 дугаар ангийн Улаанбаатар хот дахь ахмадын хорооны дарга, бэлтгэл дэд хурандаа Ш.Сүхбаатар, бэлтгэл хурандаа Ч.Алтангэрэл, бэлтгэл хошууч Ц.Энхтуяа нар Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Энхтөрд ахмад хилчдийнхээ чин сэтгэл шингэсэн мөнгөн дэмжлэгийг амны хаалтын хамт гардуулан өглөө.

Хилийн 0130 дугаар ангиас тэтгэвэрт гарсан 80-аад ахмад хилчин Хил хамгаалах байгууллагын Ахмадын холбоонд бүртгэлтэй байдаг аж. Энэ үеэр хилийн ангиудаас цэргийн тэтгэвэрт гарсан ахмад хилчдийг энэхүү аянд нэгдэхийг тэд уриалсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top